sonin.mn

ВИЛЬНЬЮС, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Авлигын дуулиан дэгдсэний дараа хоёр долоо хоногийн хугацаагаар ээлжийн амралтаа аваад байсан Литвийн Ерөнхий сайд Гинтаутас Палуцкас засгийн газрын тэргүүний болон Социал-демократ намын даргын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргажээ. Ерөнхий сайдын энэ шийдвэрийн талаар Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа өчигдөр мэдээлсэн байна. Г.Палуцкас засгийн газрыг 2024 оны 12 дугаар сараас хойш тэргүүлж байгаа юм.


Сонгуульд ялсан Социал-демократ нам парламентад олонх болж байгаа хэдий ч одоо бусад намтай эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Литвийн Үндэсний телевиз, радиогийн /LRT/ мэдээлснээр, Ерөнхий сайдын үүргийг Дотоод хэргийн сайд Владислав Кондратович түр хугацаанд гүйцэтгэх ажээ.


Тавдугаар сарын сүүлчээр Laisvės TV телевизийн YouTube суваг ба Siena төвийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамтран явуулсан сурвалжлагын явцад Палуцкасын талаарх мэдээлэл ил болсон байна. Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сард ажил хэргийн түнштэйгээ хамтран байгуулсан Палуцкасын Granis гэдэг компани төрийн мэдлийн ILTE гэдэг хөгжлийн банкнаас 200 мянган еврогийн зээл авчээ. Энэ зээлийг авах үед Палуцкас ерөнхий сайдаар ажиллаж байв.


Түүнээс гадна Палуцкасын эзэмшлийн Sagerta компани Дариуш Вильчински гэдэг бизнес эрхлэгчтэй холбоотой Uni Trading компаниас олон зуун мянган еврог зээлж аваад буцааж төлөөгүй ажээ. Палуцкас 2012 онд тус компаниас 223 мянган еврогийн үнэтэй орон сууц худалдан авсан гэдэг. Мөн тухайн онд Киприйн компани ирээдүйн ерөнхий сайдад Вильнюс хот дахь орон сууцыг "зах зээлийн бус" үнээр худалдсан байна. Уг орон сууцыг Палуцкас хотын захиргаанд ажиллаж байхдаа авсан газар дээр барьсан ажээ.  


Мөн түүний дүү эмэгтэй болох Виргиниа Палуцкасын эзэмшлийн Dankora компани цахилгаан авто машиныг цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор Европын Холбооноос 200 мянган еврогийн хөнгөлөлттэй зээл аваад түүгээрээ Garnis компаниас тоног төхөөрөмж худалдан авсныг эрэн сурвалжлагч сэтгүүлчид илрүүлэн бичсэн нь Палуцкасын нэр хүндэд том цохилт болжээ.  



Б.Адъяахүү