sonin.mn

Дэлхийд өнөөдрийн байдлаар 130 гаруй халуун цэг асаж том жижиг үймээн самуун, дайн тулаан болж байгаа юм. Бид түүнээс гуравт нь голлон анхаардаг юм.


Далай гаталсан унаа, борооны ус зүсэн Мюнхений нисэхийн шальдар булдар талбайд газардлаа. Аавын нэрийг томоор бичсэн цаас барин ёслолын бүсгүй угтлаа. Онгоцны хаалганаас аваад өвчүүн дор нь зогсох машинд суулгав. Буудлын VIP хаалганаа ирэхэд албаны шүхэр барьсан хүн лимузины хаалга онгойлгов. -Хөнгөн яваа гээд гар цүнхээ өгөхөд, -Аялж сурсан эрхэм байна гэсээр машины хаалга хаав. Шууд нисэхээс гарч зам руу орлоо. -Ноёнтоон таны зочид буудал хүртэл 48 минут явнаа гэв. -Гаалиар гарах энэ тэр яах билээ гэж гайхахад, -Санаа зоволтгүй, бүх юм юм болсоон гэлээ.


Баваар. Энэ бол Герман улсын хамгийн том нутагтай, өөрийн засаг, парламент, бараг хаантай шахуу хүчирхэг муж бөлгөө. Вантаны сурвалж түүхийг Гүүгл рүү ороод "House of Wittelsbach" гээд хайвал бүгд гараад ирнэ. Ургийн модоо 907 оноос эхлүүлж тоолдог айл. Манай Чингис хааныг төрж байх үесээс энэ цагийн Алтан Ураг нь эх авчээ. 2013 онд "Duke of Bavaria" 80 насны ойгоо тэмдэглэж ургийн баяраа хийсэн. 2500 хүн ургийн баярт нь төлөөлөл болж биечлэн ирсэн гэжугаа. Гитлерийг сонгуульд ялж, засаг авдаг жил төрсөн эдний гэр бүлийн тэргүүн, өв залгамжлагч Franz von Bayern гуай өдгөө 92 насны өрхөө татан эсэн мэнд сууж байх юм.


Адгийн Гитлер хүртэл их түүхийн амьд залгамж алтан ургаа оролдоогүй, алаагүй, түүж устгаагүй аж. Түйвээж хөрөнгө зоорийг нь хураагаагүй. Эдний нэг гэр бүл гэхэд Баваарын түүхийн хосгүй үнэт 13 мянган эд хөрөнгө эзэмшдэг гэнэ. Ихэс дээдсийнхээ хурааж цуглуулсан хөрөнгө буянаас олон төрлийн сан хандиваар нь дамжуулан ард олон нь хүртэж суух юм. Шар айраг, дарсаа нэрж, сүм хийд музей үзмэртээ эзэн болж Баваарын нэр төр, өнгө имижийг хадгалсаар. Төр нэрээр дайчлан булаасан удаагүй болохоор газар нутаг баялаг нь хүртэл гэр бүлд нь бүртгэлтэй бас эзэнтэй түм түжигнэж бум бужигнаад байж байх. Гитлерийн үед эднийхээс ганц нэг нь "ардын дайсан"-д тооцогдож цөөн жил аавын хаалга татаад авч. Харин алтан ургийн гал голомт, айл өрх нь олон зуугаараа эсэн мэнд фашизмын засаглалыг давжээ.


Манайд яасан билээ! Эзэн Чингисээс өвлөж авралдаа багтааж ирсэн Алтан Ургаа бид хорь гучаад оны их хядлагаар алж устгаад дансыг нь дугуйлсан. Орос монгол нийлсэн коммунист ноход алтан ургаас нас биед хүрсэн эр байтугай хүүхэд, жирэмсэн эмэгтэй хүртэл үлдээлгүй толгой дараалан хөөж буудаж, бүртгэж цаазалсан. Алтан ургийн дөрвөн зуу гаруй хүнийг хот хөдөө ялгалгүй нэгжиж түүж алсан гэж яригддаг. Тэр 400 байсан бол өдийд Чингисийн удмын айл өрхүүд ургийн баяраа Баваарын энэ хэдээс дутахгүй олуулаа нижгэр тэмдэглэх байсан байх. -Манай их хааны удам судар, Чингисийн төд дэх үе гэж хол ойрынхонд гайхуулж уулзуулахад сууж байх байж.


