КИЕВ, 2026 оны зургаадугаар сарын 5 /DW/. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын удирдагч В.Путинд уулзах санал тавьжээ. "Уулзалтын товыг товлохыг би санал болгож байна" гэж тэрбээр ОХУ-ыг Украинд хийж буй дайнаа зогсоохыг уриалсан нээлттэй захидалд дурджээ. Уг захидал түүний албан ёсны цахим хуудсанд пүрэв гарагт нийтлэгдсэн байна.
Дайн ба энх тайвны асуудлыг шийдвэрлэхийн тулд удирдагчдыг уламжлал ёсоор хүлээн авдаг улс орнууд байдаг гэдгийг Украины төрийн тэргүүн онцолсон байна. "Швейцар, Турк, Арабын ертөнцийн орнууд гээд энэ уулзалтыг зохион байгуулах боломжтой, хүсэлтэй олон улс бий.
Гол асуудлуудыг төрийн тэргүүн нар өөрсдөө шийддэг. Урьд нь ч тийм байсан, цаашид ч тийм байх болно" хэмээн тэрбээр онцолжээ. В.Зеленский мөн хоёр талын хэлэлцээний явцад нөхцөл байдалд бодитойгоор нөлөөлж, аюулгүй байдлын баталгаа гаргаж чадах Европын орнууд зэрэг бусад улс орон нэгдэж болно гэсэн байр суурийг илэрхийлжээ. Түүний хэлснээр, “Украин болон Европтой холбоотой асуудлууд Анкориж хотод шийдэгдэхгүй” аж. "Одоогийн фронтын шугам бол дипломат харилцаа эхлэх ёстой шугам юм" гэж Украины Ерөнхийлөгч захидалдаа онцлон тэмдэглэсэн байна.
В.Зеленский: Оросын ард иргэд дайнаас залхаж байна
Украины төрийн тэргүүн захидалдаа, байлдааны ажиллагаанууд эцэстээ Оросын иргэдийг залхааж байгаа бол дайн өөрөө "Орост улам бүр сөрөг үр дагавар авчирч байна" гэсэн байна. "Одоо таны албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, суртал ухуулагчид тан руу илт ядарсан харцаар харж байна" гэж тэрбээр дурдаад, фронтод амсаж буй Оросын армийн сар тутмын хохирол амь үрэгдэгсэд, хүнд шархадсан хүмүүсийг нийлүүлээд 30 мянгаас даваад байгааг дахин сануулсан байна.
"Та НАТО, геополитик, орос хэлний талаар юу ч ярьсан бай, энэ дайн бол таны хувийн сонголт, ямар ч бодит шалтгаангүй дайн юм. Түүхэнд яг ингэж л үлдэнэ" гэж В.Зеленский онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр хэрэв В.Путин дайныг дуусгах цаг болсон гэдгийг оюун ухаандаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тэрбээр "Оросын төлөө биш, харин өөрийнхөө хувийн оршин тогтнолын төлөө илүү их тэмцэх" хэрэгтэй болно гэж анхааруулсан байна. "Энэ бол миний зүгээс эсвэл Украины зүгээс хийж буй сүрдүүлэг биш. Энэ бол таны сайн мэдэх Орос улс ядарч туйлдах үед өөрчлөлтүүд гардаг гэдэг Оросын түүхийн үнэн бодит баримт юм" хэмээн В.Зеленский захидлынхаа төгсгөлд дурджээ.
Украины Ерөнхийлөгч захидлаа В.Путин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр сэтгүүлчидтэй уулзсан өдөр нийтэлжээ. Оросын Ерөнхийлөгч уг чуулга уулзалтад үг хэлэхдээ, тавдугаар сарын 24-нд Киевийн мужийн Белая Церковь хотод "Орешник" пуужингийн цогцолборыг ашигласан талаар хөнджээ. "Тэд (ОХУ-ын Зэвсэгт хүчин) блок дундах пуужингууд байндаа хэрхэн туссаныг харж, цаашид зэвсгийг ашиглахад бэлтгэх зорилгоор "амбаар"-т цохилт өгсөн" гэж тэрбээр хэлээд, "Орешник системийг жинхэнэ утгаар нь байлдааны нөхцөлд ашигласан ганц ч тохиолдол байхгүй" гэжээ.
Оросын удирдагч мөн ОХУ Донбассыг хяналтдаа байлгах нь мөргөлдөөнийг зохицуулахтай харшлахгүй гэж үзэж байна. "Нэгдүгээрт, нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүй. Донбассын бүсийг бүхэлд нь хяналтад байлгах, "хэлэлцээр" байгуулах нь хоорондоо зөрчилдөхгүй" гэж тэрбээр хэлсэн байна.
В.Путиний хэлснээр, Оросын тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Анкориж хотод хэлэлцсэн саналуудыг харгалзан үзэж, энх тайван тогтооход бэлэн байгаа аж. Үүнээс өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "Оросын залуус болон тэдний гэр бүлийнхэнд" хандан үг хэлжээ. Умард Атлантын эвслийн тэргүүн хэлэхдээ, олон арван мянган хохирогч бол хийсвэр тоо биш гэдгийг мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
Зеля чи их онгирч байж нааштай алхамыг үгүй хийх вий !!! Адууныхаа хирээр л исгэрдгийм шүү