![sonin.mn](/storage/news_images/1739160958476910411_965056842389278_3195152350021557639_n (1).jpg)
Монголчууд бид маш эртний төрт ёсны уламжлал, түүх соёлтой ард түмэн билээ. Бидний байгуулсан Төв Азийн анхны төрт улс болох Хүннү гүрэн нь зарим өдрийг нохой, гахай гэж нэрлэсэн 12 жилийн цаг тооллын системийг ашиглаж байсныг түүхчид нотолдог. Үүнээс харахад хүннүчүүд жилийг 12 сард хуваадаг байсан байх магадлалтай. Харин дундад зууны үеэс монголчууд сарыг Хувь сар, Худал өгөлжин сар, Үнэн өгөлжин сар, Хөхөө сар, Удар сар, Нажир сар, Хур сар, Бүгү сар, Хуц тавих сар, Хэлэбдүр сар, Идээ сар, Хөхөлэр сар хэмээн нэрлэж ирснийг Их Юань Улсын үед бичигдсэн “Жи Юань И Юй” гэх толь бичигт тэмдэглэжээ.
Нэгдүгээр сар нь өдгөө бидний хэрэглэж буй календарийн эхний сар байгаагүй гэдгийг та мэдэх үү? Эртний Ромд нэг жил ердөө 10 сартай байжээ. 1 дүгээр сар нь НТӨ 690 онд Помпилиус хаан Ромын календарийг шинэчлэх үед нэмэгдсэн бөгөөд Ромын үүд хаалга, эхлэлийн бурхан болох “Жанус”-ын нэрээр тэмдэглэгдсэн нь хожим Жануарари /Жанус/ болж хувирчээ.
Эртний ромчууд жилийн төгсгөлд Фебруа гэх баяр тэмдэглэдэг заншилтай байжээ. Тухайн үед Помпилиус хааны нэмсэн хоёр сар нь оны сүүлийн сарууд болжээ. Тиймээс Эртний Ромын календарьд оны сүүлийн сарыг тус баярын нэрээр нэрлэсэн байна.
1582 он хүртэл Европчууд жилийн эхний сарыг 1 биш 3 дугаар сар гэж үздэг байв. Эртний Ромын үед 1 болон 2 дугаар сарын турш дайн, тулаанаа зогсоож хоорондоо найрамдахыг уриалдаг заншилтай байсан ба энэ нь дайн 3 сарын 1-нээс эргэн үргэлжилнэ гэх утгыг илэрхийлдэг байсан аж. Тиймээс судлаачид Эртний Ромчууд 3 дугаар сарыг дайны бурхан болох “Марс”-ын нэрээр нэрлэсэн гэж үздэг байна.
Дөрөвдүгээр сарын нэр түүхчдийг хэдэн зуун жилээр гайхшируулсаар ирсэн. Эртний Ромын календарьд энэ сар жилийн 2 дахь сар байсан ба зарим судлаачид уг нэрийг латинаар “хоёрдугаар” хэмээх үгнээс гаралтай гэж үздэг бол зарим эрдэмтэд уг сарыг Эртний Грекийн хайр, гоо сайхны бурхан болох Афродитагийн нэрээр нэрлэсэн гэж үздэг.
Тавдугаар сарыг байгаль дэлхий болон ургамал, ногооны хамгаалагч Эртний Грекийн охин тэнгэр болох Маяаг хүндэтгэн түүний нэрээр нэрийджээ. Маяа бол Эртний Грекийн бурхдаас дэлхий нийтэд хамгийн бага танигдсан бурхан юм. Домогт өгүүлснээр Маяа бол дэлхийг мөрөн дээрээ авч явсан Атласын охин бөгөөд бурхдын элч Гермесийн эх билээ. Мөн тэрбээр эх дэлхийн бурхан гэдгээрээ алдартай.
Эртний Ромчууд 6 дугаар сарыг хайр болон гэрлэлтийн бурхан болох Жуногийн нэрээр нэрлэсэн байна. Тэрээр Эртний Грекийн бурхан хэдий ч Ромын бурхан болох Юпитертэй гэрлэжээ. Тиймээс Европын ихэнх орнууд 6 дугаар сарыг гэрлэхэд хамгийн таатай сард тооцдог байна.
Эртний Ромын календарь 3 дугаар сараас эхэлдэг байсан болохоор 7 дугаар сар нь жилийн 5 дугаар сар болж таардаг байв. Иймээс уг сар нь латинаар “5 дахь” буюу “Квинтилис” хэмээх утгатай байв. Гэвч энэхүү Квитилис хэмээх сарыг Юлий Цезар НТӨ 44 онд өөрийн нэрээр 7 дугаар сарыг “Юлий” хэмээн нэрлэх тушаал гаргажээ.
Наймдугаар сар урьд нь “Сикстилла” буюу латинаар “6 дахь” гэж нэрлэгддэг байжээ. Гэвч уг сарыг Юлий Цезарын ач хүү Август Цезар НТӨ 27 оноос Ромын Эзэнт гүрний удирдагч болох үедээ өөрийн нэрээр буюу “Август” хэмээн нэрлэх шийдвэрийг гаргажээ. Юлий Цезарийн ач хүү Августын жинхэнэ нэр Октавиан Цезар боловч түүнийг Ромын Эзэнт гүрний хаан ширээнд суух үед Сенатаас түүнд Августус буюу “Бишрэгдсэн” хэмээх цолыг өгсөн түүхтэй.
“Сентябр” буюу 9 дүгээр сар нь “7” гэсэн утгатай аж. Энэ нь нь НТӨ 690 онд Помпилиус хаан Ромын календарийг шинэчилж “Жанус” болон “Фебруа” сарыг нэмсэнтэй холбоотой 9 дүгээр сарын илэрхийлэл болсон байна.
Аравдугаар сар буюу “Октябрь” нь ром хэлээр найм гэсэн утгатай аж. Хэдийгээр календарь одоогоос хэдэн зуун жилийн өмнө өөр дараалалтай байсан боловч сарын үндсэн нэршлүүд нь өдийг хүртэл хэвээр хадгалагдан үлджээ.
Арван нэгдүгээр сар нь “Сентябр” болон “Октябрь” сарын адил хойшилсон сар юм. “Ноябрь” сар нь латин хэлээр 9 гэсэн утгатай аж.
Жилийн хамгийн сүүлийн сар болох 12 дугаар сар нь “Декабрь” буюу “10” хэмээх утгатай Ром үг юм.
О.ДАШНЯМ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл1
Нийтийн тоололоороо явая. 2гэж тоолж эхэлдэг тоолол байх ёсгүй