“Украины хямрал: Асуудлыг зохицуулах хэтийн төлөв ба Евразийн хэмжээс” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо болов.
Энэхүү арга хэмжээг Евразийн стратеги судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд Монголын аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлийн төр засгийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл, мөн Монгол Улсад суугаа ОХУ, Беларусь, Киргиз улсын Элчин сайд нар, БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянцогтоо үг хэлэв. Тэрээр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөж буй геополитикийн өөрчлөлт, Украины хямрал зэрэг томоохон үйл явдлуудыг бодитой судалж, олон өнцгөөс дүн шинжилгээ хийх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг онцлов.
Монгол дахь ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэндчилгээ дэвшүүлж, Монгол-Оросын уламжлалт харилцаа, хоёр улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцолж байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хамтын нөхөрлөлийн орнуудын 2-р газрын дарга А.Полищук тавьж, Украины хямралын үүсэл, өрнөл, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зохицуулалттай холбоотой асуудлаарх ОХУ-ын албан ёсны байр суурийг танилцууллаа.
Тэрээр Украины хямрал нь ердөө 2022 онд эхэлсэн үйл явдал бус бөгөөд 2004 оны “Улбар шар хувьсгал”, 2014 оны Киевд болсон төрийн эргэлтээс хойш хуримтлагдсан улс төр, геополитикийн зөрчлүүдийн үр дүн гэдгийг тайлбарлав.
Мөн 2014 оны үйл явдлын дараа Украины төрийн бодлогод орос хэл, соёл, үнэн алдартны шашны сүмийн эсрэг чиглэсэн хандлага хүчтэй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
А.Полищук: Минскийн хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх боломж байсан боловч уг үйл явц тодорхой шалтгааны улмаас амжилтад хүрээгүй бөгөөд НАТО-гийн зүгээс Украиныг цэрэг, аюулгүй байдлын бүтцэд улам ойртуулсан нь Оросын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл үүсгэсэн болохыг тайлбарлав.
2022 оноос хойш НАТО болон Европын холбооны улсууд Украиныг өргөн хүрээнд цэрэгжүүлж, зэвсэг, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирлээ. Гэсэн хэдий ч энэ нь Украины зэвсэгт хүчинд шийдвэрлэх давуу тал олгоогүй бөгөөд мөргөлдөөнийг улам сунжруулж, хүний болон эдийн засгийн хохирлыг нэмэгдүүлж байна гэж тэр мэдэгдэв. А.Полищукийн танилцуулсан мэдээллээр барууны орнууд 2022-2025 оны хооронд Украинд нийтдээ 343 тэрбум орчим еврогоор хэмжигдэх тусламж үзүүлжээ.
ОХУ мөргөлдөөнийг улс төр, дипломатын аргаар зохицуулахад бэлэн хэвээр байгаа гэж тэрээр онцолсон юм. Түүний хэлснээр урт хугацааны тогтвортой шийдэлд хүрэхийн тулд Украины төвийг сахисан статус, аюулгүй байдлын асуудлаарх Оросын санаа зовнилыг харгалзан үзэх, орос хэлт иргэдийн эрхийг хамгаалах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж Москва үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянцогтоо “Украины хямрал ба Монголын стратегийн нөхцөл”, доктор С.Энхцэцэг “Украины хямрал ба үзэл сурталжсан мэдээллийн манипуляци эрчимжсэн нь” сэдвээр тус тус илтгэл тавив.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун, ахмад дипломатчид, аюулгүй байдал судлалын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Үндсэн илтгэлүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид Украины хямралын цаашдын төлөв, Евразийн аюулгүй байдал, олон төвт дэлхийн дэг журам төлөвших үйл явц, Монгол Улсын гадаад бодлогын орчин зэрэг асуудлаар санал солилцов.
Хэлэлцүүлгийг дүгнэж дипломат Л.Эрдэнэчулуун үг хэлэхдээ олон улсын харилцааны өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг бодитой судлах, хөрш орнууд болон бүс нутгийн үйл явцыг гүнзгий ойлгох нь Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Мөн тэрээр 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дэвшүүлсэн санал болох Евразийн аюулгүй байдлын шинэ архитектурыг бүтээж бий болгох нь онцгой ач холбогдолтой сэдэв мөн бөгөөд үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө Евразийн улс орнууд тууштай хүчин чармайлт гаргаж идэвхтэй хамтран ажиллах нь чухал байна гэв.
Тус арга хэмжээ нь Украины хямрал, Евразийн аюулгүй байдлын асуудлыг ОХУ-ын албан ёсны байр суурь болон Монголын судлаачдын дүгнэлттэй хамтатган хэлэлцсэн чухал эрдэм шинжилгээ, судалгааны талбар болов.
Евразийн стратеги судлалын хүрээлэн
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
FASHIST OROSUUDTAI NIILEED YAVJ UGSUN BNA AA KKK . HARSAAR BAITAL ALUURCHID SHUU OROSUUD . UKRAIN ZUVHUN UURIIN SONGOSON ZAMAAR L YAVAH ESTOI OROSUUDAD TUI CH HAMAAGUI FUCK YOU RUSSIAN GJ HELII DEE