sonin.mn

Гринландын арлыг XVIII зуунд Дани улс газар нутгаа тэлэх, худалдааны давуу тал олж авах зорилгоор колонийн газар нутаг болгосон байдаг. Хожим 1953 онд НҮБ-аас колоничлолыг эцэслэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дараа 1979 онд өөртөө засан тогтнох статустай болжээ. 2025 он гарсаар гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр АНУ-ын геостратегийн овоо хараанд Гринланд орсон талаар тогтмол мэдээлэх болов. Энэ бүхэн 2019 онд Гринландад болсон хоёр томоохон үйл явдлаар эхэлсэн байдаг.


1)Дэлхийн дулаарлаас үүдэн том мөсөн бүрхүүл нь хайлж далайн тээврийн орон зай үүссэн.

2)Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гринландыг Даниас худалдаж авах тухай санал гаргасан (Morrison, 2019).


Учир нь 2019 онд АНУ-Хятадын худалдааны дайн үргэлжилж байсан ба АНУ Хятадаас өөр бүс нутгаас газрын ховор элемент худалдан авах гарц хайх үед Гринландын бүс сонирхол татах болжээ. Үүнтэй зэрэгцэн хойд туйлд температурын өсөлтөөс болж цаг уурын таатай нөхцөл бүрдэж, бүс нутгийн онцлог их гүрнүүдийн овоо хараанд орж, геостратегийн өрсөлдөөн эхэлсэн. Гэхдээ аль нэг их гүрний хүслээр Гринландын статус тийм ч амархан солигдох боломжгүй юм. 2009 оны Гринландын “Өөртөө засан тогтнох тухай хууль”-аар тухайн газрын иргэд ардчилсан зарчмаар засгийн газраа өөрсдөө сонгох эрхтэй.


Д.Трамп 2019 онд Гринландыг худалдан авах тухай санал гаргахад Данийн талаас Гринландын 56500 оршин суугч ирээдүйгээ өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг онцолсон байдаг (Morrison, 2019).


Дани улс Гринландад жил бүр дунджаар 750 сая ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлдэг нь төсвийн орлогын 1/3-ийг бүрдүүлдэг. Гринландын орлогын өөр гол эх үүсвэр нь загас агнуур юм (Nowell, 2025). Гринландын нутагт одоогоор батлагдсан түүхий эд нь төмрийн хүдэр, тугалга, цайр,эрдэнийн чулуу, алт, уран, газрын тос, байгалийн хий, хэд хэдэн төрлийн газрын ховор элемент байна (Morrison, 2019). 2013 оноос Данийн засгийн газартай хамтран уул уурхайн том төслүүдийг эхлүүлэх гэсэн боловч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом унаж, ашиглалтын зардал өсөж, гадаадаас ажиллах хүчийг их хэмжээгээр оруулж ирэх талаар улс төрийн нөлөөлөл орж ирснээр зогсоосон байдаг. Харин одоогийн байдлаар элс, ундны усны экспорт, үнэт чулууны уурхай, газрын тос зэргийг бага хэмжээгээр олборлож ашигладаг.


Гринланд дахь их гүрнүүдийн ашиг сонирхол


Гринландыг анх худалдаж авах тухай 1946 онд АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумен санаачилж, тухайн үед 100 сая ам.долларыг санал болгосон ч нөгөө талаас татгалзсан байдаг. 2019 онд ерөнхийлөгч Д.Трамп санаачилга гаргасан ч удалгүй цар тахал дэгдэж, энэ санаа түр орхигджээ. Харин 2024 онд АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Гринландыг худалдан авах санал ахин сөхөгдсөн, гэхдээ энэ удаад Гринландын нутаг дээрх байгалийн баялаг гэхээсээ илүү газар зүйн байршил нь илүү анхаарал татжээ.


Хойд туйлын бүс нутагт геополитикийн болон геоэкономигийн томоохон өрсөлдөөн их гүрнүүдийн дунд эхэлж байна. 2017 онд ОХУ батлан хамгаалах салбараа далайцтай нэмэгдүүлж, Хойд туйлын бүсэд байрлах хуучин ЗХУ-ын үеийн цэргийн баазуудаа сэргээн, өндөр хүчин чадалтай зэвсгүүдийг байршуулж, цэрэг, стратегийн нөлөөллөө бэхжүүлж эхэлсэн. Хойд мөсөн далайн бүсэд БНХАУ өөрийгөө “near-Arctic state” гэж нэрлэсэн нь хойд бүсийн улс хэмээн зарлаж байгаа гэсэн үг юм. БНХАУ хойд бүсэд илүү ойртохын тулд Гринландын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтууд хийж, үүн дээр тулгуурлан Гринландын засгийн газарт нөлөөлж эхэлжээ. Үүнийг бодит болгохын тулд Гринландад дэд бүтэц, харилцаа холбооны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт асгаж, Хятад улс нөлөөгөө бэхжүүлэх бодлогоо алхам алхмаар хэрэгжүүлж байна. АНУ-ын зүгээс ОХУ, БНХАУ-ын нөлөө нэмэгдэж буйд санаа зовниж, Данийн засгийн газарт шахалт үзүүлж чадсанаар 2017 онд Дани Гринландыг гадаад бодлого, аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл хэмээн зарласан байна (Lindbjerg, 2024). Хэрэв АНУ Гринландыг гартаа оруулж чадвал хойд туйл дахь ОХУ, БНХАУ-ын нөлөөг шууд тогтоон барих томоохон тэнхлэгтэй болох юм. (Defence, 2024).


АНУ-ын Гринланд дахь ашиг сонирхол ба Орос, Хятадыг тогтоон барихуй


2018 онд “Арктикийн хамтын ажиллагааны тухай хэлэлцүүлэг”-ийг АНУ, Норвег, Их Британи, Дани улсууд хийж, Гринландын оршин буй бүс нутгийн аюулгүй байдлын гол эрсдэлийг ОХУ, БНХАУ гэж тодорхойлжээ. Ялангуяа 2014 оны Крымийн хямралын дараагаас ОХУ-ыг бодит аюул гэж харж эхэлсэн ба Данийн засгийн газар аюул хаалганы цаана байна хэмээн анхааралдаа авсан. Үүнийг бодит болгосон алхам нь ОХУ хойд туйл дахь цэргийн хүчээ бэхжүүлж Тулейгийн агаарын баазаас 1000 км зайд Зөвлөлтийн хуучин цэргийн баазаа ахин сэргээсэн явдал юм. Хойд туйлын бүс нутагт ОХУ, БНХАУ-ын аюулыг АНУ тодорхойлохдоо цэрэг, стратегиас гадна хөрөнгө оруулалт, судалгаа эрдэм шинжилгээ, бусад салбарт хийж буй төрөл бүрийн арга ажиллагаануудыг хамруулан ойлгож “бүс нутгийн энх тайванд заналхийлэгч” гэж үзжээ.


АНУ-ын хувьд Гринландад нөлөөгөө тогтоосноор хэд хэдэн геополитикийн давуу байдлыг авч ирнэ. Үүнд Геостратегийн өвөрмөц байрлал, геополитикийн өрсөлдөөний зангилаа, эдийн засаг улс төрийн томоохон нөлөө зэрэг байна.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж зузаан мөснүүд хайлж, худалдаа, тээврийн шинэ маршрут гарч байгаа нь хойд тулын газар зүйн ач холбогдлыг улам нэмэгдүүлсээр байна. АНУ Гринландад цэргийн баазуудаа байгуулснаар худалдааны замыг хянах, ОХУ, БНХАУ-ын нөлөөллийг тогтоон барих боломжтой болох юм (Østhagen, 2025). Хойд туйлын бүс рүү баруун талаас Гринландаар эсвэл зүүн талаас Беренгийн тэнгисээр орох боломжтой. Ийнхүү АНУ Гринландыг өөрийн нөлөөнд байлгаж чадвал хойд мөсөн далайгаас Атлантын далай хооронд аливаа худалдаа, тээвэр, хөдөлгөөнийг хянах боломж бүрдэнэ. Гринландаас гадна АНУ стратегийн гол өрсөлдөгч БНХАУ-тай сөргөлдөөнд орох хэд хэдэн чиглэл байна гэж судлаачид үзэж байна. Үүнд Өмнөд Хятадын тэнгист Тайвань дахь ашиг сонирхлын зөрчил, Хятадын технологийн өсөлтийг тогтоон барих, өрсөлдөгч орнуудын хэвлэл мэдээллийн салбарт хөндлөнгөөс оролцох зэрэг өрсөлдөөн шил шилээ даран гарах буй (Dalziel, 2024). Мөн эрчим хүчний салбарын өрсөлдөөн, аж үйлдвэрлэл, түүхий эд, ногоон технологи зэрэгт өрсөлдөх хандлагатай (Tzinieris, 2024).


БНХАУ-ын Гринланд дахь ашиг сонирхол ба гадаад худалдааны шинэ зам


Олон улсын эрх зүйд тухайн бүс нутагт оршин буй улс орнууд хэлэлцэн тухайн орон зайг хэрхэн ашиглахаа өөрсдөө шийдэх практик байдаг. Харин БНХАУ хойд туйлд байршдаггүй ч тухайн бүс нутгийн орнуудад хөрөнгө оруулалт, гадаад бодлогоор дамжуулан нөлөөлөх аргыг хэрэглэж байгаа талаар судлаачид дүгнэн хэлж байна. БНХАУ ОХУ-ын мөс зүсэгч хүнд техник дээр тулгуурлаж хойд туйлаар ачаа тээвэр хийх нь одоо байгаа маршрутыг бодвол нийт туулах замыг 40 хувиар хэмнэх боломжтой болох юм (Folketinget, 2018). Үүнээс гадна БНХАУ Гринландын нутагт нөлөөгөө нэмэгдүүлэх нэн шаардлагатай хэд хэдэн хүчин зүйл байна.


Үүнд газрын ховор элемент болон байгалийн хий, түүхий нефтийг гартаа оруулах, хойд туйлаар усан онгоцны шинэ маршруттай болох, АНУ тэргүүтэй барууны нөлөөллийг тогтоон барих, эргүүлээд зөөлөн хүчээр нөлөөгөө бэхжүүлэх, АНУ болон НАТО-той стратегийн өрсөлдөөнд давуу байдал олж авах юм.


БНХАУ 2015 оноос “Made in China 2025” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд газрын ховор элементийн эрэлд эрчимтэй оролцож эхэлсэн. Газрын ховор элементийг БНХАУ дэвшилтэт технологийн салбар, цахилгаан автомашин, салхин турбин, цэргийн технологи хийхдээ гол төлөв ашигладаг. Цаашлаад Хятадын зүгээс ОХУ-тай стратегийн түншлэлийн давуу тал, Гринландын бүс нутаг дахь нөлөөгөө ашиглаж хойд туйлын далайн торгоны замын маршрутыг боловсруулжээ (Chen, 2024). Тус маршрут нь Ази-Европыг холбосон далайн тээврийн хамгийн богино зам болно. Хэрвээ Хятад Гринландад нөлөөллөө тогтоож чадвал хойд туйлаар дамжуулан дэлхийн худалдаанд харьцангуй давуу тал олж авах боломжтой юм (Volpe, 2020). Цаашлаад хойд туйл дахь АНУ, Канад, ОХУ зэрэг тус бүс нутагт оршин буй улс орнуудад геостратегийн нөлөө үзүүлэх давхар боломж үүсэх тул энэ байршил нь БНХАУ-ын хувьд алдаж болохгүй орон зай юм.


Дүгнэлт


ОХУ-Украины дайн Европын тогтвортой эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулж бүх салбарт сөргөөр нөлөөлсөн. Дайнаас үүдэж Транс-Атлантын хамтын ажиллагаа буюу НАТО, Европын холбооны хамтын ажиллагаанд бодит эрсдэл учруулж чадсан (Chen, 2024). Мөн 2008 онд байгуулагдсан “Арктик 5” буюу хойд мөсөн далайд гарцтай 5 улс болох Аляска (АНУ төлөөлсөн), Канад, ОХУ, Гринланд (Дани төлөөлсөн), Норвег гэх 5 улс хамтран байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс Орос-Украины дайнаас үүдэж суларснаар БНХАУ хойд мөсөн далайн бүс нутагт нөлөөлөх томоохон боломж ирээд байгаа юм. Одоо Хятадын хойд мөсөн далай дахь ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх потенциал Орост байхгүй тул Хятадын ашиг сонирхол чөлөөтэй орох боломж үүссэн. Стратегийн өрсөлдөөнд АНУ ялагдал хүлээхгүйн тулд 2025 оноос Д.Трамп Гринландыг худалдаж аваад ч хамаагүй өрсөлдөгчдийнхөө гарт өгөхгүй байхыг эрмэлзэж байна.


Гэхдээ Гринландын засгийн газар, ард түмэн өөрсдийн газар орноо АНУ-д зарахгүй гэх байр суурьтай байгаа талаар, мөн Гринландын ард түмэн Данийн Вант Улсаас тусгаар тогтнох хүсэлтэй гэх зэргээр эх сурвалжууд төрөл бүрээр тайлбарлаж байгаа юм.


Судлаачдын үзэж буйгаар Орос өөрийн батлан хамгаалах зэвсэг техникээ Хятадтай хуваалцах, өөрт буй мөс зүсэгч усан онгоцоо Хятадад хэрэглүүлж хариуд нь Хятад улс Оросын хийж буй байлдааны ажиллагаанд эдийн засаг, эд материалын тусламж үзүүлж байна. Тус хоёр улс ийм ойр дотно байгаа нь ЗХУ-ын дараагаас түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч буйг илтгэнэ. Нэгтгээд дүгнэхэд өнөөдөр их гүрнүүдийн хойд туйлын орон зайд хэн нь ноёрхох талаарх уралдаан хэдийн эхэлсэн, энэ бүс нутагт нөлөөллөө тогтоохоор АНУ болон түүний стратегийн өрсөлдөгч БНХАУ хооронд ширүүнээр үргэлжилж, дээрх хоёр улс дээр нэмээд ОХУ ч хоцрохгүй байхаар хичээж байгаа ба хойд туйлд усан онгоцны маршрут гаргах, цэргийн бааз байгуулах, уул уурхайн олборлолт хийхэд хамгийн тохиромжтой газар болох Гринландын ач холбогдол ийн нэмэгдээд буй юм.



Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв