sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /new-science/. АНУ-ын Калифорни муж улс дахь Лоуренс Ливерморын нэрэмжит үндэсний лабораторид “El Capitan” гэдэг дэлхийд хамгийн хурдан супер компьютерыг албан ёсоор ашиглаж эхэлжээ. 

Уг компьютерыг АНУ-ын цөмийн зэвсгийн аюулгүй байдлыг хангах гэх зэрэг чухал даалгавруудыг гүйцэтгэхэд, мөн шинэ материал гарган авах, цөмийн өгөгдөл, зэвсэг зохион бүтээх зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой судалгаануудыг хийхэд ашиглах ажээ. Мөн өндөр энергийн физикийн салбарын нууц судалгаа, шинэ материал гарган авах, нарийн төвөгтэй үйл явцыг загварчлахад ашиглах юм.

2023 оны тавдугаар сараас зохион бүтээж эхэлсэн уг компьютерыг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс албан ёсоор ашиглаж эхэлжээ. 

Ашиглалтад оруулах үед "El Capitan"-ын хурд нь супер компьютерын гүйцэтгэлийг үнэлдэг “High-Performance Linpack” (HPL) сорилын хэмжүүрээр 1.742 эксафлопст (exaFLOPS) хүрч байжээ. Тооцоолон бодох хамгийн дээд хурд нь 2.746 эксафлопст хүрснээр эксафлопсын тооцооллын босгыг давсан дэлхийд гуравт орох супер компьютер болж байна. Өмнөх дээд үзүүлэлтийг Иллинойс муж улс дахь Окрижийн үндэсний лабораторийн “Frontier” супер компьютер тогтоож байсан юм. Түүний хамгийн дээд хурд нь 2.056 эксафлопст хүрч байжээ.




“El Capitan” нь AMD MI300A загварын 44.544 ширхэг хурдасгасан тооцоолох модулиудад суурилуулсан 11 сая гаруй тооцоолол, графикийн цөмтэй. Модуль тус бүр нь “AMD EPYC Genoa” төв процессор (CPU), AMD CDNA3 график процессор (GPU), 128 гигабайтын өндөр хурдны санах ойтой (HBM) тул тооцооллын блокуудын хоорондох ачаалал жигд хуваарилагддаг байна. 




Эл супер компьютерыг АНУ-ын Эрчим хүчний яамны “CORAL-2” хөтөлбөрийн хүрээнд зохион бүтээсэн бөгөөд 2018 оноос хойш ашиглагдаж буй өмнөх “Sierra” компьютерыг орлох юм. Гэхдээ хамгийн хүчирхэг супер компьютеруудын жагсаалтын 14-т бичигддэг “Sierra”-г үргэлжлүүлэн ашиглах ажээ. 

“El Capitan”-ыг бүтээхэд 600 сая ам.доллар зарцуулсан байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг