sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /Xinhua/. Хятад, Канадын палеонтологичид нугасан хошуут үлэг гүрвэлүүд Цэрдийн галавын сүүл үед (70 сая жилийн өмнө) Хойд Америкаас Азийн бүс нутаг руу нүүдэллэж ирсэн байж магадгүй гэх таамаглалыг баталжээ. 




Хятадын Гуандун мужаас олдсон хадрозавруудын чулуужсан олдворуудад хийсэн шинжилгээгээр уг амьтад Хойд Америкийн төрөл зүйлтэй холбоотой болохыг тогтоосон байна. 




Уг үлдэгдлүүд нь ламбеозавр буюу 7-9 м урт биетэй, 3-5 тонн жинтэй өвсөн тэжээлт том үлэг гүрвэлүүдийн төрөл зүйл болохыг тогтоожээ. Эдгээр эртний аварга үлэг гүрвэлүүд нь ясан залаатай байснаас гадна хүчирхэг эрүү нь мянга гаруй шүдтэй байсан байна. Түүгээр ч зогсохгүй хадрозаврууд бүрээний дууг санагдуулам нам давтамжийн дуу авиа гаргаж өөр хоорондоо “ярилцаж” чаддаг байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Эдгээр олдвор нь үлэг гүрвэлүүдийн эриний төгсгөлд далай дамнасан нүүдлийн талаарх цорын ганц нотолгоо болж байгаагаараа онцгой үнэ цэнтэй юм. Энэхүү нээлт нь үлэг гүрвэлүүд мөхөж үгүй болохоос өмнөх үеийн экологийн тогтолцоо ямар байсныг илүү гүнзгий ойлгоход тус дөхөм болно гэж Хятадын Геологийн их сургуулийн профессор Син Лида ярилаа. Эрдэмтэд үлэг гүрвэлүүд ийм хол нүүдэллэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдгийг тайлахын тулд судалгаагаа үргэлжлүүлэх ажээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг