
НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 25 /DW/. АНУ-ын танилцуулсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталжээ. “Энх тайванд хүрэх зам” гэдэг нэртэй уг тогтоолд Украин дахь дайныг нэн даруй зогсоохыг уриалсны сацуу Оросыг түрэмгийлэгч гэж нэрлээгүй байна.
Даваа гарагт болсон санал хураалтаар уг баримт бичгийг Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнээс ОХУ, АНУ, БНХАУ зэрэг 10 гишүүн улс дэмжжээ. Байнгын гишүүн улсууд болох Их Британи, Франц зэрэг таван улс санал хураалтад оролцохоос түдгэлзжээ.
Украинд дайн эхэлснээс хойш НҮБ-ын Аюулгүй Зөвлөл анх удаа уг дайны талаарх тогтоолыг баталлаа. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдэхдээ, тогтоолын төслийг баталсан нь мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах цаашдын хүчин чармайлтын эхлэл гэлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины асуудлаар хоёр өөр тогтоол баталлаа
Мөн өдрийн үдээс өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины дайны талаар хоорондоо ялгаатай дүгнэлтийг хийсэн хоёр өөр тогтоолыг баталжээ. Эхний баримт бичгийг Украин болон Европын Холбооны орнууд хамтран боловсруулжээ. Уг тогтоолд Украины эзэлж авсан нутгаас цэргээ нэн даруй гаргаж, байлдааны ажиллагаагаа зогсоохыг ОХУ-аас шууд шаардсан нь НҮБ-аас өмнө нь гаргасан шийдвэрийн агуулгатай нийцэж байгаа юм.
Энэхүү баримт бичгийг 93 улс дэмжсэн бол 65 улс түдгэлзэж, Орос, АНУ зэрэг 18 улс эсэргүүцсэн санал өгсөн байна.
Хоёр дахь тогтоолыг АНУ бэлтгэжээ. Уг тогтоолд ОХУ-ын цэргийн түрэмгийллийг буруушаагаагүйгээс гадна, дайныг "мөргөлдөөн" гэж нэрлэсэн байна. Түүнчлэн Оросын цэргүүдийн эзлэн авсан Украины нутаг дэвсгэрийн талаар, ОХУ-ыг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг, мөн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх шаардлагатай байгааг дурдаагүй байв. Тогтоолын төсөлд Европын орнуудын санаачилгаар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, "шударга энх тайван"-д хүрэх тухай заалтыг нэмж оруулжээ. Уг баримт бичгийг 93 улс дэмжсэн байна. АНУ, Украин зэрэг 72 улс түдгэлзсэн бол ОХУ эсэргүүцсэн санал өгчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Дайн удахгүй төгсөх байхаа Гурван их гүрэн нэгджээ
НҮБ ямарч чадамжгүй байгууллага. Өнгөрсөн 20 дугаар зуунд Израйль Палестины асуудлаар маш олон тогтоол гаргаж байсан өнөөдөр нөгөө дайн нь улам гүнгийрсээр л. Цаасаар дайныг зохицуулж болдоггүй энэ жишээ харуулж байгаа юм.
Бид л НҮБийг дэлхийн засгийн газар шиг буруу ойлгосон болхоос том гүрнүүд энэ дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мөргөлдөөнөөс болоод хоорондоо шууд байлдхаас зайлс хийх зорилгоор уулзаж ярих талбар болгон байгуулсан юм үүү дээ. Украйны асуудал хоёр том хоорондоо шууд мөргөлдөх хэмжээнд хүрмэгц бусдыг үл тоон хоорондоо уулзаж бна.АНУ украйныг авч үлдэх гэж оростой байлдснаас өгсөн дээр гэж үзэж байгаа учраас л европыг тойргын гадна үлдээж бна.
Рашист Орос Украинаас савраа тат