
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн эмч мэргэжилтнүүд шинэ эмчилгээ, оношилгоог үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийсээр байна. Тэгвэл энэ удаад тус төвийнхөн Япон Улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “EBUS-д чиглэсэн бронхоскопын сургалт, техникийн сайжруулалт төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн Уушги, харшил судлалын эмч мэргэжилтнүүд Япон Улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад анх удаа "Гуурсан хоолойн уян дурангаар уушгины захад байрлах үүсгэврээс эдийн шинжилгээ авах (Radial Guide Sheet-EBUS) ажилбарыг амжилттай нэвтрүүллээ.
УНТЭ 2023 оноос энэхүү төслийн хүрээнд Гуурсан хоолойн хэт авиан дурангаар трансбронхиал аспирацийн (Endobronchial needle aspiration- EBUS-TBNA) оношилгоо эмчилгээний шинэ технологийг амжилттай нэвтрүүлэн, нутагшуулж “2024 оны шилдэг технологи нэвтрүүлэгч эмнэлэг”-ээр шалгарсан.
Уг шинжилгээг нэвтрүүлэхээс өмнө булчирхайнаас эдийн шинжилгээг авахын тулд нээлттэй мэс засал хийдэг байсан бол уг төслийг хэрэгжүүлснээр дурангийн аргаар уушгинд байрлах томорсон булчирхай, хавдрын үүсгэврээс эдийн шинжилгээ авах боломжтой болжээ.
Ингэснээр өвчтөнд үзүүлэх хүндрэл буурч, богино хугацаанд найдвартай шинжилгээ авах боломжтой болсон. Харин өнөөдөр Япон Улсын эмч мэргэжилтнүүдтэй хийсэн энэхүү шинэ ажилбарыг цаашид эмчилгээ, үйлчилгээндээ нутагшуулбал уушгины хавдрыг эрт үед нь оношлох боломж бүрдэх талаар УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг дурдаж байлаа. Монгол Улсад оношлогдож байгаа уушгины хавдрын тохиолдлууд ихэвчлэн хожуу шатандаа буюу III, IV дүгээр шатанд оношлогдож байна. Мөн тэрээр Энэ боломжийг олгосон ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагууд, Уушги, харшил судлалын төвийн хамт олон, Мэдээгүйжүүлэг, Радиологийн тасаг болон бусад хамтран ажиллаж буй хамт олондоо талархал илэрхийлсэн юм.
Япон Улс дахь Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний тасгийн эмч Юүсакү Кусаба:
Япон Улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр амьсгалын замын эрхтнүүдийн дурангийн оношилгоо, шинжилгээний шинэ арга технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготойгоор уг төслийг эхлүүлсэн. Бид Япон Улс дахь Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийг төлөөлөн ирсэн.
Өнгөрсөн хугацаанд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Япон Улсад очиж, энэ төрлийн эмчилгээг хэрхэн хийх талаар маш сайн суралцаад ирсэн. Өнөөдөр ийнхүү тус арга зүйгээ ашиглаад эмнэлэг дээрээ анх удаагаа эмчилгээ, оношилгоог амжилттай хийлээ.
Манай төслийн цаашдын зорилго нь монголын эмч нарын чадварыг сайжруулж, энэ төслийнхөө тусламжтайгаар монгол иргэдийнхээ амь насыг хамгаалах болно.Миний хувьд Монгол Улсад гурав дахь удаагаа ирж УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. УНТЭ-ийн эмч нарын ур чадвар нь маш сайн.
Энэ удаагийн төслөөр дамжуулаад эмч нарын ур чадвар илүү сайжирч, дараагийн түвшинд хүрнэ. Шинэ эмчилгээ, үйлчилгээнд өртөг их шаардагдах нь бий. Тиймээс өртгийг нь шийдвэрлээд өгчихвөл эмч нарын маань чадвар маш сайн гэдгийг дахин дурдмаар байна.
Уг төслийн хүрээнд УНТЭ-ийн 5 эмч, 1 сувилагч Япон улсад очин сургалтад хамрагдсан бөгөөд цаашид уг төсөл үргэлжлэн дараагийн эмч мэргэжилтнүүдийг сургахаар болсныг дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл0