sonin.mn
Ялалтын баярын өмнөхөн УБТЗ-ын Дохиолол холбооны албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Е.А. Подобедовтой ярилцлаа. Тэрбээр, УБТЗ-д 10 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
 
-Танд Агуу их ялалтын баярын мэнд хүргэе?
 
-Маш их баярлалаа. Энэ ташрамд, төмөр замчдадаа Ялалтын баярын чин сэтгэлийн мэнд хүргэе.
 
-Таныг Красноярскийн төмөр замд ажиллаж байсан гэж сонссон юм. Красноярск таны төрсөн нутаг уу?
 
-Би Беларусийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад тэнд төрсөн. Тэндээ их сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд л Красноярскийн төмөр замд хуваарилагдсан юм.
Тэнд автомеханик телемеханик мэргэжлээрээ монтёроос албаны дарга хүртэл дэвшин ажилласан. Түүний дараа Красноярскийн техникумын захирлаар ажиллаж байгаад 2013 оноос УБТЗ-д ажиллаж байна.
 
-Арван жилийн өмнө та Монголд ажиллах саналыг хэрхэн хүлээж авч байсан бол...?
 
-Надад Монголд ажиллах санал их сонирхолтой санагдсан учраас би дуртайяа хүлээж авсан. Яагаад гэвэл, намайг наашаа ирэх үед УБТЗ-д микро процессорын төвлөрүүлэлтийг дөнгөж нэвтрүүлж эхэлж байсан. Би холбооны мэргэжлийн хүн учраас энэ чиглэлээр ажиллах нь надад маш сонирхолтой санагдсан. Бид өнгөрсөн хугацаанд найман зөрлөгийг микро процессорын автоматжуулалтаар тоноглолоо. Замын хэмжээнд СИРДП-Е системийг нэвтрүүллээ.
 
-Монголд анх хөл тавьсан сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу. Таны төсөөллөөс зөрүүтэй байв уу?
 
-Наашаа бол нэлээд сэтгэл өндөр явсан. 2013 оны долдугаар сард онгоцоор газардахад өвс үнэртэж байсан. Намайг тосож авсан хүмүүс ‘‘Энэ бол Монголын үнэр” гэж тайлбарлацгаасан /инээв/. Монгол хүмүүс надад таалагддаг. Монголд амьдрах таалагдсан. Хамт ажиллаж байгаа орос мэргэжилтнүүд, Монгол нөхөд маань намайг сайхан хүлээж авсан. Би өөрөө дорнын соёлд дуртай. Миний эхнэр дорнын хүн байсан. Тиймээс Монголд татагдах зүрх сэтгэл байсан. Монголчууд маш эелдэг, элгэмсэг, найрсаг, эв нэгдлийг хичээдэг хүмүүс учраас УБТЗ-ын төмөр замчид дунд ажиллах нь надад таалагддаг.
 
-Манай төмөр замчид гэр бүлээ, хүүхдээ төмөр замд уруу татдаг нэг тийм “зан" бий. Танд ч бас тийм зан байгаа юу?
 
-Үндсэндээ, манайх төмөр замчин гэр бүл. Миний хүүхдүүд төмөр замчид болсон. Бид охин, хүү хоёртой. Тэд насанд хүрсэн. Хоёулаа гэр бүлтэй, хоёр ач, зээтэй. Тэд маань одоо Красноярскид ажиллаж, амьдарч байгаа.
 
-Танаас өмнө танай гэр бүлд төмөр замчин хүн байсан уу?
 
-Үгүй, би гэр бүлийнхээ хамгийн эхний төмөр замчин. Надаас салбарлаад охин, хүү хоёр минь төмөр замчин болсонд баяртай явдаг. Магадгүй, ач зээ нар маань ч төмөр замчин болж магадгүй. Тэдэнд төмөр зам их таалагддаг юм шиг санагддаг. /инээв/
 
-Эх орны дайнд татагдаагүй нэг ч гэр бүл Орос оронд байдаггүй гэдэг. Асар их үнээр олдсон Агуу их ялалтыг авчирсан хүмүүс танай гэр бүлд ч байгаа гэж бодож байна.
 
Би ярианыхаа эхэнд Беларусьт төрж, өссөн гэж хэлсэн шүү дээ. Миний хоёр өвөө энэ дайнд хоёулаа оролцож, тулалдаж явсан. Нэг нь тулааны үеэр амь үрэгдсэн. Нөгөө өвөө маань фронтоос эргэж ирсэн. Намайг төрөхөд дайн дуусаад 12 жил болж байсан. Дайн эхлэхэд миний аав, ээж хоёр зургаан настай байсан гэдэг. Тэд хүүхэд байсан болохоор дайны тухай томчууд шиг нарийн ширийн зүйл мэдэхгүй ч, олон зүйлийг санаж байсан. Миний хувьд Ялалтын баяртай холбоотой сэтгэгдэл гэвэл хот, тосгод, суурин газарт янз бүрийн хөшөө дурсгал их бий.
 
Дайны жилүүдэд Беларусийн дөрвөн хүн тутмын нэг нь дайнд амь үрэгдсэн гэсэн судалгаа байдаг.
 
Би хотоос холгүй тосгонд өссөн. Манай тосгонд төмөр замын хажууханд нэр нь үл мэдэгдэх цэргийн булш байдаг. Тэр цэрэг хэрхэн амиа алдсан тухай тосгоныхон маань ярьдаг байсан. Цэргийн хоригдлуудыг туугаад явж байхад нь зугтаахад нь түүнийг буудчихсан гэдэг. Түүнийг хэн гэдэг, хэдэн настай, ямар үндэстэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Манай тосгонд тэр хүний хамаатан садан нэг ч байхгүй. Гэсэн хэдий ч тосгоныхон маань нэр нь үл мэдэгдэх цэргийн булшийг жил болгон цэвэрлэж, будаж, цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг. Хэн ч түүнийг мартаагүй. Нэр нь мэдэгдэх, үл мэдэгдэх дайчдын булш Орос оронд маш их.
 
Агуу их Ялалтын баяр Оросын ард түмний баяр. Та бүхэн их өргөн тэмдэглэдэг үү?
 
-Ялалтын баярыг ажлын, амралтын өдрөөс үл хамааран тэмдэглэдэг. Тэр өдөр хөшөөнд цэцэг өргөх, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх байдлаар тэмдэглэдэг. Түүнээс ширээ засаж суух биш. Энэ баяр хүүхэд байхаас минь надад нүдэндээ нулимстай баяр байсан. Гунигтай баяр.
 
-Сүүлчийн асуултыг танд үлдээе? 
 
-Би Монголд байх хугацаандаа танай ард түмэн Ялалтын баярт ямар их анхаарал хандуулж, хүндэтгэн хүлээж авдгийг ойлгосон. Жуковын хөшөө, Зайсан дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол жил бүр болдог. Ялалтын баярын өдөр Георгийн туузыг энгэртээ зүүгээд гудамжаар алхаж байхад таарсан хүн болгон баярын мэнд хүргэдэг. Энэ нь надад маш тааламжтай санагддаг. Би өмнө нь Монголын ард түмэн эх орны дайны үед Оросын ард түмэнд тусалж байсан тухай уншиж байсан. Гэхдээ Монголд ирээд илүү ихийг мэддэг болсон. Дайны жилүүдэд Монгол Улсаас манай улсад үзүүлсэн тусламжийн хэмжээг харахад Монгол Улсад ахадсан маш том тусламж байсан. Миний нэг найзын өвөө дайнд оролцож байсан. Түүний өвөө Москвагийн ойролцоо тулалдаж байсан юм билээ. Өвөө нь нэг удаа түүнд миний амийг Монгол дээл аварсан гэж ярьсан байсан. Учир нь, өвөө нь шархтаад гадаа маш удаан хэвтэхдээ Монгол нэхий дээлтэй байсан учраас амьд гарсан гэж ярьсан гэдэг. Энэ ташрамд, дайны хүнд жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд тусалсан Монголчуудын өгөөмөр сэтгэлд үргэлж талархаж явдгаа илэрхийлье.
 
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Даян дэлхий энх амгалан байх болтугай.
 
 
 
Эх сурвалж: "Ган зам" сонин