
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурав.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс эрх зүйт ёс, хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг ахиулахад ОУПХ-той тууштай хамтран ажиллахаа нотолж буйгаа тэмдэглэв. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, хангах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн гэдгийг онцоллоо.
Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдлыг хангах, бүх нийтэд хүртээмжтэй шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтыг баталсан нь ОУПХ-ны 2025 онд дэвшүүлсэн жендэрийн тэгш байдлыг хангах санаачилгатай уялдаж буйг тодотголоо.
Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгийн зүгээс Монгол Улс, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Санамж бичигт гарын үсэг зурснаар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үндэс бүрдэж байна.
Сэтгэгдэл0