sonin.mn

"Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэсэн хэлц үг нь “бүгдээрээ адилхан буруутай” гэсэн утга юм. Сүүлийн үед MCS болон ЗГ-ын байлдаан монголын улс төрийг тодорхойлох болов. Монголчууд учрыг нь үл мэдэх атлаа “сурсан зангаараа” хоёр тал болон маргалдаж эхлэв. Энэ бол бараг гучаад жил үргэлжилж буй монголын баялгийг эзэмшихийн төлөө улс төр-эдийн засгийн тэмцлийн хүрсэн үр дүн бөгөөд монголын улс төрийн тэмцлийн мухардал юм. Энэ үзэгдлийг бүрэлдэн хөгжиж ирсэн олон арван жилийн үйл явдалд системийн анализ хийлгүйгээр үнэлж дүгнэх боломжгүй. Иймд системийн анализын маш товч дүгнэлт гаргалгаа танилцуулъя…


Баялгийн төлөө өрсөлдөөний хувьсал


Эхний шат. 1990 оноос өмч хувьчлал, ардчилал нэрийн дор Монголын баялгийн төлөө өрсөлдөөн эхэлж хамгийн эхлээд нийгмийн баялаг руу дайрав. Энэ нь өмч хувьчлал, банкны дээрэм, алтны төлөө дайнаар эхэлсэн юм. Өмч хувьчлалаар 410 үйлдвэрийг хувьчилна гэж төлөвлөсөн боловч 330 үйлдвэрийг хувьчилсан гэсэн дүн гарчээ. Тоо нь хүртэл будлиантай. Одоо 80 үйлдвэр хаачсан гэдгийг надаас өөр сонирхох хүн үгүй.


Өмч хувьчлалын зорилго нь хувьчилж авсан үйлдвэрээ цааш ажиллуулах ёстой атал бүгдийг нь шахам сөнөөв. Үүнтэй нэгэн зэрэг мөнгө олох, хөрөнгөтэй болох гол суваг нь банк болов. 1990-ээд оны эхээр Монголын гол гол бүх банкуудыг дээрэмдэв. Энэ болгоныг баталгаажуулсан төрийн шийдвэр тухай бүр гарч байлаа.


“Банкуудаа хувьчил” гэсэн гадаад шахалт голлох үүрэг гүйцэтгэжээ. Үүний үр дүнд Монголд зарлаж хувьчилсан ганц ч банк байхгүй атал одоогийн Монголын бүх банкинд гадаадын өмчлөгчид нэлээд их хувь эзэмших болов. Өөрөөр хэлбэл одоо Монголд “цэвэр” монголын банк байхгүй шахам. Энэ үеэр алтны халуурал бий болж, нинжа нарын арми үүсэв. Энэхүү эхний шатны үр дүнд нийгмийн баялгийн дийлэнхи хэсэг цөөн “шинэ хөрөнгөтний” мэдэлд орж, нийгмийн ялгарал, давхраажлын үзэгдэл болж монголын ард түмэн баян ядуу хоёр хэсэгт хуваагдав. Энэ нь нэг талаасаа зүй ёсны капиталист үзэгдэл боловч, нөгөө талаасаа төрийн хулгай дээрмийн эхлэл байлаа.


Дараагийн шат. Нэгэнт нийгмийн баялгийг хуваагаад авчихсан тул одоо байгалийн баялаг руу дайрав. Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой мэт санагддаг боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Байгалийн баялаг ашиглах боломжийн талаасаа янз бүр, тэр байтугай зарчмын ихээхэн ялгаатай байдаг. Ухаандаа нүүрс, алтыг мөнгөтэй бол хэн ч, түүний дотор Та бид хүртэл хаанаас ч ухаж ашиглаж, орд болон нүүрс тээврийг эзэмшиж өмчилж болно, бас чадна.


Энд нэг их сүрхий ухаан, нарийн технологи орохгүй. Нүүрс хулгайлах дэндүү “амархан” учраас манайд нүүрсний “хувь хувьсгалын” компаниуд маш олноороо төрөх нөхцлийг бүрдүүлдэг. Ингээд нүүрсний салбарт хулгай дээрэм хавтгай нүүрлэж системт хулгай дээрмийн шинж чанартай болсон.


Энэхүү системт хулгай дээрэмд нам төрийн эрх мэдэлтнүүд хутгалдан оролцож, зохион байгуулж байдаг. Харин зэс, төмөр, уран, ГХМ зэрэг бусад баялгийг нүүрс шиг хамаагүй ухаж зөөж болохгүй, заавал гадаад дотоодын том хөрөнгө оруулалт хийж, том олборлох, боловсруулах үйлдвэр барьж ашиглах ёстой болно. Энд гадаадын хөрөнгө оруулалт хийгээд төрийн оролцоо, нөлөөлөл зайлшгүй болдог ба төрийн луйвар хулгай, дээрэм нүүрлэдэг. Чухамдаа бол Эх орноо зарах том гэмт хэргийн эрин үе эхэлсэн..


Монгол хөрөнгөтний хувьсал, өөрчлөлт


1990 он хүртэл Монголд хөрөнгөтөн давхраа огт байгаагүй. Харин банкны ихээхэн хадгаламжтай цөөн хүмүүс байсан ч эднийг хөрөнгөтөн гэж үзэх үндэслэлгүй. Өмч хувьчлал, алт дээрэм, банкны зээл болон луйврын явцад анхны хувийн өмчтөн буюу хөрөнгөтэй давхраа бий болов. Цайны газрын халбага сэрээ, зуслангийн байшин, албан газрын ширээ сандал худалдаж авсан нь “жижиг өмчтөн”. Бүхэл бүтэн цайны газар, жижиг дэлгүүр мухлаг худалдаж авсан нь “дунд өмчтөн” болсон нь мэдээж хэрэг.


Үүний дээд түвшинд бүхэл бүтэн үйлдвэр завод өмчилж авсан хэсэг том хөрөнгөтний үүсэл болсон юм. Механизм нь маш хялбар. Банкнаас зээл авна, тэр мөнгөөрөө өмч хувьчлалд орж үйлдвэрүүдийг хувьчилж авна, эцэст нь “надад мөнгө байхгүй, миний чихийг огтолбол огтол” гэнэ, цагдаа шүүх дээр хэрэг очвол хэргээ хаалгана, даруулна. 


Сүүлдээ зээл авсан банкаа дампууруулж мөнгө зувчуулдаг “дэвшилтэт” аргад шилжсэн ба энэ аргаа 30 шахам жил хэрэглэж байна. Хамгийн эхний банкны дээрэм Ард, Даатгал, Сэргээн босголтын банк, хамгийн сүүлчийн банкны дээрэм Төрийн банкны гэмт хэрэг явдал болно. Ийм аргаар 30 жилийн дотор 17 банк дампууруулсан үйлдэл болгоны цаана ард түмний мөнгийг зувчуулж хулгайлсан том гэмт хэргүүд байдаг. Энэ гэмт хэргийг төрийн эрх мэдэл болон эрх мэдэлд ойрхон цөөн тооны этгээдүүд үйлддэг. Өөрөөр хэлбэл Монголын төр хулгайч, дээрэмчдийн төр болон хувирав.


Үүнийг би ганцаараа ухаантай болоод хэлээд байгаа юм биш, Монголын ард түмэн бүгдээрээ ингэж дүгнэдэг юм.    


Банк дампууруулж мөнгө завших арга 4 үе шаттай: Нэгдэх шат нь банкнаас их хэмжээний зээл авна, Хоёр дахь шатанд үгсэн хуйвалдах замаар бүх зээлээ “үйл нь ирсэн” аль нэг нэг банкинд төвлөрүүлнэ. Гурав дахь шатанд банкаа дампууруулна. Эцсийн дөрөв дэх шатанд өр зээлээ төр засгаар хүчингүй болгуулна, өөрөөр хэлбэл ард түмнээр төлүүлнэ. Энэ бүдүүлэг дээрмийг олон удаа давтан хийж байхад монголчууд мэддэг хэр нь огт тоохгүй байдаг нь үнэн гачлантай. А.Баатархуяг, Г.Уянга бид гурав банкны дээрэм болгоныг илчлэн шүүмжилсэн өгүүлэл бичих болгондоо хараал зүхэлд булуулна.  


Тун удалгүй баялгийн төлөө өрсөлдөөн зэрлэг бүдүүлэг хэлбэрт шилжив. Гадаад дотоодын өмчтөн, хөрөнгө оруулагч нарыг цагдаа, шүүх, хүчний байгууллагын элдэв бохир механизмаар дамжуулан дээрэмдэх “шинэ үзэгдэл” бий болж 2000-2020 онд оргил үедээ оров. Саяхан 2022 онд “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах” ЗГ-ын комисс гаргасан нь үүний нотолгоо болно. Манай сайн эрчүүд гадаадын 57 хөрөнгө оруулагчийг хулхидаад амжжээ.


Улс төрчид, том өмчтөнүүдтэй зэрэгцэн рецидивист гэмт хэрэгнүүд эдийн засгийн үйл явцад шууд оролцож эхлэв. Монголын улс төрч, бизнесмэн, банкны зээлтнүүд, рецидивист гэмт хэрэгтний бүлгүүдийг ялгахын аргагүй болж, энэ үйл явцад цагдаа, тагнуул, хууль, хүчний байгууллагууд холбон зуучлагчийн үүрэг гүйцэтгэж эхлэв.


Ийнхүү Монголд зах зээл, ардчилал биш, харин “анхдагч хуримтлал” хураах “зэрлэг капитализм”- ын бурангуй үе эхлэв. 


Монголын Хууль зүйн яамны сайдыг уйлуулан ширээг нь тойруулан хөөх, УИХ-ын гишүүнийг гүүрэн дээрээс толгойг нь доош харуулан дүүжлэх, УИХ-ын гишүүний гэрийн гадаа очиж, ганцхан шүгэлдэж, таавчигтай нь гаргаж ирээд сүрдүүлэх г.м-ийн зэрлэг үзэгдэл гаарсан нь үүний нотолгоо.


Энэ утгаар багцаагаар 1990-ээс 2010 оны дунд хүртэл Монголд төр засаг гэж байгаагүй.  Яваандаа нийгмийн бүх төрлийн өмч эзэнтэй болж, ганц нэг цөөн тохиолдлыг эс тооцвол бусдын өмч хөрөнгийг улайм цайм булааж, дээрэмдэх хэрэг багасав. Нэгэнт нийгмийн баялаг “дууссан” тул одоо байгалийн баялгийн төлөө дайн эхлэв.


Байгалийн баялгийн төлөө дайны анхдагч хэлбэр нь ашигт малтмалын лиценз болсон билээ. Лиценз наймаалах ажлыг 2003 онд Н.Энхбаяр санаачлан “Айвенхоу майнз”-аас 50 сая доллар авч оронд нь ОТ-д хайгуул хийх 4 ш лицензийг тэдэнд олгосон. “Айвенхоу майнз” манай талд лиценз хүссэн өргөдлөө өгөөд 14.30 цагт ердөө л 3 цагийн дараа лицензээ олж авсан юм. Ийм “хөнгөн шуурхай”, “ид шид”-тэй ЗГ дэлхийд байхгүй…


1990-2000 онуудад манай эдийн засаг бүхэлдээ нурсан бөгөөд энэ үед гадаадын зээл тусламж гэсэн нэг том суваг бий болов. Монголын төр засаг эдийн засгаа хөгжүүлэх нэрийн дор гадаадын зээл тусламжийн мөнгийг хуваарилах “сайхан” ажилтай болов. Гадаадын зээл тусламжийн мөнгө надад ч, Танд ч хүртээл байхгүй. Мөн жижиг, дунд бизнесүүд хувь хүртэнэ гэж өдрийн од шиг. Түүнийг хүртдэг нь том баячуудад… Гадаад зээл тусламж бүх салбарт ирдэг байсан болохоор эдийн засгийн бус салбарууд, тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалах, цагдаа, хууль хүчний байгууллагууд эдийн засгийн үүрэгтэй болж, авилгад идэгдэж эхлэв.   


Энэ нь Монголын төр засаг бүхэлдээ авилгалд идэгдэх суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.


Хамгийн эхэнд том хөрөнгөтнүүд татвараа төлөхгүй хурааж байж байгаад төр засгаас татварын өршөөлд хамрагдах балиар аргыг санаачлан “амжилттай” суралцав. Төр засаг 30 жилд 15 удаа татварын өршөөл үзүүлэв. Татварын өршөөлөөр хамгийн их хождог нь том компаниуд байдаг.     


Хөрөнгөтний ялгарал


Монголын хөрөнгөтнүүд харьцангуй богино хугацаанд хөгжил хувьслын хэд хэдэн шатыг туулжээ. Одоогийн хэмжигдэхүүнээр бол манай хөрөнгөтнүүдийн анхдагч хөрөнгө мөнгө инээд хүрмээр өчүүхэн байсныг дурдах хэрэгтэй. Эхлээд Монголд өмчтөн буюу бизнесүүд үүсэв. Эдгээр нь анхнаасаа жижиг, дунд, том гэсэн 3 хэсэгт хуваагдаж байв. Одоо бид манай сэдэвт хамаарахгүй жижиг, дундыг ярихгүй, зөвхөн том бизнесүүдийг ярина. Үүнийг “том” гэсэн тодотголтойгоор өмчтөн, бизнес, хөрөнгөтөн, олигархи гэж янз янзаар нэрлэдэг боловч олигархи нь илүү зохимжтой. 


Том бизнес буюу олигархи гэдгийг: Монголын эдийн засгийн нэг буюу хэд хэдэн салбарт асар их жин дарж, түүний зонхилох, дийлэнх хувийг эзэлдэг, тухайн салбарынхаа төрийн бодлого, шийдвэрт шууд болон шууд бусаар нөлөөлөх монополь давуу эрхтэй, олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан, гадаадаас их хэмжээний зээл авах өргөн боломжтой, гадаад түнш болон аль нэгэн улсын өргөн дэмжлэгтэй, өөрийн гэсэн ХМХ-тэй, тогтмол пиар ажиллагаа явуулдаг, өөрийн шууд болон дам төлөөллийг төрийн дээд байгууллага-УИХ, ЗГ-т байршуулсан, улс төрийн сонгуульд дам байдлаар шууд нөлөөлдөг улс төр-санхүүгийн хувьд хүчирхэг цөөн тооны бүлгүүд гэж тодорхойлж болно. 


Хэрэв олигархууд улс төртэй холбогдож, нэгдэн нийлсэн бүлэглэл үүсгэвэл түүнийг улс төр судлалд “олигополи” гэж нэрлэдэг, мөн олигархууд улс төрийн шийдвэр гаргахад шууд болон дам оролцдог тогтвортой бүлэглэл үүсгэвэл түүнийг “истеблишмент” гэж нэрлэдэг. Харамсалтай нь монголчууд “олигополи”, “истеблишмент” нэр томъёог мэддэггүй, хэрэглэдэггүй. Дашрамд би “истеблишмент” гэдгийг “давуу эрхтэн” гэж орчуулсан. Бүгдийг нь нийлүүлж байгаад “муусайн олигархууд” гэж загнах нь улиг болсон тэнэглэл болох тул цаашид эдгээр нэр томъёог хэрэглэвэл тун зүгээрсэн…


