"Туулын хурдны зам" төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай ч шалгагдаж, улмаар гэм буруутай байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул яллагдагчаар татагдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар яагаад Хятадын компанид яаравчлан 500 тэрбумыг шилжүүлэх болов? гэдэг асуулт ихээхэн анхаарал татаж буй юм. Тэгвэл нэгэн хачирхалтай баримт өчигдөр ил болов.
Туулын хурдны зам төслийн урьдчилгаанд ямар ч барьцаагүйгээр, хуурамч бичиг баримтад үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар УИХ-ын зарим гишүүд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-д албан бичиг явуулсны дагуу дээрх газрууд хариу ирүүлжээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: "Санхүүгийн Зохицуулах Хороонд “Туулын хурдны зам” төслийн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь эрхзүйн чадамжтай эсэх талаар явуулсан асуулгын маань хариу ирлээ. Уг хариу албан бичигт дурдсанаар тус даатгалын баталгаа гаргагч Мөнх Даатгал ХХК нь 500 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа гаргах боломжгүй, захиалагч талаас уг баталгааны төлбөрийн чадамжтай эсэх талаар СЗХ-оос лавлагаа авч байгаагүй талаар дурджээ." гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Санхүү зохицуулах хороо болон Төв банкнаас ирүүлсэн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилттэй холбоотой тайлбар нь энэ асуудал зарчмын төдийгүй хуулийн маш ноцтой зөрчил болохыг харуулж байна. Монголбанк болон Санхүү зохицуулах хорооны албан бичигт дурдсанаар, банкны баталгааг үндэслээгүй, хуурамч бичиг баримт ашиглан урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь тодорхой болжээ.
Хуурамч бичиг баримт үйлдэх нь өөрөө бие даасан гэмт хэрэг бөгөөд үүн дээр суурилж их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь дахин нэг ноцтой хэрэг юм.Түүнчлэн зам, гүүр барих туршлагагүй компанид тендер олгож, хууль зөрчин 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчил, магадгүй авлига, "цавчаа" байгааг илтгэж байна.
Заавал тухайн компанид мөнгө шилжүүлэх шаардлага үүссэн байгаа нь өөрөө маш их сэжиг төрүүлж байгаа тул үүнийг нарийвчлан шалгах ёстой.
Монголбанк энэхүү асуудлыг гэмт хэргийн шинжтэй, авлига албан тушаалын хэрэг гэж үзэн Авлигатай тэмцэх газарт (АТГ) шилжүүлсэн байна. Иймд АТГ ажлаа шуурхайлах шаардлагатай байна. " гэсэн юм.
Ийнхүү Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч гэх Хятадын компани руу яаран шилжүүлсэн 500 тэрбум төгрөг хууль бус болох нь тодорхой болж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал нэгэнт үүссэн болохыг хуулийн байгууллага дахь эх сурвалжууд өгүүлж буй юм.
Б.Намуун
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл0