![sonin.mn](/storage/news_images/1739235902ttt.jpeg)
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр дэлхийн улс орнуудад XX зууны хоёрдугаар хагаст найдвартай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр тооцооны цогц систем шаардлагатай болсон байдаг. Жил дамнасан туршилт, судалгааны үндсэн дээр “Society for Worldwide Interbank Financial Telecommunication” буюу “SWIFT” хэрэглээнд нэвтэрчээ. Энэ систем урт хугацааны туршид олон улсын төлбөр тооцооны системд ноёрхож, тив дамнасан гүйлгээг тасралтгүй хийж засгийн газар хоорондын харилцаа, уялдаа холбоог бий болгож чадсан тухайн цаг үедээ технологийн дэвшлийн үлгэр жишээ болсон систем болсоор өнөө үед ирсэн.
Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсад геополитикийн хямрал, бүс нутгийн мөргөлдөөн шил шилээ даран гарч байгаагийн улмаас хөгжиж буй орнууд санхүү, эдийн засгийн аюулгүй байдлынхаа төлөө зарим улс төрийн алхмууд хийж, санхүүгийн салбарт шинэ алтернатив систем бий болгож байна.
Үүний хамгийн том жишээ нь Бразил, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг орнуудын санаачилсан БРИКС-ийн шинэ төлбөр тооцооны систем болох “BRICS pay” юм. “BRICS pay” 2024 оны 10-р сард албан албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд 2025 оноос бүрэн хүчин чадлаараа ашиглагдаж эхлэх юм. Гол зорилго нь барууны давамгайлсан санхүүгийн дэд бүтцийг эсэргүүцэн тэмцэх зорилгоор гарч ирсэн бөгөөд зөвхөн БРИКС -ийн блок доторх санхүүгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой боловсруулагдав. Урт хугацааны туршид олон улсын санхүүгийн гол гогцоо болох тив дамнасан төлбөр тооцооны системээс яагаад БРИКС-ийн орнууд татгалзах болов гэдэг зүй ёсоор асуулт төрүүлж буй.
Ам.доллароос татгалзахын тулд ухаанаа уралдуулсан нь
2023 онд Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ам.долларын манлайллыг бууруулах цаашлаад БРИКС-ийн орнууд дундаа нэг валюттай байх талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн юм. Гэхдээ энэ санааг олон жилийн өмнө БНХАУ дэвшүүлэн тавьж тухайн үед олон улсын худалдааны гол валют болох ам.долларыг юань болгон өөрчлөх тухай ярьж байсан.
Ам.долларын дэлхийн зах зээл дээрх давамгай байдлыг бууруулах тал дээр улс орнууд санал нэгдэж байсан ч дэлхийн гадаад худалдааны 49%-ийг ам.доллароор явуулж буй тул шууд татгалзах боломжгүй юм.
Хэрэв улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн тохиолдолд харилцан валютаа солилцох ч гэсэн дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг тухайн улс доторх гадаад валютын нөөц бүрдүүлдэг тул ам.долларын нөөц ихтэй байх нь давуу тал болдог, мөн аливаа улсын гадаад өрийн дийлэнхийг ам.доллароор тооцдог, хэрвээ ам.доллароор худалдаа хийвэл үргэлжлүүлэн дараагийн улстай худалдаа хийхэд төлбөр тооцооны тал дээр асуудалгүй тохиролцож чаддаг. Иймд ам.доллароор худалдаа хийвэл түүний худалдан авах чадвар гэхээс илүү хөрвөх чадвар нь худалдааны гол хөшүүрэг болдог юм. SWIFT систем өнөөдөр олон улсын төлбөр тооцооны гол хэрэгсэл байгааг нотлох хэд хэдэн статистик үзүүлэлтүүдийг авч үзвэл SWIFT жилд 50 сая гаруй гүйлгээний мессеж боловсруулдаг, дэлхийн хэмжээнд 11000 гаруй банкийг холбодог, ашиглалтын хэмжээ нь жилд дунджаар 11.2%-ийн өсөлттэй байгаа бөгөөд зөвхөн 2024 оны байдлаар нийт гүйлгээний 49.1% нь ам.доллар, 21.6% нь евро, 4.7% нь юань эзэлсэн байна. Найдвартай байдал бол хэрэглэгчдийн хамгийн чухал сонгох хүчин зүйл болдог. Ялангуяа их хэмжээний мөнгөн дүнгээр гүйлгээ хийж байгаа тохиолдолд гүйлгээний найдвартай байдал асар чухал. Эндээс аваад үзвэл гол валют болох ам.долларын чадавх хийгээд түүнийг эргэлдүүлж буй SWIFT систем аль аль нь олон улсын жишиг болоод явж байна.
Ам.доллароос татгалзах хамгийн эрчимтэй санаачилгыг БНХАУ эхлүүлсэн. Учир нь БНХАУ дэлхийн нийт экспортын 14%-ийг эзэлдэг гадаад худалдааны хамгийн том тоглогч, мөн эх газар болон далайн худалдааны хамгийн амбицтай төсөл болох “Бүс, Зам” төслийн санаачлагч энэ давуу талаа ашиглан олон улсын худалдаа, санхүүгийн салбарт ам.долларын давуу байдлыг бууруулахыг дэмжиж ирсэн.
Тухайлбал дэлхийн валютын нөөц дахь ам.долларын эзлэх хувь 2016 онд 73% байсан бол 2024 онд 58% болж нийт 15%-иар буурсан үзүүлэлттэй гарсан нь цаашид ам.долларын нөөцийн төвлөрлийг саармагжуулж ам.доллароос хараат байдлыг багасгах шаардлагатай гэж үздэг. Иймээс Хятадын гол стратеги ам.долларыг юаниар сольж олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын голлох валют болгох явдал юм. 2023 оны 3-р сард Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалын тайланг харвал анх удаагаа ам.долларыг давсан хөрөнгө оруулалт хийснээрээ Хятадын санхүүгийн түүхэнд хамгийн тэмдэглүүштэй үйл явдал болсон байдаг.
Иймийн учир БНХАУ өөрийн боловсруулсан санхүүгийн дэд бүтцийг нэн ялангуяа голцуу юаниар төлбөр тооцооны үйлчилгээ санал болгодог “Cross-Border Interbank Payment System” буюу CIPS системийг хөгжүүлсэн бөгөөд ирээдүйд энэ систем нь SWIFT-ийг бүрэн орлох систем болгох амбицтай юм. Мөн БНХАУ өөрийн зүгээс ам.долларын нөлөөллийг бууруулах зарим төрлийн оролдлогуудыг хийсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Бразил улстай явуулж буй худалдааг өөрсдийн мөнгөн тэмдэгтээр хийх тухай оруулсан байдаг. Цаашлаад “Бүс, Зам” төсөлд хамрагдах улсуудтай юанийн хэрэглээг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зэрэгт төрөл бүрээр хамтран ажиллах санал гаргаж байгаа нь ирээдүйд ам.долларын эсрэг сөрөн тэмцэх томоохон тоглогч болж чадна гэдгээ илэрхийлж буйн илрэл болж байна. БНХАУ ам.долларын манлайллыг бууруулах тал дээр идэвхтэй ажиллаж ирсэн цор ганц улс биш бөгөөд олон улсын харилцаанд өөр өөрийн манлайлалтай бусад их гүрнүүд ч өөрсдийн жишгээр үндэсний мөнгөн тэмдэгтээ хүч түрүүлэх оролдлогуудыг удаа дараа хийж ирсэн байдаг. Үүнд БРИКС-ийн гишүүн орнууд нэн ялангуяа ОХУ, Бразил, Энэтхэг болон ASEAN-ны орнууд бий. Эдгээр орнууд хамтран ам.долларыг эсэргүүцэх хамтын ажиллагаа нь 2024 онд биеллээ олсон нь “BRICS pay” юм.
BRICS pay-ийн онцлог
2025 онд албан ёсоор бүрэн ашиглалтад орох “BRICS pay” нь зөвхөн гишүүн орнуудын дунд хэрэглэгдэх төлбөр тооцооны систем юм. БРИКС-ийн 2024 онд болсон 16 дахь дээд хэмжээний уулзалт дээр гишүүн орнуудын тоог 13-аар нэмэгдүүлэхээ илэрхийлсэн. Энэ нь цаашдаа “BRICS pay” нэвтрэх орнуудын хүрээг тэлэх боломжтойг харуулж байна.
“BRICS pay”-ийг бусад төрлийн санхүүгийн системтэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай гэж үзэж байгаа аж. “BRICS pay” нь SWIFT-тэй яг адилхан үндэстэн дамнасан төлбөр тооцооны хэрэглүүр гэж хэлэхэд бэрх боловч эл үйлдлийг маш хөнгөвчилсөн, хурдан, хялбар, аюулгүй, найдвартай төлбөр тооцоо хийх платформ аж.
SWIFT систем нь төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлснийхээ хариуд үйлчилгээний болон гүйлгээний шимтгэл тусад нь бодож авдаг мөн нэг удаагийн гүйлгээ нь мөнгөн дүнгийнхээ хэмжээнээс хамаараад 1-5 хоног болдог бол “BRICS pay” нь SWIFT-ээс хямд агаад хурдан шуурхай байх аж. “BRICS pay” нь нэг талаараа дижитал түрийвчний үүрэг гүйцэтгэх бөгөөд тус төлбөрийн платформ нь орчин үеийн технологийн дэвшил болох блокчейн дээр тулгуурлаж явагддаг, төвлөрсөн бус /de-centralized/ төлбөрийн шийдлийг санал болгодог. Төвлөрсөн бус гэдэг нь аль нэг талаас нөгөө тал руу мөнгө шилжүүллээ гэхэд дунд нь ямар нэг зуучлагч байхгүй шууд хийгддэг гэсэн үг.
Өдгөө SWIFT системийг БРИКС-ийн орнууд хүчтэй эсэргүүцэж буйн нэг илрэл нь тус SWIFT нь төвлөрсөн систем бөгөөд АНУ-ыг үүнд хяналт тавьдаг гэж шууд шүүмжилдэг. Эргээд харахад төвлөрсөн бус систем, блокчейн гэдэг нэрсийг сонсох төдийд бидний оюунд хамгийн түрүүнд BITCOIN, ETHEREUM зэрэг койнууд буудаг бол “BRICS pay” нь ажиллах зарчмын хувьд койнтой яг адилхан боловч койны оронд үндэсний мөнгөн тэмдэгтүүд эргэлдэж байгаагаараа онцлог юм. Учир нь БРИКС-ийн гишүүн орнуудад банканд бүртгэлгүй маш олон хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд байдаг учраас эдгээр хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж чадна гэж шинжээчид үзэж буй. Цаашлаад “BRICS pay”-д гишүүн орнууд нь нэгдэн орохтой зэрэгцээд төв банкны дижитал валютуудыг ашиглах боломжтой болно гэсэн үг болно. Мөн дэлхийн санхүүгийн урсгалд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр өөр хоорондоо гүйлгээ хийснээр БРИКС-ийн гишүүн орнуудын улс төр, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүчирхэг интеграци үүсэх үндэслэл болж байна. Учир нь БРИКС-ийн гишүүн орнууд нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн болон хүн амын ихээхэн хувийг эзэлдэг тул бие даасан төлбөрийн системтэй болно гэдэг нь тэдний эдийн засгийн давуу талаа хэрхэн ашиглаж болохыг харуулж байгаа юм. ОХУ болон БНХАУ мөн Энэтхэг болон цаашлаад бусад улс орнууд хамтран “BRICS pay”-ийг хэрэглээндээ оруулж байгаа нь манай улсад хэрхэн нөлөөлж болох нь анхаарал татах асуудал болж байна.
“BRICS pay” ба Монгол Улс
БРИКС төлбөр тооцооны шинэ систем боловсруулж энэ нь алсдаа дэлхийн санхүүгийн тогтолцоонд томоохон динамик хөдөлгөөн үүсгэх боломжтой тул үүнд манай хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ нэгдсэнээр дам утгаараа бүс нутгийн орнуудад нөлөөлөл үүсгэж болзошгүй. Монгол Улсын гадаад худалдаанд ОХУ, БНХАУ хамгийн их жин дардаг. Эдгээр орнууд “BRICS pay”-ийг олон улсын болон дотоодын төлбөр тооцооны системдээ нэвтрүүлснээр манай улс алсдаа гадаад худалдаандаа юань болон рублийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тулгарч болзошгүй юм. Ингэснээр манай улсын эдийн засагт дахь ам.долларын гүйцэтгэх үүргийг бууруулж эсрэгээрээ БРИКС-ийн төлбөр тооцооны системтэй уялдан ажиллах хэрэгцээ гарна. Цаашлаад манай улс БНХАУ, ОХУ-ын дунд оршдогийн хувьд БРИКС-ийн санхүүгийн системтэй уян хатан ажиллах шаардлага тулгарснаар алсдаа манай улсыг гуравдагч хөршийн бодлогоос хөндийрүүлж болзошгүй болох ч нөгөө талаараа дэлхийн санхүүгийн системд хялбархан нэвтрэн орж хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд технологийн давуу талыг мэдрэх боломжтой. БРИКС-ийн орнууд өөр хоорондоо үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалаа хөгжүүлэх нь алсдаа ам.долларын ханшийн хэлбэлзлийг бууруулж чадвал Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд валютын тогтвортой байдал эергээр нөлөөлж магадгүй.
Дүгнэлт
2024 он бол БРИКС-ийн орнуудын хувьд асар том шинэчлэлийн жил байв. Хиймэл оюун ухаан, дэлхийн өмнөд хэсгийн хамтын ажиллагаа, бүтцийн тэлэлт өвөрмөц үйл явдлууд болсон жил байлаа. Харин тус үйл явдлуудаас хамгийн анхаарал татахуйц нь “BRICS pay” байв. Энэхүү төлбөр тооцооны өвөрмөц платформ нь төвлөрсөн бус тогтолцоотой, блокчейн дээр тулгуурласан нь нэг талаараа BITCOIN-той адилхан боловч нөгөө талаараа үндэсний дижитал мөнгөн тэмдэгтүүдийг ашигладгаараа онцлог. Тус төлбөрийн системийн стратегийн гол зорилго SWIFT, ОУВС, Дэлхийн банк зэрэг барууны байгууллагуудын давамгайлсан дэлхийн санхүүгийн бүтцийг тэнцвэржүүлэх оролдлого гэж хэлж болно. Дээрхээс аваад үзвэл олон улсын харилцааны системд буй олон туйлт систем гэх ойлголтыг судлаачид олон улсын харилцааны оролцогчид нэн ялангуяа хүчний төвүүдийг тодорхойлж байсан бол өнөөдөр энэ ойлголт нь валют, санхүүгийн салбарт өөрийн дүр төрхөөр ашиглагдаж эхэлж байна. Улс орнууд ам.долларын хараат байдлаа бууруулж, эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхийн хүрээнд дэлхийн санхүүгийн тогтолцоонд системчилсэн өөрчлөлтийг аажмаар оруулж байна.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл1
Бид ардчилалын арал хэвээрээ үлдэнээ