sonin.mn

Хүн төрөлхтөний эртний түүхэнд Хүннү хэмээх том гүрэн алдаршсан байдаг бөгөөд энэхүү гүрнээс ихэр юм шиг Монгол үндэстэн, Түрэг үндэстэн гэсэн хоёр хүчирхэг үндэстэн мэндэлсэн бөлгөө. Би энэ удаа Түрэг үндэсний түүхийг товч өгүүлье.


Эдүгээ дэлхий дээр түрэг угсаатан улс хаана байна вэ гэвэл турк, азербайджан, туркменистан, узбекистан, казахстан, киргизстан, уйгур, дагестан, осетин, татар, башкир гээд арав гаруй улсад 100 гаруй сая түрэг угсаатан хүн амьдарч байна. Эртний Түрэг улс одооноос 1500 жилийн өмнө төв азид одоооны Монгол Улсын нутаг орчим нүүдэлчин Монголчуудтай мөр зэрэгцэн амьдарч байсан нүүдэлчин үндэстэн байлаа. Монголын Алтай нурууны цаана амьдарч байсан түрэгүүд Нирун улсад алба барьж төмөр хайлуулж зэр зэвсэг хийдэг байв. Түрэг аймгууд 552 онд Нирун улсын эсрэг дайтаж ялаад Түрэг улсыг байгуулж Түмэн хаан улсаа удирдах болов.


Энэхүү Түрэг улс нь Монгол угсаатан болон түрэг угсаатан олон аймгуудыг нэгтгэн 200 жил оршин тогтножээ. Тэр үеийн хүчирхэг Түрэг гүрний хил хязгаар нь баруун зүгт Хар тэнгис, зүүн зүгт Солонгосын хойг, хойд зүгт Байгаль далай, өмнө зүгт Хятадын Цагаан хэрэм хүрч байлаа.


Түрэг улс хүчирхэг цэрэгтэй байсан нэг нууц нь тэд төмөрлөгийн үйлдвэрлэлийг явуулж чанартай сайн махир сэлэм, зэв, хуяг дуулга, бамбай хийдэг байсантай холбоотой. Монголд Түрэгийн үеийн хаан Күтүлүг / Элтэрэс/, Можоо /Калаган/, Билгэ хаан, түүний дүү цэргийн жанжин Күльтегин, мэргэн түшмэл Тоньюкүкийн гэрэлт хөшөө 15 зууныг элээн оршиж байдаг.


Монголд оршиж байгаа Түрэгийн Билгэ хаан дүү Күльтегиндээ зориулж босгосон чулуун хөшөөн дээр: “Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй, мөрөнд хувцасгүй, буурай ядуу улсын хаан боллоо. Дүү Күльтегин бид хоёр үхэн цуцтал зүтгэн буурай улсыг их болгов. Тэнгэр ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж, нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож, энэ улсын элдэв үйлийг засаж хаан алдрыг бататгав. Дөрвөн зүгийн улсыг номхотгов. Миний олон хаад бүгд намайг харшлах сэтгэлгүй дагасан болой” хэмээн бичжээ. Туркуудын өвөг дээдэс огузууд 11-р зуунд одооны Казахстаны нутагт Огуз улс байгуулан амьдарч байгаад одооны Туркийн нутагт нүүдэллэн шилжин ирсэн байдаг. Түрэгийн Сельжук улс 1040- 1157 он хүртэл оршин тогтножээ. Чингис хаан түүний хөвгүүдийн өрнө зүгт хийсэн дайн Түрэгт тулж очсон бөгөөд Монголын цэрэг 1243 онд Кеседагийн дэргэд түрэгийн цэргийг ялжээ. Тэр үед Монголын их цэрэг Бага ази руу довтолж байхад өмнө нь Туркмений омгуудын 50 000 хүн зугтан явж байсан гэдэг.


Монголчууд Бага азийг эзлээд Перс, Туркийг эрхшээлдээ оруулаад Ил Хаант улсыг байгуулсан юм. Монголчуудын байгуулсан Ил хаант улсын суурин дээр Османий эзэнт улс 1299 онд байгуулагдаж байлаа. 1316 онд Монголын Чингисийн алтан ургийн Хүлэгүү хаан Туркийн Сельжук улсыг мөхөөжээ. Тэр үеийн 13-р зуун бол Монголчуудын зуун байлаа.


Түрэгийн соёлын эх нь арабын Исламын шашин. Түрэгийн төрт ёсны эцэг нь Чингисийн удамт алтан ургийн хөвгүүд болох Хүлэгүү, Аргун, Хасан хааны Эзэнт улс байсан юм. Монголчууд Түрэгт Ил хаант улс байгуулж татварын систем, уран барилга, одон орон, номын сан, халуун ус, анхны сэтгэл мэдрэлийн эмнэлэг, медрес сургууль, гүүр, зам, шуудан өртөө байгуулж байлаа. Одоо болтол Персийн их эрдэмтэн, хааны зөвлөх Рашид ад Дины перс хэл дээр 1311 онд бичиж бүтээсэн “Сударын чуулган” хэмээх Монголын их хаадын түүхийн тухай алдарт номын эх хувь Турк улсад хадгалагдаж байдаг юм. Би саяхан интернетээр Туркийн “Осман” хэмээх 168 ангит телевизийн сериал үзлээ. Тэрхүү сериалд баруун талаасаа грекүүдэд шахагдаж, зүүн талаасаа монголчуудад шахагдаж хүнд нөхцөлд амьдарч байсан туркууд хэрхэн бэрхшээл саадыг даван туулж, Османы хүчирхэг эзэнт улсаа байгуулж байгаа тухай гардаг. Тэрхүү сериалд Туркийн нэрд гарч байгаа залуу жүжигчин Бурак Очивит Осман бейн дүрд гайхалтай чадварлаг тогложээ. Османий эзэнт гүрэн хэрхэн байгуулагдсаныг би тэрхүү сериалаас сайтар ойлгов. 


Ер нь орчин үеийн Туркийн киночид эртний Эртүгүрүл хаанаас эхлээд Осман, Сулейман, Мехмед хаан болон орчин үеийн Турк улсыг үндэслэгч Мустафа Кемаль Паша хүртэлхи агуу түүхт хүмүүсээ кино дэлгэцэнд мөнхөлж чаджээ.


Османий Туркууд улам хүчирхэг болж 1353 оноос эхлэн европ руу довтолж эхлэв. 1363 онд Туркийн султан Мурад европ руу томоохон довтолгоо хийв. 1453 онд Хар далайн том боомт, Византий улсын хамгийн том хот Константинополь хотыг туркууд эзэлж, Византийн Эзэнт улсыг мөхөөв. Туркууд өрнө зүгт эрчимтэй довтолж Ромыг нурааж, Унгарыг эзэлж, Герман, Италид аюул учруулан, Австрийн Вена хотын босгонд тулж ирэв. Мөн Селим ханы үед Сири, Араб, Египетийг эзлэв. Туркийн маневрлах чадвар сайтай, хурдан гавшгай морьт армийг европын улсуудын арми тогтоож чадахгүй байв. Туркууд маш хурдан хугацаанд цэрэг армиа хүчирхэг болгож, их буутай, галт зэвсэгтэй дэлхийн хамгийн орчин үеийн арми болгож чаджээ. Туркууд хүчирхэг арми байгуулах явцдаа Янычыр хэмээх тусгай корпус байгуулж энэхүү корпус олон удаагийн тулаанд чухал үүүрэг гүйцэтгэж байв. Янычырь гэдэг нь христ шашиантан орнуудын эрэгтэй хөвгүүдийг татвар байдлаар авч тэднийг цэргийн эрдэмд бэлтгэн сургаж цэргийн эрдэмд сайн сурч гавьяа байгуулсан хөвгүүдийг язгууртан цолоор шагнадаг журамтай цэргийн элит давхарга байв. Янычыр гэдэг нь “Үхэл, амьдрал” гэсэн утгатай үг аж. 1520-1566 онд хаанчилж байсан султан Сулейманы үед Туркийн эзэнт улс хамгийн хүчирхэгжилтийн дээд цэгтээ хүрч газар нутаг нь бөруун зүгт европын Австрийн Вена хотоос зүүн зүгт Багдад, Персийн булан, хойд зүгт Хар далайн Крымээс өмнө зүгт египетийн Кайр хот, африкийн Марокко улс хүртэл уудам өргөн газар нутгийг эзэгнэж байв. Сулейман султаны үед Туркууд хүчирхэн далайн флот байгуулж Хар тэнгис, Улаан тэнгис, Газар дундын тэнгист ноёрхож байв. Тэр үед Туркууд далайн хүчирхэг флотыг хэрхэн байгуулж, Газрын дундад тэнгист ноёрхож байгаа тухай Туркийн олон ангит “Барбароссынхан. Газрын дундад тэнгисийн илд” гэдэг сериал кинонд тодорхой үзүүлсэн байдаг. Тэр үед хамгийн алдартай усан цэргийн жанжин, адмирал бол Хайреддин /Хызыр/ Барбаросса /1475-1546/ байлаа. Тэрбээр туркийн османы цөөн тооны хөлөг онгоцтой усан цэргээрээ 1538 онд Венец, Генуягийн хамтарсан 157 хөлөг онгоцтой, 60 00 усан цэрэгтэй хүчирхэг флотыг ялж байлаа, Испаний хүчирхэг флотыг ялж байлаа.  


Туркуудийн байгуулсан Османий Эзэнт улс 600 жил оршин тогтносон юм. Туркууд бол сахилга бат, зохион байгуулалт сайтай, эзэн хаандаа үнэнч, хэлсэн үгэндээ эзэн болдог, моринд гарамгай, ан гөрөөнд овсгоотой, арилжаа худалдаанд гаргуун, зоригтой дайчин, энгийн тайван цагт хөгжилтэй хөхүүн, зочломтгой ард түмэн байлаа.


Туркууд анх нүүдэлчин ард түмэн байсан. Туркийн ёс заншилд монголтой төстэй олон зүйл байдаг юм билээ. Ахмадаа хүндлэх, бэр буулгах, багш шавийн барилдлага, элч зочин хүнийг хүндлэх, адууны соёл, айраг исгэх, цагаан идээ бэлтгэх, эсгий гэрт айл саахалтаараа хамт амьдарч мал сүргээ өсгөх зэрэг өчнөөн зан үйл нь яг л нүүдэлчин Монголчуудтай их төстэй юм билээ. Туркийн үгсийн санд 300 гаруй монгол үг байдаг ажээ. Нүүдэлчин туркмен омгууд удалгүй суурьшсан ард түмэн болсон ч гэсэн нүүдэлчин шинж төрх, ёс заншил нь нь удаан хугацаанд хадгалагдаж байсан юм. Туркийн Эзэнт улс Балканий хойгийн Болгар, Серб, Черногор, Босни, Румын, Грек улсыг 400 жил захирч ноёрхож байв. 19 дүгээр зуунд Грек, Серб улс өрнөдийн улсын тусламтайгаар Туркээс чөлөөлөгдөж тусгаар улс болов. 1774 онд Оросын Эзэнт улс Крымийг Туркээс булаан авав. Энэ үеэс Туркийн хүч суларч ирсэн аж. Ер нь Орос -Туркийн дайн дэлхийд хамгийн удаан буюу 242 жил / 1676- 1918 / үргэлжилсэн юм. Орос улс Турк улстай нийтдээ 11 удаа дайн хийжээ. 1878 онд Берлин хотод олон улсын хурал болж Балканы орнууд Туркээс салж тусгаар тогтнолоо олов. 1853-1856 онуудад Туркийг европчлох оролдлого хийсэн боловч бүтсэнгүй. 


Хорьдугаар зууны эхээр уркт Үндсэн хуультай болох хөдөлгөөн өрнөж Туркийн армийн залуу офицерууд нэгдэж Младотурк хэмээх нам байгуулж улс орноо шинэчлэхийн төлөө тэмцэв.


1906 онд Турк Үндсэн хуультай болов. 1915 онд Британий хөлөг онгоцнууд Туркийн Станбул хот руу дайрдаа. Энэ тулаанд туркийн цэргийн залуу жанжин Мустафа Кемаь ангдичуудыг ялав. Чухам энэ үеэс залуу хурандаа Кемал Пашагийн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх их үйлс нь эхэлсэн юм. 1918 онд Османы Эзэнт улс өрнөдийн Холбоотнуудад бууж өгч удалгүй Антантын орнууд Туркийг хэсэгчлэн хуваах ажилдаа орж Туркт зөвхөн Анатолийн хэсэгхэн нутгийг өгөхөөр чармайж байв.1919 онд Султан хаан Мустафа Кемалийг султан хааны эсрэг бослого гаргасан ард түмний бослогыг даруулахаар цэрэг гаргаж явуулав. Гэвч Кемал бослогыг дарах бус, харин босогчидтой нэгдэж Туркийг эзэлсэн гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж эхлэв. Кемал пашатай хамт хэд хэдэн туркийн армийн дивиз нэгдэж, зэвсгийн нөөц олдов.1919 оны 5-р сарын 19 ний өдөр Кемаль паша султаны тушаалыг цаашид биелүүлэхгүй, харин энэ өдрөөс эхлэн гадаадын харийн түрэмгийлэгчтэй тэмцэж тэднийг эх орноосоо хөөн зайлуулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олох болно гэдгээ ард түмэндээ зарлалаа.Султан хаан Станбулд парламентийн чуулган хийхийг зөвшөөрч төлөөлөгчдийг Станбулд ирэхийг урилаа. Кемал хэдийгээр төлөөлөгчөөр сонгогдсон ч гэсэн султаны заль мэхнээс болгоомжилж Станбул руу яваагүй үлджээ.Кемал паша саяхан сонгогдсон бусад депутат нөхөддөө Станбул явж султаны урхинд ороод хэрэггүй гэж ятгасан боловч тэд үгэнд нь оролгүй явцгаажээ. 


Гэвч туркийн шинэ парламент хагас сар ажиллаад таржээ. Учир нь Британий цэргүүд Станбулд түрэмгийлэн орж ирээд Кемалийн талын 40 депутатыг баривчилж Мальтад цөлжээ.Үлдсэн депутатууд нь Анатолийд зугтаж ирэв. Анатолид Кемал Үндэсний их хурлыг яаралтай шинээр байгуулав. Кемал 1920 онд Анкарт түр Засийн газар байгуулж түүнийг улсын ерөнхийлөгч бөгөөд армийн удирдагчаар томилсныг зарлалаа.


Султан хариуд нь кемалчуудад жихад зарлаж түүний удирдагч Кемалд цаазын ял ногдуулав. Султан удалгүй 1920 онд Антантын улсуудтай Севрийн гэрээ байгуулж Туркийн харьяа байсан арабын Курдистан, Фрак, Арменийг салгаж харийн гүрэнд найр тавин өглөө. Энэ явдлын дараа ард түмэн Кемалийг дэмжиж эхэллээ. 1920 онд Кемалийг Үндэсний Их Хурлын даргаар сонголоо.Султан хаан Кемалийн ард түмний дунд нэр хүндтэй болж байгааг харгалзан түүнийг цэргийн дээд удирдагчаар томилжээ.1920 онд Кемал армений армийн дайралтыг зогсоож сөрөг довтолгоо хийж Оросын булааж авсан армений нутгийг буцаан эзлэв. 1921 оны Москвагийн хэлэлцээрээр алдагдсан армений нутаг Карс, Ардаган, грузиний Өмнөд Батумын нутгийг Туркт буцаан авах боллоо.Смирнийг эзэлж авсан грекийн армитай Кемал бараг жил хагас байлдаж Зөвлөлт Орос улсаас цэргийн болон хүнсний тусламж авч 1921 оны нэгээс наймдугаар сард туркийн цэрэг грекийн цэргийн довтолгоог Сакарье голын дэргэд зогсоож ялав. Кемал паша Итали, Францын цэргүүдийг Анатолий, Киликээс гаргах асуудлыг тохиролцож чаджээ. 1922 оны 8-р сард туркийн арми ерөнхий давшилт хийж Афьон Карахисарыг эзлэв. 9-р сард Бурсаг эзлэв. Гол цохиолтоо Кемал Смирны хотын төмөр замын дагуу баруун зүгт өглөө. Грек цэргүүд ялагдаж ухрахдаа уур хилэнгээ энгийн турк иргэдэд гаргаж иргэдийг ихэд хөнөөж дээрэмдэж байв. Нэг сая гаруй турк иргэд орон гэрээ алдаж алуулж дээрэмдүүлжээ.Турк цэргүүд 9-р сарын 9-11 нд Измира буюу Смирна хотыг эзлэв. 


Тэр үеийн грекийн цэргийн эсрэг туркийн эх орончид хэрхэн тэмцэж байгаа тухай туркийн “Шархадсан зүрх” гэдэг телевизийн олон ангит сериал байдаг даа. Яг л тийм үйл явдал орон даяар өрнөж туркийн ард түмэн гадаадын түрэмгийлэгчдпийн эсрэг тэмцэж байв. 


Грекийн арми байлдах чадвараа алдаж ялагдан туркийн цэрэг 40 000 грек цэргийг олзолж, 284 их буу, 2000 пулемет, 15 нисэх онгоц хураан авав. 60 000 грек цэрэг алагдав. Кемалийн цэргүүд Станбул, дорнод Фракийг эзэллээ.Британи энэ газар нутгийг Туркийн нутаг хэмээн зөвшөөрлөө.1922 оны 12-р сарын 1 ний өдөр Үндэсний Их Хурал Султан хааны засаглалыг устгаж сүүлчийн Султан 6-р Мехмедийн эрх мэдлийг хурааж, Султан хаан английн хөлөг онгоцоор Мальт руу зугтжээ. 1923 онд Севрийн гэрээг Лозанны энхийн гэрээ болгон өөрчилж энэ гэрээгээр Турк дорнод Фрак, Станбул, бага Ази, баруун Армени, Курдистаны ихэнхи нутгийг Туркийн мэдэлд авав. Кемал дараа нь Оросын эзэнт улсын мэдэлд байсан Ажарын өмнөд хэсэг, Армений дорнод хэсэгийг Туркийн харьяанд оруулж чадав. Дараа нь Грек,Турк улсууд хүн амаа хуваах болов.1.5 сая грек гаралтай хүн Туркийг орхин гарлаа. Мөн ийм хэмжээний турк гаралтай хүн Грекийг орхин Турк руу гарав. 1923 оны 10-р сарын 29- ний өдөр Кемал – паша Туркийн бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.


Кемал исламын шашны намуудыг болон коммунист намыг хориглож туркийн нийгмийг шинэчлэв. Тэр бээр ардчилсан зарчмыг нэвтрүүлж исламын шашныг төрөөс тусгаарлаж төрийн капитализмын зарчим дээр эдийн засгийн өөрчлөлт хийж жирийн хүний боломжийг хангахад төрийн ажлыг чиглүүлэв.


Гадаадын компанийг үндэснийх болгов. Кемал үндэсний хөрөнгө оруулалтыг дэмжив. Өрнөдийн хөрөнгийг хязгаартай оруулж, гадаадын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж үндэсний хөрөнгө оруулагчдыг дэмжив. Иргэд нь өдөр тутмын амьдралдаа өрнөдийн хэв маягтай болж байв.Түүхэнд анх удаа эмэгтэй хүн эрчүүдийн адил эрх эдэлж нүүрний халхавч буюу пранжа зүүхийг болиулж, эрчүүд үндэсний хувцас өмсөхийг болиулав. Үндэсний тоорцог малгай фескаг өмсөхийг хориглов. Харин өөр хоорондоо гар барьж мэндчилэхийг зөвшөөрөв. 1934 оноос эхлэн турк эмэгтэйчүүд сонгох эрхтэй болов. Төрийн албан хаагчид европ хувцас өмсөх боллоо. Бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг тунхаглав. Исламын шашны сургуулиудыг хаав. Араб бичиг үсгийг халж латин үсгэнд шилжив. Исламын шариатыг швейцарын иргэний хууль, италийн эрүүгийн хууль, германий худалдааны хуулиар солив. 1933 онд турк иргэд овогтой болж Кемалд Их Хурал Ататюрк буюу “Туркчуудын эцэг” гэсэн овог өгөв. 1923 онд Туркийн төрийн эрх барих дээд байгууллага нь Межлис буюу Парламент болов. Кемал эдийн засгаа хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийг дэмжих хууль гаргалаа.Үүний дүнд шинэ Турк улс байгуулагдсаны дараах 10 жилийн дотор 201 хувьцаат компани байгуулагдав. Өрнөдийн баримжаатай зах зээлийн эдийн засагт шилжиж эх орны үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэний дүнд Туркийн эдийн засаг хөгжиж байв. 1930 онд Үндэсний банкыг байгуулав. Кемал 1927, 1931, 1935 онуудад гурван удаа Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдов. Мустафа Кемаль Ататюрк 1938 оны 12-р сарын 10 ны өдөр 57 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.“Амласнаа бүгдийг нь биелүүлэв” хэмээх Кемал Пашагийн тухай шүлэгт:


Арми байхгүй байна аа хэмээн түүнд хэлэв.

Арми байгуулцгаая хэмээн тэр хариулав.

Мөнгө алга аа хэмээн түүнд хэлэв.

Мөнгө олдоно оо хэмээн тэр хариулав.

Олон дайсан байна аа хэмээн түүнд хэлэв.

Дайснуудыг дарна аа хэмээн тэр хариулав.

Ийнхүү тэр амалсан бүхнээ биелүүлэв... хэмээн бичжээ.


Амалсан бүхнээ ард түмнийхээ өмнө биелүүлсэн ардын баатар Кемал паша гэж ийм л гарамгай цэргийн жанжин, улс орныхоо агуу удирдагч байжээ. Кемал паша маш хүнд нөхцөлд Британий цэргийн эсрэг байлдаж байхдаа цэргүүддээ “Та нарт давшихыг тушааж байна. Та нарт үхэхийг тушааж байна” хэмээн хэлж байсан гэдэг. Кемал паша өрнөдийн хүчирхэг Британи, Франц, Австрали, Шинэ Зеландын цэргүүдийг ялж байлаа, эртний дайсан Грекийн армийг ялж байлаа. Хойд фронт дээр Оросын эзэнт улсын армийн довтолгоог зогсоож хуучин Армений газар нутгаа буцаан авч байлаа. Кемал паша агуу дипломатч байлаа. Тэр бээр Франц улс болон Зөвлөлт Орос улстай ашигтай гэрээ хийж их хэмжээний зэр зэвсэг авч армиа зэвсэглэж байлдах чадварыг нь нэмэгдүүлж байв. 1920 онд Кемал паша Зөвлөлт Оросын төрийн тэргүүн В.Ленинд захидал бичиж олон арван “Максим” пулемёт, олон мянган винтов буу зэвсэг, олон сая сум авч, мөн алт, мөнгө их хэмжээгээр авч туркийн армийг орчин үеийн хүчирхэг арми болгож гадаадын болон дотоодын дайснаа дарж байлаа. Кемал Паша хэзээ ч гадаадын цэрэг эх орондоо дуудан авчирч байгаагүй, харин өөрийн цэргийн хүчээр 6 фронт дээр зэрэг байлдаж гадаадын олон орны түрэмгийлэгч цэргийг ялж дэлхийг алмайруулж байсан агуу жанжин юм. Ататюрк хэмээн ард олондоо хүндлэгсэн Кемал пашагийн шинэчлэл эцэстээ Турк орныг европчлогдсон өндөр хөгжилтэй улс болгов. Турк улс нь Эгийн тэнгис, Хар тэнгис, Газар дундын тэнгисээр хүрээлэгдсэн, Босфор, Дарданеллийн хоолойгоор хүрээлүүлсэн, ази, африк, европ тивийг холбосон газар зүйн хамгийн ашигтай байрлалад оршдог, цаг агаар нь дулаан зөөлөн, газрын хөрс нь үржил шимтэй байдаг нь Туркийн хөгжилд хамгийн таатай нөхцөл болжээ  


Турк улс 1932 онд Лиги Нацийн гишүүн болов. Турк улс дэлхийн хоёрдугаар дайны дараа 1952 онд НАТО-гийн гишүүн болов. Турк улсад 1960 онд цэргийн эргэлт болов. Турк улсад 1980 онд дахин цэргийн эргэлт болов. 2012 онд Турк - Сирийн зэвсэгт мөргөлдөөн болов. 2016 онд Туркт цэргийн эргэлт хийхийг оролдов.


Турк улс 814, 5 мянган квадрат км газар нутагтай, газар нутгийн 97.0 хувь нь ази тивд, 3.0 хувь нь европ тивд хамаардаг ажээ. Эдүгээ Турк улс 85. 3 сая хүн амтай бөгөөд  нийслэл Анкара хотод 4.5 сая хүн, Станбул хотод 15.4 сая хүн, Измир хотод 3.4 сая амьдардаг. Турк улсын хүн амын 70. 0 хувь нь турк үндэстэн. Хүн амын 27 хувь нь буюу 8.3 сая нь иран хэлтэн курдүүд эзэлдэг, армянчууд 500 000, азербайжанчууд 800 000, кавказынхан 3 сая, бусад нь крымийн татарууд, ассиричүүд , грекүүд зэрэг үндэстэн эзэлдэг. Өнөөдөр дэлхий дээр нийтдээ түрэг хэлээр 200 сая хүн ярьдаг ажээ. Турк улсын иргэдийн дундаж наслалт нь 78 / эрчүүд 75, эмэгтэйчүүд 81 насалдаг / хүрсэн, GDP буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1 114 их наяд ам долларт хүрсэн, нэг хүнд ногдох GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн нь 13 388 ам.долларт хүрсэн дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 18 дугаар байрт жагсаж байгаа эдийн засгийн хүчирхэг улс болжээ.Туркийн эдийн засагт аж үйлдвэр 26 хувь, ХАА 15 хувь, барилга 6 хувь, үйлчилгээний салбар 51 хувийг эзэлж байна. Турк улсад боловсруулах үйлдвэр, барилга, нэхмэл, арьс шир, эрчим хүч, хүнс, хими, эмийн үйлдвэр, металлурги, хөлөг онгоц, автомашин, электрон барааны үйлдвэрлэл хөгжжээ.  Турк улсын экспорт жилд 166 тэрбум ам доллар, импорт 214 тэрбум ам доллар ажээ.Турк улс бол орчин үеийн хамгийн хүчирхэг армитай улсын нэг юм. Туркийн Зэвсэгт хүчинд 355 000 цэргийн албан хаагч алба хааж байна. Нэг жилд цэргийн зардалд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.7 хувь буюу 15.4 тэрбум ам долларыг зарцуулж байна. Туркт цэргийн аж үйлдвэр өндөр түвшинд хөгжсөн. Арми нь хамгийн орчин үеийн зэр зэвсэгтэй байдаг.


Ганц жишээ хэлэхэд 2009 онд анх туркийн инженер Сельчук Байрактарын зохион бүтээсэн байлдааны нисгэгчгүй дрон эдүгээ 650 кг жинтэй, 300 литр багтаамжтай бензины бактай, нислэгийн радиус нь 150 км, цагт 220 км хурдалдаг, агаарт 24 цаг нисэх чадвартай дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй зэвсэг болоод байна. 


Турк улс бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс юм. Турк Улсын Ерөнхийлөгчөөр эдүгээ Режеп Эрдоган ажиллаж байна. Туркийн Үндэсний Их Хурал нь нэг танхимтай, 600 гишүүнтэй, төлөөлөгч нь 5 жилээр сонгогддог, сонгуулийн 85 тойрогтой, улс төрийн 9 намтай. Монгол Улс эдүгээ Турк улстай дипломат харилцаа тогтоогоод 55 жил болж байгаа бөгөөд хоёр улс стратегийн түншлэл тогтоож харилцаагаа эрчимтэй өргөжүүлж байна. Эртний агуу түүхт, их соёлт Турк улсын товч түүхийг өгүүлэхэд ийм байна.  


 

Доржийн СҮХБААТАР