
Тоглолт дууссаны дараа “Интер Майами” багийн довтлогч Лионел Мессигээс гарын үсгийг нь авсан Мексикийн шүүгч Марко Ортисын тэмцээн шүүх эрхийг хагас жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Хойд ба Төв Америк, Карибын орнуудын хөл бөмбөгийн холбоо /КОНКАКАФ/ мэдэгдлээ.
Тодруулбал, КОНКАКАФ холбооны Аваргуудын цомын финалын тоглолт дууссаны дараа шүүгч Мессид дөхөж ирээд, өөрийнх нь хамаатан болох хөгжлийн бэрхшээлтэй нэгэн хүнд зориулж, гарын үсгээ үлдээхийг хүсжээ.
Энэ тоглолтод "Интер Майами" баг “Канзас-Сити”-г 1:0 харьцаагаар хожсон бөгөөд цорын ганц гоолыг Месси оруулсан байна. Шүүгч М.Ортис зөвхөн КОНКАКАФ-ын тоглолтуудыг шүүх эрхээ хасуулсан бөгөөд Мексикийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүх эрх нь хүчинтэй байгаа юм. Харин дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд эрхийг нь тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх ажээ. Өдгөө 37 настай Месси Испанийн “Барселона”, Францын “ПСЖ” багуудад тоглож байгаад 2023 оны зун АНУ-ын “Интер Майами” багт шилжин ирсэн юм. Тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд MLS лигт аваргалж, шилдэг тоглогчоор шалгарч байв. Мөн Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2022 оны ДАШТ-нд түрүүлж, 2021, 2024 онуудын Америкийн цомыг хүртсэн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0