сонин mn
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар төсвийн нийт орлого, тусламж зээлийн хэмжээ урьдчилсан байдлаар 1.7 их наяд төгрөг болоод байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Улсын нэгдсэн төсвийн 85.8 хувийг татвар, 8.8 хувийг татварын бус орлогоос бүрдүүлжээ. Үүний дээр Ирээдүй өв сангийн орлого 2.5, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого 2.9 хувийг бүрдүүлсэн дүнтэй байна. Татварын нийт орлого энэ оны эхний хоёр сарын дүнгээр 1.5 их наяд болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 220 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Цаашдаа хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес ажил үйлчилгээ эрхлэгчдийн гарыг нь гавлаж, хөлийг нь тушихгүй байхыг эдийн засагчид хүсэж буй ч яг үнэндээ сүүлийн 3-4 хоногт “COVID-19”-ийн халдварын тохиолдол 300-400-гаас буухаа больсон нь шийдвэр гаргагчдыг “буланд шахаж” эхэллээ. Улмаар “10 их наядын төлөвлөгөө” ч цаасан дээрх хийсвэр мөрөөдөл болох магадлал нүүрлэж байна. Энэ нь татварын ерөнхий газарт бүртгэлтэй компани, аж ахуйн нэгжийн тайлан тэнцлээс ч тодорхой харагдана. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар улиралд нийт 168 мянган аж ахуйн нэгж, байгууллагаас 104 мянга нь татварын тайлан ирүүлсэн ч тэдний 61 хувь нь “Х” тайлан мэдүүлжээ. Үүнийг дагаад ажлын байр хомсдож, ажилгүйдэл нэмэгдсэн нь тодорхой. Гэвч шинэ он гарснаас хойш коронавирусийн цар тахалтай холбоотой хөл хориог сулруулж, үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээний салбарыг хатуу хяналт дор ажиллуулж, 10 их наядын зээлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засагт эерэг нөлөөг авчирч байна. Тухайлбал, татварын нийт орлого оны эхний хоёр сард 1.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 221 тэрбумаар өссөн. Үүний дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сард НӨАТ-ын орлого 202.5 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хоёр сард 170 тэрбум гаруй төгрөгөөр өсөлттэй гарсан байна. Үүнээс гадна “Ажлын байрыг дэмжих” төслийн хүрээнд гурван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснээр эдийн засагт сайн нөлөө гарч байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон байна. Тухайлбал, зээл олгож эхэлсэн эхний 14 хоногийн хугацаанд 27.1 тэрбум төгрөгийг 471 иргэн, аж ахуйн нэгжид олгосон бол одоо энэ тоо зөвхөн Төрийн банканд 468.9 тэрбум төгрөгт хүрч, 17 аж ахуйн нэгж, компанийг хамруулаад байна. Сангийн сайд Б.Жавхлан “Гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаанд төлөгдөх зээлийг олгож эхэлсэн 14 хоногийн хугацаанд 594 НӨАТ төлөгч компани, аж ахуйн нэгж бүртгэгдсэн нь өнгөрсөн хоёр жилийн мөн үетэй харьцуулахад 2.5-3.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засагт оролцогч иргэдийн маань идэвх сэргэж, улмаар улс орны эдийн засаг өсөж өндийх хүлээлт эерэг түвшинд байгааг харуулж буй үзүүлэлт юм” гэж мэргэжлийн хүний хувьд үнэлсэн байдаг. Энэ нь зөвхөн шийдвэр гаргагчдын төлөөллийн дүгнэлт төдийгүй хувийн хэвшлийнхэн ч сайнаар харж байгааг “Бизнес консалтинг төв”-ийн захирал Ө.Гэрэлт-Од нотолсон байна. Тэрбээр “Өмнө нь хугацаа хэтэрсэн зээлийн дахин санхүүжилтийг хийж, гурван хувийн хүүтэй зээлд шилжүүлснээр банкуудын активын чанар сайжирч, эрсдэл буурч байгаа нь сайн хэрэг” гэж үнэлжээ. Энэ талаар мэргэжлийн судлаачид ч байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Отгонтөгс хэлэхдээ “Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд эдийн засаг -10 хувийн алдагдалтай гарч байсан. Энэ оны эхний улиралд ЖДҮ-ийг дэмжиж байгаа хоёр их наядын зээлийн бодлого, дулааны улирлын ажил, үйлчилгээний байдалтай уялдан эдийн засаг нааштай үр дүнтэй гарах байх гэж найдаж байна. Ийм хүлээлт ч давамгайлж байгаа юм” гэжээ. Харин эдийн засагч Д.Ангар 10 их наядын хөтөлбөр нь ЖДҮ эрхлэгч, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдыг дэмжиж байгаа боловч хатуу хөл хорио тогтоох нь хөтөлбөрийг амжилтгүй болгох магадлалтайг сануулж байгаа юм. Гэвч хөл хорио тогтоох нь нөгөө талаар манай улсын бизнесийн салбарт шинэ үйлчилгээ, IT-ийн технологийг нэвтрүүлэх нөхцөлийг хурдасгаж байгаа сайн талтайг “World bridj logistik” компанийн жишээ харуулж байгаа юм. Тэд дрон үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд эхний ээлжид өөрийн харилцагч компаниудад 2.5 кг хүртэлх жинтэй бичиг баримтыг хүргэж эхэлсэн. Энэ талаар тус компанийн менежер Д.Цэдэнням ярихдаа “Бид энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хамгийн хүндрэлтэй асуудал нь торон сүлжээ үүсгэсэн цахилгаан холбооны болон кабелийн утаснууд байна. Бусад нөхцөлд дрон нь томоохон барилга байгууламжийг мэдрээд тойрч, сүлжээд явчих хүчин чадал, мэдрэмж бол бий” гэсэн юм. Үүнээс гадна цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр явуулж байгааг ч энд дурдаж болно.
 
 
 
 
Ялангуяа “Монгол тэмүүлэл” зэрэг Кембрижийн сургалт, хөтөлбөртэй дунд сургуулийн сурагчид энэхүү хичээлд маш хатуу хуваарийн дагуу үр дүнтэй хамрагдаж байгааг онцлууштай. Цаашилбал, иргэдийн амьдралд ч цахим худалдаа, онлайн төлбөрийн хэлбэр хурдацтай нэвтэрч байна. МАН-ын удирдлага, менежментийн баг “Е-nam” аппликейшнийг нэвтрүүлснээр аливаа хурал зөвлөгөөнийг онлайнаар зохион байгуулах, намын гишүүн, дэмжигчид цахим хэлбэрээр гишүүний татвараа төлөх, бусад үйл ажиллагаанд зайнаас оролцох боломжийг бүрдүүлж байгааг ч энд дурдах ёстой юм.
 
 
 
Мөн бараа бүтээгдэхүүн болон соёлын үйлчилгээ цахимжиж, хүргэлт борлуулалтын систем боловсронгуй болж байгаа нь бас л нэг дэвшил гэж хэлж болно. Телевизийн арилжааны сувгууд интернэт, цахим тоглолтуудыг зохион байгуулж, урлаг соёлын байгууллагын заал танхимд бөөгнөрөхгүйгээр хандив тусламжийн аяныг өрнүүлж байгаа нь үүний тод жишээ гэж ойлгож, үнэлж болохоор байна.
Энэ бүхнээс харахад коронавирусийн цар тахал нэг хэсэгт нь бизнесээ өргөжүүлэх, мөнгө, санхүүгийн асуудлаа шийдэхэд саад тотгор болж байгаа боловч нөгөө хэсэгт нь шинэ төрлийн үйлчилгээг амьдралд хэрэгжүүлж, зах зээлээ өргөжүүлэх боломж мэт харагдаж байна. Ямартай ч цаг үе бидэнд коронавирустэй зохицож амьдрах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломж, бололцоог нээж байгаа юм.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин