sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1 /The Hill/. Канадын зарим бараанд ногдуулах гаалийн татварыг баасан гаргаас эхлэн 25 хувиас 35 хувь болгож нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.  


2020 онд байгуулсан АНУ, Мексик, Канадын хэлэлцээрт багтсан барааг дээр дурдсан тарифаас чөлөөлнө гэж Цагаан ордон мэдээлсэн байна. Хэд хэдэн улсын бараанд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс хэдхэн цагийн өмнө Цагаан ордон дээрх мэдэгдлийг хийжээ. Канад бол АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг юм.


“Канад улс фентанил болон бусад хууль бус эмийн урсгалыг зогсоох чиглэлд хамтран ажиллаж чадаагүй бөгөөд АНУ-д учирч буй аюул заналхийллийг арилгахын тулд ерөнхийлөгчийн хийсэн үйлдлийн хариуд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.


Д.Трамп энэ оны эхээр Мексик, Канадын бараанд 25 хувийн татвар ногдуулж, эдгээр улс АНУ руу чиглэсэн фентанилын урсгалыг хязгаарлах чиглэлд хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн мэдэгдсэн юм. Харин шинжээчдийн үзэж байгаагаар, өмнөд хилтэй харьцуулахад хойд хилээр АНУ-д харьцангуй бага хэмжээний фентанил нэвтэрдэг байна.  


Ерөнхийлөгч энэ сарын эхээр фентанилын асуудлыг дахин сөхөж, Канадад ногдуулах татварыг 35 хувь хүртэл нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Д.Трамп лхагва гаргийн орой мэдэгдэхдээ, Канад улс Палестиныг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан нь худалдааны хэлэлцээр байгуулах хүчин чармайлтыг төвөгтэй болгож байна гэжээ. Д.Трамп мөн АНУ-д Канадын бараа хэрэггүй гэж мэдэгдэж, Канадыг 51 дэх муж улс болгон нэгтгэх тухайд сүүлийн саруудад мэдэгдэх болсон юм. Харин Канадын Ерөнхий сайд Марк Карни болон бусад улстөрч энэ саналыг эрс няцааж, хоёр улс түншийн хувьд илүү сайн хамтран ажилладаг гэж мэдэгдсээр иржээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг