sonin.mn

Монгол Улс өнөөдөр эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, геополитикийн ээдрээтэй нөхцөлд үндэсний эрх ашгаа хамгаалах, инфляцийг бууруулах зэрэг олон сорилттой тулгарч байна. Ийм цаг үед улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн нөөц бол мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс юм. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан билээ.


Түүнийг хүмүүс янз бүрээр л дүгнэдэг. Зарим нь бодлогын шинэчлэгч гэж хардаг бол зарим нь бүр илт дургүй байх нь ч бий.


Гэвч аливаа хүнийг зөвхөн туйлширсан улс төрийн өнцгөөс бус, улс оронд оруулсан хувь нэмэр, хуримтлуулсан мэдлэг, туршлагынх нь хэмжүүрээр үнэлэх нь илүү бодитой хандлага юм.

М.Энхсайхан зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж байсан хүндхэн үед буюу 1996-1998 онд Ерөнхий сайдаар ажиллаж, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг манлайлсан хийсэн хүмүүсийн нэг. Тэрээр төрийн захиргаа, эдийн засаг, олон улсын харилцаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулж, алдаж оносон бөгөөд энэ нь өнөөдрийн Монголд маш үнэ цэнтэй.


Ялангуяа уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг стратегийн салбарын томоохон төслүүдийн талаар түүний байр суурь, судалгаа шинжилгээ олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Улс орны ирээдүйтэй холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргахдаа ийм туршлагатай хүмүүсийн санаа бодлыг сонсож, мэргэжлийн түвшинд хэлэлцдэг байх нь ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл юм.

Харамсалтай нь Монголд улс төрийн өрсөлдөөнөөс болж тодорхой хүмүүсийн мэдлэг, туршлагыг үл ойшоох, эсвэл намын харьяаллаар нь дүгнэх хандлага түгээмэл байдаг. Үүний улмаас олон жилийн хөдөлмөрөөр бий болсон оюуны капитал үр ашиггүй өнгөрөх тохиолдол цөөнгүй. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг бодлогын зөвлөх, шинжээч, судлаачийн түвшинд үргэлжлүүлэн ажиллуулж, улс орны хөгжилд ашигладаг.


Монгол Улс ч энэ жишгийг хэрэгжүүлэх цаг болсон. Өмнө нь улс төрийн ямар байр суурьтай байсан, ямар намд харьяалагддаг байсан нь бус, тухайн хүн ямар мэдлэг, чадвар, туршлагатай вэ гэдэг нь чухал байх ёстой. Улс орны эрх ашиг намын эрх ашгаас дээгүүр тавигдах учиртай.


Өнөөдөр Монголд туршлагатай боловсон хүчний хэрэгцээ урьд урьдынхаас илүү нэмэгдэж байна. Ийм нөхцөлд М.Энхсайхан зэрэг улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны арвин туршлагатай хүмүүсийн мэдлэгийг бодлого боловсруулах, үндэсний хэмжээний төслүүдийг үнэлэх, залуу үеийг сургаж бэлтгэх зэрэг чиглэлээр ашиглах нь зөв алхам болох юм.

Улс орон хүн бүрийн үзэл бодлыг дагах албагүй. Харин мэдлэг, туршлагыг нь үнэлж, хэрэгтэй үед нь ашиглаж чаддаг байх ёстой. Энэ зарчим хэрэгжиж чадвал Монгол Улс зөвхөн байгалийн баялгаараа бус, хүний оюуны нөөцөөрөө ч хүчирхэгжинэ. Тиймээс М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай гэх нь хувь хүнийг биш, харин үндэсний хөгжлийн эрх ашгийг бодсон хүсэл юм.



Б.Балжир