sonin.mn

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийн иргэдийн шүтээн, аймаг сумын есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын нуруунд хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын малчид эсэргүүцэж, компаниудын лицензийг нь цуцлахыг шаардаж байна.


Энэ тухай Өмнөговь аймгийн уугуул Т.Маам ярихдаа: "Уул уурхайн компаниудын эзэд нь дандаа хятад хүмүүс байдаг.Харин орон нутгийн түвшинд шийдвэр гаргах эрхтэй хүмүүс нь иргэдтэй огт уулздаггүй. Ихэвчлэн байгаль орчны мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан зэрэг хүмүүсийг л явуулдаг болохоос биш жинхэнэ шийдвэр гаргагчид ирдэггүй. Үл ойлголцол үүсэх гол шалтгаан нь ч үүнтэй холбоотой.

Бид шаардлага тавьдаг ч шийдвэр гаргах түвшний хүмүүс огт ирдэггүй учраас асуудал өнөөдрийн энэ шатанд хүрчихээд байна.


Ер нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж байна гэж харж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар гадаад ажилтны квотыг байхгүй болгосноос үүдээд Монгол ажилчдаас илүү хятад ажилчид олширсон. Өмнөговь аймаг тэр чигтээ хятад ажилчдаар дүүрсэн байна.


Уул уурхай нээлээ гээд бидэнд хүртэж байгаа ашиг шим бараг алга.Бид 20 жилийн турш уул уурхай ухуулсан туршлагаасаа үүнийг маш сайн мэднэ.Тийм учраас хаа хаанаа нэлээд хурцадмал байдал үүсээд байна. Ядаж л Цагаандэл-Уул боомтыг хар. Бид төр засаг байна уу, үгүй юу гэдгийг шийдэх хэмжээнд хүрчихсэн гэж үзэж байна.

Уул уурхайн ашиг шимийг бүх Монголчууд хүртэх ёстой.Бид Монгол эх орондоо амьдарч байгаа юм чинь бүгд өртэй амьдрах ёсгүй шүү дээ.Гэтэл өнөөдөр хэдхэн хүн л баяжаад байдаг. “30 гэр бүл” гэдэг яриа хүртэл үнэн мэт болчихлоо.Ашиг шимийг нь хүртэж чаддаггүй учраас хүмүүс уул уурхайг эсэргүүцэж байна.

Би энэ асуудалд төр засгийг 100 хувь буруутгаж байгаа. Орж ирж байгаа мөнгийг яаж зөв зарцуулахаа мэдэхгүй байж дахин дахин уул уурхай нээгээд яах юм бэ.


Монгол Улсаа хөгжүүлэхгүй, нэг дор баахан байшин бариад л байдаг. Гэтэл хүний хөгжил хаана байна вэ? Хүний хөгжил хамгийн их хоцорч байна.


Өмнөговь аймаг уул уурхайтай, улсын төсвийн 70 хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг. Гэтэл хүмүүс өмнөговьчуудыг маш баян гэж ойлгодог ч үнэндээ бид уул уурхайн ашиг шимийг бодитоор хүртэж үзээгүй.Бүх орлогыг улс татаад авчихдаг байсан, сүүлдээ агаарын бохирдлын мөнгө гэж багахан зүйл өгдөг болсон.Гэхдээ сүүлийн хоёр жил бүр хүнд байдалд орлоо.

Нутгийн ажилчдыг ажилд авахаа больж, жаахан эсэргүүцэж, хэрүүл маргаан гаргавал шууд халдаг болсон.Дандаа хятад болон өөр газрын хүмүүсийг ажилд авч байна. Ийм учраас бид тэмцлийн илүү хурц хэлбэрийг төлөвлөж байгаа.

Ер нь бол энэ төрийг байх шаардлагагүй гэж үзэх хэмжээнд хүрсэн.Ямар ч шийдвэр гаргах чадамжгүй байна.


Бид Тосонбумбын нурууны асуудлаар тэмцэж явахдаа маш олон байгууллагаар бичиг явуулж, хамгийн сүүлд Ерөнхий сайдад хүргүүлсэн.Гэтэл Ерөнхий сайд өөрөө шийдвэр гаргаж чадахгүй, буцаагаад яам руу шилжүүлдэг.



Ийм төртэй байхаар бид өөрсдөө шийдвэрээ гаргана гэж бодож байна. Хэрэв энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол уул уурхайн замыг хааж, түлшний машин, хүнсний машин, ээлжийн ажилчдын тээвэр гээд юу ч явуулахгүй хэмжээнд хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна." гэсэн юм.


Б.Төгсбаясгалан