Большевикууд сүүлчийн хаанаа цэцэг цэврүү шиг тэрсхэн дөрвөн охин, насанд хүрээгүй хүүтэй нь, хатантай нь буудан алж, шороонд булсан. Тэр цагаас хойш өөдөлсөн нь ер үгүй. Одоо ч тэр улаан суртлыг дагагсад цөөнгүй газар ханцуйндаа хутгатай, Засгийн гинж хангинуулан, ард иргэдийнхээ тархийг угааж, харанхуйлан цөлмөсөөр байна. -Ленин, Сталин, Мао энэ тэрийн хажууд бол тэр муухай фашизм чинь сурагч нь шахуу юм шүү. Эдний угсарсан шорон хорих лагерь, тараасан тахлаар дамжиж амь насаа алдсан хүнийг тоолбол Гитлер тоосонд нь хоцорно гэж өвгөн Яковлев бичсэн байсан.


Bayerischer Hof. Мюнхений зүрхэнд орших түүхт зочид буудал. Аюулгүй байдлын асуудлаар анхны хурал энд 1963 онд болжээ. Бид хоёр чацуу ажгуу. Одоо бол энэ бөмбөрцөгийн аюулгүйн асуудал ярьдаг хамгийн чухал газарт тооцогдоно. Дал гаруй орны дөрвөн зуу орчим оролцогч зөвхөн урилгаар жилдээ нэг цугладаг газар. Энэ удаа би "The Elders" байгуулагынхаа шугамаар тус хуралд бусад нөхөд, ажлын алба гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Тусгайлан нэр зааж биднээс тавыг нь энэ жил урив. Анх Нелсон Мандела санаачлан байгуулсан, босго өндөртэй, арван хоёр гишүүнтэй, онцгой клуб.



Дэлхийд өнөөдрийн байдлаар 130 гаруй халуун цэг асаж том жижиг үймээн самуун, дайн тулаан болж байгаа юм. Бид түүнээс гуравт нь голлон анхаардаг юм. Израйль Палестин тойрсон хямрал, түүний дотор Газын зурвас. Мяньмарын асуудал. Орос Украины дайн. Дээр нь бид хүн төрөлхтний амар амгалан, аюулгүй байдал, хөгжил дэвшилд хамаатай дөрвөн үндсэн асуудлыг тойрч ажилладаг. Цөмийн зэвсэг, цаг уурын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан цар тахал.


-Мэргэдүүд минь мэргэн санаагаа хуваалцаач гэсээр Египетийн Гадаад хэргийн сайд уулзлаа. Газын хямралыг яаж шийдэх тухай Ерөнхийлөгч Трампын "Riviera" санал Арабын орнуудыг түргэн авахад хүргэж. Тэд нэгдсэн санал боловсруулах ажилд шуурхайлжээ. Сэргээн босголт, засаглал, аюулгүй байдал гээд. Ер нь саналын гол нь босчээ. Ямар шатлал, арга тактикаар ажиллах зэргээ сүрхий харсан байна. Египетэд удахгүй арабууд дээд түвшний уулзалтаа яаравчлан хийж гэдэс дотрыг нь ярих юм. Энэ асуудлаар гол зуучлагч болсон Катарын Гадаад сайд болон бусад өндөр албаныхан бидэнтэй бас уулзав. Иран, Сауди гээд гээд байр суурь нь тодров. Зарим оронд нь айлчлах, цаашид яаж ажиллах, бид юу хийх гээд газрын зураг гайгүй сайн тодорлоо.


-Эд хүн алж, хөрөнгө талаад зогсохгүй хүүхдүүд аваад явчих юм. Булаагдсан хорин мянгаас бид дөрвөн зууг нь эргүүлж авлаа. Эзлэгдсэн газар байгаа сая, зургаан зуун мянган хүүхдийн хувь заяа дээсэн дөрөөн дээр байна, гэж Нобелийн шагналт, турьхан Украйн бүсгүй ажлаа ярьж уулзлаа. Бид Украйны талын хүсэлтээр хэд хэд асуудлаар хамтарч янз бүрийн түвшинд ажилладаг юм. Дайнд сүйдсэн байгаль орчин, эзлэн түрэмгийлэгчдийн олон улсын өмнө хүлээх хариуцлага, эрчим хүчний сэргээн босголт, аюулгүй байдал гээд. Нэг нь өвдөхөд бусад нь санаа тавьдаг шиг л олны хүч дэмжлэгээр Украйн өнөөдөр ч амьдарсаар байгаа. Европ Украйн хоёр нэг палатын өвчтөнүүд шиг ажиллаж амьдрах үе ирж байна. Хамгийн сүүлд уулзсан Эстоний Гадаад Хэргийн сайд олон асуултад бодитой хариу өглөө. Жижиг орны аюулгүй байдал гэж юу болохыг, яаж тэсэж үлдэхийг сайн мэдэх юм.



J.D. Энэ удаагийн Мюнхений хурлын голлох сэдэв нь Украйн мэдээж Цагаан ордны шинэ эзэн. АНУ-гаас Дэд Ерөнхийлөгч нь төлөөлөгчдөө ахалж оролцсон. Чуулганд хэлэх үг нь онцгой анхаарал татаж байлаа. НАТО, Украйн, дайны талаар бараг дурсахгүй өнгөрөв. -Европчууд та нар байгаа байдлаа хараач гээд. Үг хэлэх эрх чөлөө, сонгууль, дүрвэгсэд... жишээ татан ярив. Олон хүний нүдийг томруулж, бас дургүйг хүргэж, шуугиулж орхив. Европ Америк хоёрын хооронд зарим асуудлаар бээрийн хиртэй ангал үүсчээ. Үгийн тайлал таамаглал, үнэлэлт дүгнэлтийг ярих ч юм биш. Сэм өвөөгийн сонгууль Европт үргэлжилж байгаа мэт. Харин хэт барууны улс төрчид баярлаж буй нь илт.


-Хот шинэ цагдаатай болсон. Юу хийх, юу эс хийхээ өөрөө мэднэ. Та нарын босгосон шулмыг Америк арван жил тэвчээд л явж байна. Элоныг хэд хоног тэвчилдээ гэж энд удахгүй болох сонгуулийг дайруулж тэр хэлэв. Мюнхенд Америкаас 15 сенатор, төлөөлөгчдийн танхимын 17 гишүүн иржээ. Их сургууль, тинк танк, яам тамгын нэр зүс таних хүмүүс зөндөө. Их гүрний бодлого тодорхойлдог, ажлаа мэддэг хүмүүс хаа очиж юу сонсох, хэнтэй нүүр тулж уулзаж ярилцах, үнэт цагаа яаж зарахаа хүртэл андахгүй мэдэх юм. Бүтэн жилийн бодлого, үйл ажиллагааныхаа өнгө чигийг Баваарын энэ дэн буудал тойрч олж авах гэж зүтгэж байгаа нь ойлгомжтой.


-Ачаагаа шилжүүлж ачихад хэдхэн хоног үлдлээ. Засагт шинэ хүмүүс ирэх ч удахгүй хөрсөн дээрээ бууна. Бидний уулзахгүй хүмүүстэй уулзаж, хүрэхгүй газар хүрдэг хүмүүс, Та нарын бодол юу байна гэж цаасан малгай өмсүүлэн Германы сайд яриагаа эхэллээ. Англи, Герман, Франц гээд Европын гурвалыг тойрч бидний уулзалт хэсэг болсон юм. Ерөнхийлөгч Макроны маргааш Парист хийх Европын дээд хэмжээний цугларалтын үр дүнг хөндсөн яриа таамаг багагүй өрнөлөө. Бразилийн Лулагийн туршлагатай зөвлөх, Red Cross, UNRWA-гийн дарга нар, Туркийн сайд, Елисэйн ордны тамга, Ирландын Тиишок (ЕС), НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргад нэр дэвшигч бүсгүй гээд уулзалтууд морь харах ч зай өгөхгүй үдээс хойш үргэлжлэв. НҮБ гэснээс биднийг Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар зуучилж ажиллах урилга санаа хоёр ч газраас гарлаа. Бид ч энэ талаар бэлдсэн олон хуудас, зураг танилцуулга халаасалж явдаг юм. Нью Йорк болон бусад нийслэлд очих бас нэг шалтгаан. -Эзэд нь найрсаг, дарс нь шимтэй бол тэтгэврийн бид татгалзах юу байхав гэж манай ахлагч хариу барилаа.


