Тавдугаар сарын 14-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын их хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй өөрчлөлт хурдацтай өрнөж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ үед Хятад, Америк хоёр “Фукидидийн урхи”-г даван туулж, их гүрнүүдийн харилцааны шинэ загварыг бий болгож чадах эсэх, дэлхий нийтийн сорилтуудыг хамтдаа даван туулж, дэлхийд илүү тогтвортой байдал авчирч чадах эсэх, хоёр орны ард түмний сайн сайхан болон хүн төрөлхтний ирээдүйг харгалзан хоёр улсын харилцааны илүү сайн ирээдүйг хамтдаа бүтээж чадах эсэх нь түүх, дэлхий, ард түмний өмнө тавигдсан асуулт бөгөөд их гүрнүүдийн удирдагчдын хамтдаа бичих ёстой цаг үеийн хариулт мөн гэв.
Тэрээр өөрөө Трамп ерөнхийлөгчтэй хамтран Хятад–Америкийн харилцааны “том хөлөг онгоц”-ыг зөв чиглүүлж, 2026 оныг хоёр орны харилцааны түүхэн, бэлгэдлийн чанартай шинэ эхлэл болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ши Жиньпин мөн Хятадын тал Хятад–Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд анхаарч байгаагаа тэмдэглээд, хоёр тал “Хятад–Америкийн стратегийн бүтээлч тогтвортой харилцаа”-г хоёр орны харилцааны шинэ байр суурь болгохоор санал нэгдсэн нь ирэх гурван жил болон түүнээс цааших хугацаанд стратегийн чиглэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа гэв.
Тэрээр “стратегийн бүтээлч тогтвортой байдал” гэдэг нь хамтын ажиллагаанд суурилсан эерэг тогтвортой байдал, өрсөлдөөнийг зохистой түвшинд барьсан эрүүл тогтвортой байдал, санал зөрөлдөөнийг хяналттай байлгасан хэвийн тогтвортой байдал, энх тайвныг хадгалсан урт хугацааны тогтвортой байдал байх ёстойг онцоллоо.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад–Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай хамтын ажиллагаа бөгөөд санал зөрөлдөөн, маргаантай асуудлыг тэгш эрхтэй зөвшилцлөөр шийдвэрлэх нь цорын ганц зөв сонголт гэжээ.
Тэрээр өчигдөр хоёр улсын эдийн засаг, худалдааны багууд ерөнхийдөө тэнцвэртэй, эерэг үр дүнд хүрсэн нь хоёр орны ард иргэд болон дэлхий дахинд сайн мэдээ болсныг онцолж, өнөөгийн эерэг хандлагыг хамтдаа хамгаалах шаардлагатайг тэмдэглэлээ.
Ши Жиньпин Хятад улсын нээлттэй бодлого улам өргөжинө гэдгийг онцлоод, Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадын шинэчлэл, нээлттэй бодлогод гүн оролцож байгааг сайшаан, Америкийн талтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг Хятадын тал дэмжинэ гэв.
Тэрээр хоёр тал улс төр, дипломат болон цэргийн харилцааны сувгийг үр дүнтэй ашиглаж, худалдаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүмүүнлэг, хууль сахиулах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстойг онцоллоо.
Ши Жиньпин Тайванийн асуудал нь Хятад–Америкийн харилцаан дахь хамгийн чухал асуудал гэдгийг тэмдэглээд, энэ асуудлыг зөв зохицуулж чадвал хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой байна, харин буруу зохицуулбал мөргөлдөөнд хүрч, хоёр орны харилцааг аюултай байдалд хүргэнэ гэж анхаарууллаа.
Тэрээр “Тайваний тусгаар тогтнол” болон Тайваний хоолойн энх тайван нь үл зохицох зүйл бөгөөд Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь Хятад, Америкийн хамгийн том нийтлэг ашиг сонирхол гэдгийг онцолж, Америкийн талаас Тайваний асуудалд маш болгоомжтой хандахыг хүсэв.
Трамп Хятадад төрийн айлчлал хийж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, Америк–Хятадын харилцаа сайн байгаа бөгөөд өөрөө Ши Жиньпинтэй Америк–Хятадын төрийн тэргүүнүүдийн түүхэн дэх хамгийн удаан, хамгийн сайн харилцааг тогтоосон гэжээ.
Тэрээр Ши Жиньпинийг агуу удирдагч, Хятад улсыг агуу улс хэмээн үнэлж, Хятадын ард түмнийг гүнээ хүндэтгэдгээ илэрхийллээ.
Трамп мөн өнөөдрийн уулзалт нь дэлхий нийтийн анхаарлыг татсан чухал уулзалт болсон гэж тэмдэглээд, Ши Жиньпинтэй хамтран харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохистой шийдвэрлэн, Америк–Хятадын харилцааг түүхэн дэх хамгийн сайн түвшинд хүргэж, хоёр орны илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Тэрээр Америк, Хятад бол дэлхийн хамгийн чухал, хамгийн хүчирхэг улсууд бөгөөд хамтын ажиллагаагаар хоёр орон төдийгүй дэлхийд олон сайн зүйл хийж чадна гэдгийг онцоллоо.
Мөн энэ удаагийн айлчлалдаа Америкийн бизнесийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчдийг дагуулан ирсэн бөгөөд тэд бүгд Хятадыг хүндэтгэж, хамтын ажиллагааг чухалчилж байгааг тэмдэглэн, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн Ойрх Дорнодын нөхцөл байдал, Украины хямрал, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал солилцсон байна.
Мөн хоёр тал энэ жилийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалт болон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг харилцан дэмжиж, амжилттай зохион байгуулахаар санал нэгджээ.
Хэлэлцээний үеэр Трамп дагалдан ирсэн бизнес эрхлэгчдийг Ши Жиньпинд нэг бүрчлэн танилцуулсан байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Хятадын Ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн Монголд ямар эрсдэлтэй вэ? Геополитикийн аюулгүй байдлыг бид ихэвчлэн танк, пуужин зэрэг цэргийн хүчээр төсөөлдөг. Гэвч орчин үед хамгийн том бүтцийн өөрчлөлтүүд эдийн засгийн шахалтад орсон иргэдийн их нүүдлээр дамжин чимээгүйхэн явагддаг. Хятадын ажилгүй, тогтмол орлогогүй иргэдийн асар том урсгал Монгол руу чиглэвэл юу болох вэ? Энэхүү хувилбарыг бодит өгөгдөл болон эдийн засгийн логик дээр тулгуурлан шинжье. 1. Тоо баримтын цаана: "Бүртгэлгүй шилжин суугчид" Хятадын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр жирийн иргэд хамгийн ихээр хохирч байна. Албан ёсны статистик бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй байгааг хөндлөнгийн шинжээчид анхааруулсаар байна: Залуучуудын ажилгүйдлийн "тэсрэлт": Бээжингийн их сургуулийн эдийн засагчдын тооцооллоор, нийгмээс өөрийгөө тусгаарласан ("Tangping" буюу идэвхгүй амьдралыг сонгогчид) залуусыг оруулаад тооцвол бодит ажилгүйдэл 46.5%-д хүрсэн байх магадлалтай.
Хятадын Орох оронгүй болсон ажилчид: Хятадад 290 сая орчим түр оршин суугч ажилчид (migrant workers) бий. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт тэднийг ажлын байргүй болгосноор олон сая хүн нийгмийн хамгийн эмзэг давхарга руу шилжиж, интернэт кафе, түр хоргодох байраар хоног төөрүүлж байна. 2. Сценари: Хил давах эдийн засгийн дүрвэгсэд. Дотоодын эдийн засаг хумигдаж, нийгмийн халамжийн систем ачааллаа дийлэхээ боливол хүмүүс амьд үлдэх гарцыг хилийн гаднаас хайж эхэлнэ. Уул уурхайн "соронз": Монголын өмнөд бүс дэх уул уурхайн томоохон төслүүд болон дэд бүтцийн бүтээн байгуулалт нь амьдрах аргаа барсан хүмүүст "баянбүрд" мэт харагдана. Хяналт сул хилийн зурвас: 4,700 гаруй км үргэлжлэх урт хилийн дагуу албан болон албан бус шугамаар орж ирэх хямд ажиллах хүчний урсгал эрс нэмэгдэх эрсдэлтэй. Энэ бол зэвсэгт халдлага биш, харин эдийн засгийн дүрвэгсдийн тасралтгүй урсгал байх юм.
3. Монголд үзүүлэх нийгэм, эдийн засгийн шок. Энэхүү хүн ам зүйн халилт (demographic spillover) нь манай нийгэмд дараах шууд нөлөөг үзүүлнэ: Хөдөлмөрийн зах зээлийн үнэгүйдэл: Ямар ч нөхцөлд, бага цалингаар ажиллахад бэлэн асар олон хүн орж ирснээр дотоодын ажилчдын цалингийн үнэлгээ унаж, ажлын байрны өрсөлдөөн ширүүснэ. Дэд бүтэц, төрийн үйлчилгээний ачаалал: Хилийн бүс болон Улаанбаатар хотын ачаалал хэтэрч, эрүүл мэнд, цагдаа, халамжийн системүүд бүрэн гацаанд орно. Далд эдийн засаг ба гэмт хэрэг: Татвар төлдөггүй, бэлэн мөнгөөр эргэлддэг далд зах зээл цэцэглэж, энэ нь нийгмийн эмх замбараагүй байдал, гэмт хэргийн гаралт нэмэгдэх суурь болно. Үндэсний аюулгүй байдлын бодлогод зөвхөн хил хязгаараа хамгаалах бус, хөрш орны хүн ам зүйн хямралаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг тооцоолох асуудал дээгүүр тавигдсан байх учиртай. Энэ бол уран сэтгэмж биш, харин эдийн засгийн дата дээр суурилсан стратегийн бодит эрсдэл юм.