sonin.mn

УИХ-ын гишүүдэд 15 тэрбум төгрөгийг урамшууллаар тараадаг гэх асуудлыг зарим нэр бүхий гишүүд хөндөж, олны анхааралд ороод байгаа. Тэгвэл энэ хөрөнгө оруулалтаа Монгол Улсад хамгийн хэрэгтэй байгаа түгжрэл бууруулах, иргэдийг дулаан өвөлжүүлэхэд хэрэгтэй төслүүдээс босгох гэж буй талаар мэдээлэл олон нийтийн дургуйцлийг төрүүлж байна.



Тодруулбал, нийслэлийн түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр импортоор авах хагас коксон түлшний худалдан авалтыг зогсоож, санхүүжилтийг УИХ-ын гишүүдэд 15 тэрбумаар нь урамшуулал болгож өгөх гэнэ. 



Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хагас коксыг дэмжиж байснаа гэнэт эсэргүүцсэн, мөн Д.Цогтбаатар, Г.Ганбаатар тэргүүтэй нэр бүхий гишүүд Туулын хурдны замын мэдээллийг гуйвуулж эсэргүүцэж байгаа нь УИХ-д лобби байгуулагдсан байж болзошгүй гэдэг сураг байна.


Гэтэл УИХ-ын гишүүдэд тараах гээд байгаа төчнөөн тэрбум төгрөгийг нь Туулын хурдны зам, хагас коксон түлшний худалдан авалтаас татчихвал энэ төслүүд бүгд зогсоно. Түгжрэлийг бууруулах цор ганц сонголт болох хот доторх хурдны замгүй болно. Туулын хурдны зам төсөлд нийт 2.3 их наяд төгрөгийг 3 жилийн хугацаанд хувааж санхүүжүүлэх төлөвлөлттэй. Эхний жилийн 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэдийнэ босгосон гэж байгаа. Эндээс л тойргийн гишүүдэд олгох 15 тэрбум төгрөгийг “босгох” улс төрийн тоглоом нэгэнт эхэлжээ. 


Дараагийн санаархал нь хагас кокс буюу xөx нүүрсээр хийсэн шахмал түлш оруулж ирэх 226 тэрбум төгрөгийн санжүүжилтийг гишүүдэд өгөх 15 тэрбум төгрөг рүү шилжүүлж, худалдан авалтыг зогсоохоор төлөвлөжээ. Хамгийн хямд төсөр өртгөөр, хамгийн боломжит тээвэрлэлтийн шийдэлтэйгээр, хамгийн гайгүй түлш үйлдвэрлэдэг Хятадаас энэ түлшийг авна гэж тооцсон.



Харин ингэж түлш импортоор авахгүйгээр өмнөх сайжруулсан түлшээ нийслэлийнхэн хэрэглэхэд 300 мянган тонн нь бүр 2 дахин их буюу 500 тэрбум төгрөгийн өртөгтэй болж өснө.



Ингээд л ирэх өвөл гэр хорооллын иргэдийн дулаан өвөлжих эсэх нь даанчиг их эргэлзээтэй болох юм.  

Нэг үгээр нийслэлчүүд Туулын хурдны зам ч үгүй, хагас коксон түлш ч үгүй болно. Бүх мөнгө, санхүүжилтийг нь зөвхөн УИХ-ын гишүүдэд өгөх 15 тэрбум төгрөг рүү шилжүүлээд л дуусна. Цаашлаад нийслэлийн гол асуудал түгжрэл ч хэвээрээ, бүр төчнөөн жилийн өмнөх рүүгээ шилжиж, их хотын иргэд хүйтэн гэрт өвөлжих үр дагаврыг улстөрчид хүсэж байгаа бололтой.