Тедрос. Эмнэлгийн дарга сандруу явна. Боргол оочих цагаар гүйж ирж уулзлаа. Этиопийн Гадаад сайд байхдаа Адис Абебэд онгоц хүлээх зуур, таван цаг буу халж танилцсанаа манайханд ярьж ам нээлээ. Миний өгсөн түүхийн номуудыг уншсанаа дурсаад авлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсөв хэцүүджээ. Америкийг тэндээс гаргах Трампын захирамжаас болоод жилдээ авдаг байсан 650 сая ногоон ирэхээ байж. -Америкийн татвараар бид Түргэн Тусламжаа хөдөлгөдөг байсан юм. -Хятад нөхөж өгч чадах нь уу гэсэн чинь, -Үгүй ээ, ковидын үүсэл гарлын асуудлаас хойш тийм дэмжлэгт гар сунгахаа больсон гэв. -Америкийн 2024 оны татвар ороод ирвэл жаахан уужрах гээд байна. 9800 хүн дэлхий даяар ажилладаг, шинийг авах байтугай, байгаа хэдийнхээ урамшил, томилолт, үйлчилгээг яая гэж байна. Гэйтс, Баффет, Нордикын сан руу гарц юу байна? Та нар донжийг нь олоод мэдэгдэл, уулзалт, захиа энэ тэрдээ манайхыг болгоож үзээрэй гэлээ.


ДЭМБ-тэй бид их ходий. Гарч болох цар тахал, түүнд бэлэн байх тухай НҮБ болон том орнуудын дарга нарын чихэнд хонх уясаар байгаа юм. Ковидын үеэр олон тэрбум доллар босгох ажилд хамтарч идэвхтэй ажилласан. Монгол руу ч хэсэг нь тусламж дэмжлэг болж очсон. Миний хамаарал бүхий үүрэг хариуцлага хүлээж ажилд нь оролцдог олон улсын сан клуб, байгууллага санаачлага гээд арваад юм бий. Тэдний зургаа нь Мюнхенд иржээ. Өглөө долоон цагт босоод шөнө 2 болж байхад өрөөндөө орох маягтай. Өглөөний цай, үдийн унд, орой зоог хүртэл бүгд л давхар арга хэмжээ, уулзалтууд.



Зеленскии. Дайны өмнөхөн өдрөө хүлээж байгаа мэт мэдрэмж төрдөг байв. Одоо бол үг үйлдэл бүр нь дэлхийн хараа анхаарал татдаг, үйл явдал түүх болж өрнөдөг хүн болжээ. Европ, Америк, Орос, Хятад, Энэтхэг, Япон, Араб, Бразил, НАТО, НҮБ, ЕХ, сум зэвсэг, талх хүнс гээд түүний үг, уулзалтаас олон үйл явдлын өрнөл хамаарч байна. Өнөөдөр Европт маргааш Азид гарч болох асуудал. Сэтгэл нь хөдөлж, хоолой нь зангирч байгаа бололтой. Алгаа таших нь байтугай, хүн рүү эхэлж гараа сунгахдаа харам эрхэмүүд дуу алдан алдан нижигнүүлж байдаг шүү. Зеленскиин оронд хэн ч өөрийгөө тавиад харсан сэтгэл хөдлөхөөр. Олон улсад ийм нэр нүүртэй, алдар хүндтэй нэг хүнтэй байхад жижиг том аль ч оронд адилхан зүйрлэшгүй том баялаг юм. (Юун Оюу Толгой, Эрдэнэт, уран) Их зүтгэл, зориг, авъяас, ухаан, чадвар шаардах ажил. Зеленскии уг шалгуурыг давж гарсан, сандал суудалдаа элбэгхэн тэнцсэн удирдагч болжээ. Том жижиг ямар ч гүрэн, дарангуйлагч ардчилагч хэн ч бай эрх ашгаа л боддог, алин ч новш. Украйныг Украйн л хамгаална, босгоно гэдгийг шавилхан энэ хууз хүн ойлгохын сайнаар ойлгожээ. Мундаг ч нүүдэл хийх юм. Тавхан алхамын наана цаанаас үг яриаг нь сонслоо.




-Украйны асуудлыг Украйнгүйгээр шийдэхгүй. МараЛог руу салж гүйлдэхээ болъё, хамтдаа байя, бид задарвал бусдын идэш болно, Европ өөрийн Зэвсэгт хүчнээ босгоё гэх санааг олны зүрхэнд тэр суулгаж өглөө. Европын хорин долоон орныг Америк, Оросын өөдөөс нэгтгэж байгаа бараг цорын ганц шалтгаан нь Украйн болж чаджээ. Мянга гурван зуун километрийн өргөн фронтод хол ойроос зэвсэглэн довтлох хүчийг зогсоож устгаж байгаа арми, ард түмэн түүний ард байна. Өнгөрсөн жил гэхэд л Украйн сая гурван зуун дрон дангаараа үйлдвэрлэж ашиглажээ. -Оросын гурван сар тутам гаргаж байгаа сум зэвсгийн тоо Европын бүх орон нийлж нэг жилд хийдгээс их байна гэж саяхан ажлаа авсан НАТО-гийн дарга хэлж байв. Ийм армийг сульдаах хүч Украйнд хэдийн бий болж. Энэ хүн Украйны жинтэй хүнд ачааг үүрч, нэр нүүрийг нь улайлгахгүй ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болж чадаж байна.


Юлия, Светлана, Зин, Маяа. Зовлон туулж, дарлал хагацал үзэж яваа ч гэзгээ боож дуулга асгарсан сэцэн Мандухай шиг гэрэлтэж яваа бүсгүйчүүдийг би биширдэг. Хайртай хань нь шоронд алагдсаныг сонсоод Мюнхений хурлын индрээс дэлхийг шимшрүүлж, зоригжуулж бас бишрүүлж зогссон Юлия Навальная. Энэ өдрүүдэд нэг жилийн ой нь тохиож байгаа юм. Тэр бааштай ямаа шиг олны өмнө уйлж чарлаагүй, нулимсаа ч харуулаагүй юм тэгэхэд. Одоо ч нэг л янзаараа гялалзаж явна. Эндхийн хүсэмжит зочны нэг болжээ. Миний жилийн өмнө бичсэн "Alexei the great" бичвэрийг дурсаж сэтгэлээсээ баярлаж явдгаа хэлж халуунаар тэврэв. Түүнтэй уулзах гэж дугаарлах олны харцыг үл хэрэгсэн удаан дотно ярилцлаа. Зураг даруулаад буцаж алхах гэтэл Юлия мөрнөөс татлаа. Чихэнд шивнэх шахуу хэлсэн юм нь намайг уулга алдуулав. -Мартах шахлаа. Дипломын ажлаа би "Монгол Оросын худалдаа" гэсэн сэдвээр хийсэн гэлээ. -Wow, хаана , аль сургуульд, одоо байгаа юу гэхэд, -Мэдэхгүй гэж мөрөө хавчин, Плехановын сургуулийн нэрийг хэлэв.



Навальный гэх тэр инээмсэглэл дүүрэн нэр бие ганц боловч сая сая хүний зүрхэнд амьдарсаар байгаа юм. Тэр зарим амьд нэгнээс илүү амьд яваа юм. Хүмүүсийн яриа, ном кино, дурсамж гээд алийг ярихав. Түүнийг дахиж хоёрдохоо ална гэж байхгүй. Шарилд нь хүндэтгэл үзүүлэх гэж саарал Москвагийн гудамж талбай дүүргэн өвлийн хүйтэнд өдөр шөнөгүй цувах тэр цуваа одоо ч миний сэтгэлээс гардаггүй юм. Хойт хөршид маань эрх чөлөөний ирээдүй бий. Светлана бүсгүй Лукашенкогийн шоронд хоригдож буй нөхрийнхөө зургийг үргэлж барьж явдаг -Хоёр жил гаруй түүнээс ямар ч жирхрээ алга. Манай улс төрийн хоригдлуудыг суллахад та туслаарай гэсээр уулзлаа. Улсынхаа нэр нүүрийг дэлхийд өнгөтэй өөдтэй харуулж яваа Беларусийн итгэл сэтгэл болсон гайхалтай эмэгтэй. Ерөнхийлөгчөөр ард түмэн нь сонгосноос хойш хилийн чанадад улсаа төлөөлөн ажиллаж амьдарч яваа юм.


Дарангуйлагч, дарлагчдаа барьцаалагдан зовох улс орон, эрх чөлөө гэж байх. Тийм улсын нэг бол Мяньмар. Ард түмэн хүчтэй, ардчилал хэрэгтэй гэдгийг цус нулимсаа урсгаж төлж харуулж яваа үндэстэн. Одоо болтол газар нутгийнхаа ихэнхэд нөгөө улаан Хунт нь шонгүй байдаг. Сөрөг хүчнийх нь эзэмшил тэлсээр. Манай гишүүн Бан Ги Мүүн ноднин очоод ирсэн. Уулзалт ажлынх нь үр дүнд олон мянган улс төрийн хоригдол эрх чөлөөтэй болсон. Мяньмарын асуудлаар бид АСЕАН, Малайз, Тайланд, Филиппин, Энэтхэг, Хятадтай харилцаж ярилцдаг юм. Зин Мар Аунг нэрт Үндэсний Нэгдсэн Засгийнх нь Гадаад Хэргийн сайд бүсгүй бидэнтэй уулзсан юм. Өдөр алгасахгүй бөмбөгдөж буудаж шатаагаад байхад л эрх чөлөө, эх орноо өмгөөлж нум сум бариад ч хамаагүй үзэлцээд байгаа хүмүүс. Тэд ялнаа.


-Тайланд манайхны визний асуудалд хатуурхаад байгаа, та хэлж туслаарай, Стэнфордын хэдэд мэнд хүргээрэй гэж сайд бүсгүй аминчлав. Ноднин бид хамтарч сургуульдаа уулзалт лекц зохион байгуулсан юм. Цаазын ялыг халах асуудлаар Тайландад очиж яриа хэлцэл хийж явсныг минь сүүдрийн сайд уншсан аж. Маяа Ерөнхийлөгч -Та нар ямар байна гэж Монголын орчин нөхцлийг онцлон асууж уулзлаа. -Бид хаяа хатавчаа дэрлэж, хажуу хажуудаа амьдраад сурсан улсууд. Гайгүй, дажгүй гээд Молдав түмний бие хааг сөргүүлж лавлав. Ноднин хэцүү сөрөлт давж улсынхаа жолоог хоёронтоо барьж яваа турьхан бүсгүй. Манайтай тун төстэй ярвигтай асуудал ихтэй орон. Монгол маань хүн ард нь эрх чөлөөтэй, нээлттэй. Төвч байдлыг сахиж эрчтэйхэн гадаад харилцаатай байвал өлзийтэй. Олон улсын байр байдал алга урвуулах адил өөрчлөгдөж, хүчтэйн өмнө хүчгүй нь буруудах эгзэгтэй үе. Хоёр жилийн өмнө Украйн, Молдаваар явж бичсэн урт тэмдэглэлээ хэвлэлд өгөөгүй хуучрааж орхисноо дашрамд дурьдсуй.


Цөмийн зэвсгийн аюулаар хийсэн хэлэлцүүлэг болон хурлыг зохион байгуулагчдын тусгай зоогт уригдаж хоёр удаа үг хэллээ. Нэг танхим нь гайхширч нөгөө заал нь нижигнэтэл алга ташиж хүлээж авлаа. Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясаны 80 жил энэ онд тохиож байгаа юм. Сүүлийн гурван жил энэ асуудлаар хэдэн ч удаа хурал уулзалтад оролцов. -Хүн төрөлхтөн сүйрэхэд 90 хором үлджээ гэсэн "Doomsday clock" гэх цагийг Вашингтонд нөхдийн хамт танилцуулсан. Түүнээс хойш аюул хоёр хормоор ойртлоо гэж тухайн асуудлыг судалж дүгнэдэг цөмийн олон улсын хороо саяхан мэдээлжээ. Цөмийн зэвсэг сансарт гарах, бие даасан үүсмэл машин цөмийн толгойтой болох, гэнэтийн осол гээд нүүрлэх аюул хажууд ирэв. Байлгаад хэрэглэх аргагүй, хэрэглээд ялах боломжгүй бүгд сүйрэх утгагүй зэвсэг. Хамар хашаанд нь цөмийн бөмбөг дүүрэн сойлттой байгааг, түүний аюулыг мэдсээр байж аюулгүй дэлхий үлдээлээ гэж бид хойч үедээ хэрхэн хэлж чадах билээ!



Бидэнтэй хамт зоог барихаар хэсэг хүн хаалттай хаалганы цаана чухалчлан урьсан юм. -Эхнэрийг нь өмөөрөөд нөхөрт нь зодуулав гэгч болох шахлаа. Израйль, Арабын зарим улс төрч, олон нийтийн байгууллага, идэвхтэн хүмүүс зохион байгуулсан юмсанж. Зодолдох тулалдахаас наагуур юм болов. Хүмүүс яаж ширүүн маргалдаж, байр сууриа хамгаалдаг болохыг нүдээр үзэв. Гал ус. Хоёр талын байр суурийг би хувьдаа их олзуурхаж сонслоо. Алт амлаад ч Палестинчууд нутгаасаа явахгүй. Цусаар уйлсан ч Израйль террористуудыг дарна гэж үзэх юм байна. Дэлхий даяараа эмнээс суманд илүү мөнгө зарах хэнээрхэлд автжээ.


Хоёр дугаар дайнаас хойш нэг хэсэг тайвширсан далайд их шуурга нэгэнт босжээ. Хаана очиж зогсохыг мэдэх толгой алга. Харин бидний сууж яваа хөлөг Европ, Ази, Америк, Африк ялгалгүй хуучирч мууджээ. Гүнзгий ан цав цууралт өгч. Засаж янзлах, шинээр бүтээхийг бодитой хүсэгчид цөөдөх болж. Хүч чадал нь шавхагдаж. -Таны нисэх цаг хэцүүдлээ гэсээр унаа зохицуулж байгаа залуу уулзалтын хаалга тогшлоо. Өглөө босоод гурав дахь уулзалтаа хийж суугаа нь энэ. Яаран машиндаа суулаа. Жолооч залуу -Таныг амжиж хүргэнээ, гэсээр хурдан сүлжиж давхив. Буудалд богино үстэй бүсгүй тосож гараас хөтлөн хурдлав. Гурван цагийн өмнө ирэх хүн чинь ганц цаг үлдэж байхад зочид буудлаасаа хөдөлсөн юм. Шалгалт, хүлээлт алгасч гүйсээр Сан руу нисэх онгоцны хаалган дээр сүүлчийн зорчигч болж ирэв. Тусалсан бүсгүй "амжлаа" гэсээр хөлсөө арчлаа.


Мюнхенд ирэхэд муухайрч байсан тэнгэр цэлмэжээ. Баваарын тэнгэрийн хаяанаас нар баавартай гээч нь хөөрч байв.


2025 оны 2 дугаар сарын 18.


Цахиагийн Элбэгдорж