![sonin.mn](/storage/news_images/173923524667a99ff329083.png)
ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 10 /CNN/. Францад нэгэн эрэгтэй галт тэрэгний буудал дээр гар утсаараа ярих үедээ чанга яригчийг нь ашигласан тул 200 ам.доллароор торгуулжээ. Өөрийгөө Дэвид гэж танилцуулсан уг эрэгтэй BFMTV сувагт ярьснаар, уг явдал Францын баруун нутгийн Нант хотын галт тэрэгний буудалд ням гарагт болсон байна.
Эгчтэйгээ утсаараа чанга яригчаар ярьж байх үед нь түүн рүү Францын төрийн өмчит SNCF төмөр замын компанийн ажилтан дөхөж иржээ. Тэрбээр эрэгтэйд хандан "чанга яригчаа унтраахгүй бол 150 еврогоор торгоно" гэсэн байна. Дэвид эхлээд үүнийг тоглоом шоглоом хийж байна гэж ойлготол эмэгтэй түүнийг торгосон байна.
Улмаар Дэвид торгуулийг тэр даруйд нь төлөөгүй тул хэмжээ нь нэмэгдсээр 200 евро /207 ам.доллар/ болжээ. Зорчигч торгууль ногдуулсныг эсэргүүцэж гомдол гаргахаар өмгөөлөгч хөлсөлсөн тухайгаа BFMTV-д ярьжээ. Олон нийтийн газарт чихэвчгүйгээр утсаар ярих, дүрс бичлэг үзэх нь орчин үед хэвийн үйлдэл болсон тул олон хүний уур уцаарыг төрүүлэх болжээ. Саяхан “Reddit” платформ дээр нэгэн хэрэглэгч "бусад хүмүүсийн ямар үйлдэл таны дургүйцлийг хамгийн ихээр төрүүлдэг вэ?” гэж асуухад “нам гүм өрөөнд чихэвчгүйгээр TikTok бичлэгүүдийг чангаар үзэхэд” гэж 13 мянган хүн хариулсан байна. Их Британийн ёс зүйн библи гэгддэг “Debrett’s” дүрэмд гар утасны хэрэглээтэй холбоотой шинэ журмыг 2023 онд нэвтрүүлжээ. Үүнд, олон нийтийн газар видео дуудлага хийж байгаа бол (эсвэл та утсаа чихэн дээрээ барьж ярихад залхуу чинь хүрээд байвал) чихэвч ашиглах ёстой гэж бичсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
manai oriloo hashgichdag avgai nar anhaaraasai
manai oriloo hashgichdag avgai nar anhaaraasai