Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: "Орон нутгийн зам их эвдрэлтэй байгаа. Энэ талаар?
–Мэдэж байгаа. Төсвийн хүрээнд засварлаж байгаа. Гэхдээ төсөв маш бага байна. Бид замын ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор хоёр, гурван замын төсөл зарлагдсан. Сүлжээнээс харсан байх. Жишээлбэл, Чойр–Улаанбаатар чиглэлийн замыг зарласан. Мөн Ханбогд–Мандалговь чиглэлийн замыг зарлаж байна. Ийм учраас замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээс өөр боломж одоогоор байхгүй.
–Урсгал засварын төсөв яагаад бага байдаг вэ?
–Зам ашигласны татвар бага байдагтай холбоотой. Үнэндээ замаар бараг үнэгүй шахам явж байгаа шүү дээ. Ингэж хэлэхээр хүмүүс бухимддаг. Гэхдээ олон улсын жишгээр замын татвараа бүрэн авч чаддаг бол илүү чанартай замтай болох боломжтой.
– Зам засварын хангалттай санхүүжилт бүрдүүлэхийн тулд хэдий хэмжээний төлбөр авах шаардлагатай вэ?
–Ядахдаа суудлын автомашинаас 20 мянган төгрөг, ачааны машинаас 50 мянган төгрөгийн хураамж авч байж зам засварын төсөв бүрдэнэ. Гэтэл 1000 төгрөгийн төлбөрөөсөө хүртэл уурлаад байгаа хүмүүсээс 20 мянган төгрөг авах амаргүй шүү дээ.
–Зун болохоор иргэд олноор зорчдог Лүнгийн замын ажил ямар шатандаа явж байна вэ?
–Лүнгийн замын зураг төсөл бэлэн болсон. Зургаан эгнээ зам барина. Техник, эдийн засгийн үндэслэл нь гарсан. Байгаль орчны үнэлгээ нь хийгдсэн. Санхүүжилтийн хоёр эх үүсвэр ярьж байгаа. Нэг нь Дэлхийн банкны санхүүжилт. Гэхдээ Дэлхийн банк санхүүжүүлэхээр бол тодорхой хугацаа шаардлагатай. Сангийн яам, Улсын Их Хурал болон Дэлхийн банкны холбогдох шат дамжлагуудыг давна.
Хоёр дахь хувилбар нь гадаадын хөрөнгө оруулагчдын санал. Тэд “Лүнгийн замыг өөрсдийн хөрөнгөөр бариад өгье. Харин 10–12 жилийн хугацаанд мөнгийг нь хэсэгчлэн төлөөд явбал болно” гэсэн санал тавьсан.
Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулна. Миний бодлоор зээл авахын оронд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлээд төлбөрийг нь үе шаттай хийх нь илүү боломжтой санагдаж байгаа. Богино хугацаанд хэрэгжүүлэх давуу талтай. Лүнгийн замыг онцгой анхаарч байгаа. Учир нь энэ замаар баруун бүсийн есөн аймагтай холбогддог. Хүн амын тоо, ачааллыг харгалзан зургаан эгнээ байхаар төлөвлөсөн.
–Энэ төслийн төсөвт өртөг хэд гэж тооцоолсон бэ?
–Урьдчилсан тооцоогоор 370 сая ам.доллар.
–Замын хяналтыг хэрхэн тавих вэ? Дарханы зам шиг асуудал гарах уу?
– Тийм асуудал гарахгүй. Шинэ трасс одоо байгаа замын хажуугаар явна. Одоо байгаа замыг хуулж эвдэхгүй. Өмнөх төслүүдээс хангалттай сургамж авсан.
–Эрдэнэт чиглэлийн замын ажил олон жил яригдсан. Цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
– Өмнөх парламентын үед төсөвт нь суулгаж баталсан учраас төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Санхүүжилтийг боломжийн хэмжээнд үе шаттайгаар олгож байгаа.
– Энэ жилийн төсөвт хэдэн километр замын ажилд хөрөнгө тусгасан бэ?
– Одоогоор зөвхөн эхлэл тавих хэмжээний хөрөнгө тусгасан." гэв.
Н.Отгончимэг
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
цалин, тэтгэвэр маань өндөр хөгжилтэй орных шиг байдаг бол замын татвараа өгөөд байхаас яахав, өндөр орлоготой сайд Дэлгэрсайхан чи өөрөө тэрбум тэрбумаар нь хандивлаад байвал ч зам сайхан болно л доо
6 egnee zamaar udriin tsag yabah mashin " olgoh" uu Odoogoor 10-15 tsagiin hoorond 50 m-t neg mashin yavuulj baigaa Odoogiin trasstai zeregtsuuj 2 ursgaltai zam baihad ovoo hurebe hemnene biz dee