sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг сийрүүлэн хүргэж байна.


Улсын хэмжээнд иж бүрэн сургалтын төв ганцхан байгаа. Бид өмнөх туршлагыг сэргээж, ЕБС-ийн төгсөх ангийн хүүхдүүдийг хамруулан эрсдэлтэй үеийн сургалтыг явуулж эхэлж байна. Цаашид улсын хэмжээнд сургалтын төвийн тоог нэмэх ёстой гэж үзэж байгаа.


Сая Хүннү хотхонд болсон асуудал юу байсан бэ гэхээр, галын шатыг битүүлж хааснаас болж гал гарахад аврах шатыг ашиглах боломжгүй болсон. Тиймээс иргэд өөрсдөө анхан шатны мэдлэгтэй байх ёстой.


Сайдаар ажиллаж байх хугацаандаа нийт 132 сая ам.долларын зээлийг УИХ-аар батлуулж чадсан. Энэ нь цэвэр тоног төхөөрөмжийн шинэчлэл болон албан хаагчдын хувийн хэрэгслийн шинэчлэлд зориулагдсан. Өнөөдрийн байдлаар хувийн хэрэгслийн хангамж 58 хувьтай, тоног төхөөрөмжийн хангамж 60 хувьтай байна. Тиймээс энэхүү 132 сая ам.долларын төслийг хэрэгжүүлснээр хувийн хэрэгсэл болон техник, тоног төхөөрөмжийн хангамж 90-95 хувь болно.


– Энэ хаанаас авсан зээл вэ?


– Азийн хөгжлийн банк болон бусад банкнаас авч байгаа. Заамарт болсон үйл явдлаас харахад энэ бол тухайн уул уурхайн компанийн 100 хувийн буруу. Барилга, уул уурхайн ажлын талбар дээр хамгаалалтгүй хүнийг ажлын байранд оруулдаггүй. Ажлын үүдэн дээр шалгаж, ХАБЭА-н сургалт явуулсны дараа ажлын талбай руу нэвтрүүлэх ёстой байдаг. Гэтэл тэнд хамгийн наад захын ХАБЭА-н дүрэм мөрдөгдөөгүй байна.


Хоёрдугаарт, эцэг эхийн буруу ч яригдаж байгаа. Зарим хүмүүс “энэ бол Онцгой байдлын буруу, алба хаагчдын буруу” гэж ярьж байна. Гэтэл гамшиг гарсан тохиолдолд Онцгой байдлын байгууллага очиж ажилладаг болохоос биш уул уурхайн болон барилгын талбай дээр байнгын хяналт тавьж, аюулгүй байдлыг сахиулдаг байгууллага биш. Мөн эцэг эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхиж, хайхрамжгүй хандсан асуудал ч бий.


Онцгой байдлын байгууллагынхан хүрзээр ухсан, могойн камер байгаагүй гэсэн ар гэрийнхний гомдол гарсан. Эдгээр тоног төхөөрөмж тухайн үед байсан уу, ашиглах боломжтой байсан уу?


Хангамж жилээс жилд сайжирч байгаа. Одоогийн байдлаар хувь хүний хэрэгслийн хангамж 58 хувьтай, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хангамж 60 хувьтай байна. Тиймээс хангамжийг улам сайжруулахын тулд АХБ болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл авч, өнгөрсөн намрын чуулганаар өөрөө Шадар сайд байхдаа энэ зээлийг батлуулсан.


Төсөл одоо хэрэгжээд явж байна. Төсвийн нэгжүүд нь байгууллагууддаа хуваарилагдсан. Ингэснээр хангамж болон хангалт 97-98 хувьтай болно. Мөн Гамшгийн тухай хуулийг ирэх намар өргөн барихаар ажиллаж байна.


Үндсэн хуулиараа эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах ёстой. Гэтэл өнөөдөр мөнгөтэй нь явдаггүй, мөнгөгүй нь явдаг болсон тогтолцоо бий болчихсон байна. Үүнийг өөрчлөхийн тулд цэргийн алба хаахгүй бол онцгой байдал, гамшгийн нөхцөлд ажиллах сургалтад хамрагддаг болох зохицуулалт оруулна. Эх орон дуудсан цагт гамшгийн эрсдэлийн үед очиж ажилладаг байх ёстой. Үүний төлөө тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалтай байна. Ийм хуулийн төслийг санаачлаад явж байна. Намрын чуулганаар өргөн барина. Мөн бүс нутгууд болон төвийн хэмжээнд сургалтын төвүүд байгуулах шаардлагатай.


Эрэгтэй хүн бүр гамшгийн сургалтад суусан байх ёстой. Гал түймэр, газар хөдлөлт зэрэг тохиолдоход ажлын хүчин бэлэн байх хэрэгтэй. Учир нь Онцгой байдлын салбарт нийт 6500 орчим хүн л байгаа тул улс орны өнцөг булан бүрд хүрч ажиллах боломж хязгаарлагдмал.


Тиймээс улс сайн дурынхны тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг хангаж өгөх ёстой. Гамшиг, ослын нөхцөлөөс хамаарч сайн дурынхан эсвэл мэргэжлийн хүмүүс ажилладаг тогтолцоог бий болгоно. Сайн дурынхан ажиллавал тодорхой хэмжээний урамшуулалтай, хамгаалах хэрэгсэлтэйгээр ажиллах боломжийг бүрдүүлнэ. Энэ хуулийг намрын чуулганаар өргөн барина.


– “Могойн” камер байдаг уу?


Байдаг. Усан доогуур явдаг дрон ч бий. Дронууд төрөл бүрийн зориулалттай байдаг.


–Тэгвэл Хүннү хотхонд гарсан гал дээр яагаад дрон ашиглаагүй вэ?


Өндөр даралттай усыг дроноор ашиглаж гал унтраах боломжгүй. Дрон нь бага хэмжээний галын хор цацах, жижиг хэмжээний галыг цэгэн байдлаар ажиллах боломжтой. Том хэмжээний гал түймэр дээр бол одоогийн хүчин чадлаар ашиглах боломж хязгаарлагдмал байдаг.



Н.Отгончимэг