Одоо бол Монголын төрийн эрх мэдэл цөөн тооны “олигополи”, “истеблишмент” бүлэглэлийн мэдэлд бүрэн орсон ба Монголын улс төрийг эдгээр бүлэглэлийн найрсал зохицол, зөрчил тэмцэл бүхэлд нь тодорхойлж байна. Иймээс “манайд засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байгаа” гэх томъёолол зүгээр л чалчаа чамирхал, бас тэнэглэл юм.        

         

Одоо намайг “Чи муу чаддаг юм бол бүх олигархуудыг нэрлээдэх” гэж загнах нь мэдээж хэрэг. Энийг чинь “30 гэр бүл”, “300 гэр бүл” гэх мэтээр маш олон хүн нэрлэсэн. Түүнээс гадна хэрэв толгойгоо ажиллуулбал хэн ч гэсэн тэднийг нэр нэрээр нь гаргаж чадна. Манай олигархууд цөөн тоотой. Гэхдээ тэд том эрх ашгаараа нэгдэн улс төр-эдийн засгийн бүр ч том бүлэглэл болох ба энэ 3-5-өөс хэтрэхгүй. Энэхүү 3-4 бүлэглэлийн тэмцэл өрсөлдөөн өнөөгийн Монголын улс төрийг тодорхойлохоос гадна ард түмнийг улс төрийн хувьд мөн 3-4 бүлэглэлд хувааж өөр хооронд нь байлдуулж байна. Өөрөөр хэлбэл манай ард түмэн олигополи бүлэглэлүүдээ даган хөөрцөглөж байна.


Монголын сонгогчдын лавтайяа тэн хагасаас доошгүй нь (энэ тоог би мэднэ, гэхдээ одоохондоо хэлэхгүй) олигополиудын сүлжээнээс өгсөн мөнгөөр саналаа өгдөг болсон нь нууц биш бөгөөд энэ нь манай ард түмэн идэвхигүй, арчаагүй, үхээнц болсны тод нотолгоо мөн. Энэ нөхцөлд “ардчилал”, “шударга ёс” гэж орилох нь зүгээр солиорол.


1992-1996 оны УИХ-д бизнес хүн байгаагүй, мөн 1996-2000 оны УИХ-д бас л бизнес байгаагүй. Харин 2000-2004 оны МАН болон УИХ-д бизнесүүд хүч түрэн орж ирэх болов. Энэ нь Н.Энхбаярын ид мандаж байсан үе бөгөөд түүнийг “авилгалын загамлмайлсан эцэг” гэж нэрлэсэн нь зүй ёсны хэрэг юм. Дашрамд маш тодорхой судалгааны үндсэн дээр би “авилгалын загалмайлсан эцэг” нэр томъёог анх гаргасан. Товчоор хэлбэл Монголын төр, төрийн албан тушаалыг үнэ хүргэн худалдах нүгэлт ажлыг Н.Энхбаяр эхлүүлсэн. Энэ үеэс эхлэн төрийн албан тушаалын үнэ, ханш тогтож, жил дараалан нэмэгдсээр одоо “төрийн зах зээл” гэж нэрлэж болохоор адгийн систем болон тогтсон. Өнөөгийн Монголын парламент, ЗГ тэр чигээрээ олигополиудын шууд болон дам төлөөлөл болон хувирсан. Хамгийн аймшигтай нь манайд ард түмний дийлэнхи олонхи нь “манай хулгайч сайн, хүний хулгайч муу” гэсэн муу ёрын, тэнэг, солиотой сэтгэл зүйтэй болсон явдал юм.                        


Хагас үнэн бол үнэн биш      

  

Эхлээд К.Марксын нэгэн алдарт ишлэлийг сануулахыг хүсч байна: “Капиталд 10%-ийн ашиг өгвөл тэр юу ч байсан зөвшөөрнө, 20%-ийг өгвөл тэр баясан хөөрч эхэлнэ, 50%-ийг өгвөл толгойгоо ч алдахаас буцахгүй, 100%-ийг өгвөл хүн төрөлхтний бүх хуулийг уландаа гишгэнэ, хэрэв капитал 300%-ийн ашигтай бол дүүжлүүлэхээс айх хэдий ч түүнд үзээд алдахгүй гэмт хэрэг гэж байхгүй болно.” (К. Маркс и Ф. Энгельс. Сочинения. Изд. 2-е. Т. 23, С. 770.) Манай олигополиуд эхлээд хөрөнгө мөнгө, улмаар улс төрийн эрх мэдэл хуримтлуулахын хэрээр бяр нь амтагдаж, даврах болсон ба дээрх дурдсан ишлэлийг бүр хэтрүүлэн хэрэглэх болов. Энэ давруу зан нь сүүлдээ төр засагтай тэрсэлдэх, төр засгийг бүхэлд эзлэн авах өрсөлдөөн болон хувирав. Үзэгдсэн харагдсан болгоноо нэг мөсөн, том жижиг ялгаагүй хуу хамах солиотой өвчин улс төр судлалд “нувориш” гэж нэрлэдэг шинэ хөрнгөтний арчаагүй зан юм. Манай олигополиуд нүнжиг сууж, жинхэнэ хөрөнгөтөн болох болоогүй байна.    


Одоо ил харагдаж байгаа МCS болон ЗГ-ийн тэмцлийг авч үзье: Хэрүүлийн байдлыг үзвээс МCS, ЗГ хоёр байлдаж байгаа харагдана. Арай лавшруулаад харвал МСS-ын талд МАК байгаа нь харагдана. Бүр лавшруулаад үзвэл MCS-ын нөгөө талд буюу ЗГ-ын талд ямар ямар олигополи байгаа вэ? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. Байлгүй яахав. Чухам энийг бодож олж чадахгүй байгаа учраас манайхан тэнэгтэж өгдөг юм. Харин энийг Та нар өөрсдөө бодож ол. Хааяа ч гэсэн толгойгоо ажиллуулж сурах хэрэгтэй ш дээ, манайхан. Нэг их түвэгтэй юм биш л дээ… МСS даварсан уу, даварсан. МСS тендер болгоныг хуу хамдаг уу, хамдаг, тусгай тагнуул ажиллуулдаг уу, ажиллуулдаг. МСS ганцаараа тагнуулдаад байна уу гэвэл үгүй, зөвхөн өнөөдөр тагнуулдаад байна уу гэвэл бас л үгүй…  


Би одоогоос 8 жилийн өмнө 2017.11.16-нд ингэж бичиж байлаа: “Эдүгээ улс төрчдийн “өөрийн гэсэн” тагнуул, цагдаатай болох “өвчин” халдварлан тархаж, Монголын том том компаниуд бас л “өөрийн гэсэн” хамгаалалт, тагнуул, цагдаагийн албатай болж байгаа нь нэг их нууц биш болжээ. Сүүлдээ том компанийн “тагнуулууд” том улс төрчдийн “тагнуултай” нэгдэн нийлэх үйл явц болж байна.” (https://gankhuyag.com/2017/11/16/oroyieiutyaydfyaydy/)


Бие биенээ тагнаж чагнах явдал бол монголын төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон олигополиудын маш эртнээс хийж, систем болон тогтсон гаж үзэгдэл мөн.   


Одоо асуудлын өөр нэг тал руу оръё: Аливаа үзэгдэл юм, түүний дотор арилжаа наймаа заавал 2 талтай байдаг. Өнөөдөр МСS-ийг Ухаа худаг, Баруун Наранг “зүгээр авсан” гэж буруутгаж байна. Энэ бол үнэн, МCS үнэхээр даварсан. гэхдээ үнэний нэг тал, хагас үнэн.


Энд зарчмын хоёр асуудал үүснэ: Нэг дэх асуудал. Эдгээр ордыг МCS авсан юм бол өгсөн тал нь хаана байна? Өгсөн тал нь Монголын төр, тодруулбал МАН, АН-ын нэр бүхий албан тушаалтнууд. Өгсөн талыг ярихгүй, авсан талыг буруутгах нь наад зах нь заль мэх, цаад тал нь гэмт хэрэг мөн. Хоёр дахь асуудал. МCS-ээс өөр олигополи ямар ч орд өмчилж аваагүй юу? Авахаар барах уу? Өмнө нь ч авч байсан,одоо ч авч байгаа. Энэ асуудлыг би үйл явцын өрнөлөөс шалтгаалан удахгүй дэлгэрэнгүй тайлбарлана.   


Дүгнэлт хийгээд шаардлага


Монголын төр эхлээд олигополиудад буулт хийж, өөрийгөө худалдав, улмаар олигополиудтай хамтран Эх орноо зарах хэмжээнд хүрсэн нэг талаар нэгдмэл, нөгөө талаас өрсөлдөн тэмцэлдэгч том бүлэглэл болон хувирчээ. Энэ бол зөвхөн МCS болон ЗГ-ын тэмцлийн асуудал биш, харин төрийн мөн чанарын маш том асуудал мөн.


Хамгийн эхлээд төр болон олигополиудын үйлдэлд том өөрчлөлт хийх цаг аль хэдийн болсон байна.


Нэг. Олигополиуд даварсан зангаа татаж, төрийг авилгаддаг, худалдаж авдаг бузрын шунахай арга барилаасаа татгалзах ёстой. Олон жил хэрэглэж ирсэн энэ ёрын арга чинь хоцрогдохын дээдээр хоцрогдож явцгүй болсон бөгөөд цаашдаа монголын төр, нийгмийг сүйрэл рүү хөтөлж байна.


Хоёр. Төр засаг аль нэг олигополийн эрх ашгийг хамгаалж, бусадтай нь дайтдаг тэвчиж болшгүй зан үйлээ татах ёстой. Төрийн гол үүрэг бол өрсөлдөгч эрх ашгийн тэнцвэрийг хангах явдал юм. 


Гурав. Олигополиудын өрсөлдөөн тэмцэл эрүүл ухааны алив хэм хэмжээнээс хэтэрч сүүлдээ хувь хүний хорсол занал, өш хонзонгийн асуудал болох хувирсан нь аймшигтай. Иймд олигополи бүлэглэлийн удирдагчид (нэрлэх шаардлагагүй гэж бодож байна) ажил үйлдлээсээ хувийн сэтгэл хөдлөлийн атгаг муухай араншингаа хасах ёстой.   


Дөрөв. Төрөөсөө том компани гэж байдаггүй, олигополиудаа бүрэн устгадаг төр гэж байдаггүй учраас төр болон олигополи бүх бүлэглэлүүд яриа хэлэлцээрт орж, цаашдын “тоглолтын дүрмээ” стратегийн болон дээд түвшинд тогтоож, наад захын шударга, тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй.


Тав. Аль ч тохиолдолд системийн өөрчлөлт хийхгүйгээр дээр дурдсан шаардлагын нөхцлүүд биелэхгүй. Системийн өөрчлөлт хийх нь олигополиудын ажил биш, харин төр засгийн, тодруулбал Л.Оюун-Эрдэнийн хийх ёстой ажил юм. “Төр хувийн хэвшлийн түншлэл” гэж Та нар л ярьдаг болохоос би ярьдаггүй. Өөр зам байхгүй учраас “түншлэх гээд” үзэхгүй юу ?! Үүнээс өөрөөр бол хувьсгал, дайн, сүйрэл гарцаагүй…




Судлаач Х.Д.Ганхуяг


Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу