sonin.mn

НАТО-д нийлүүлж буй зэвсэг техникийнхээ тоо хэмжээг мэдэгдэхүйц бууруулахаар АНУ төлөвлөж байгаа тухай Der Spiegel сонинд мэдээлжээ. Нийлүүлэлтийг танахаар зэхэж байгаа талаар Пентагоны тэргүүн Пит Хегсет НАТО-гийн өндөр албан тушаалтнуудтай тус эвслийн төв байранд уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


Тодруулбал, Вашингтоноос нийлүүлж буй сөнөөгч онгоц, хөлөг онгоц, дрон, түлш цэнэглэгч онгоц, алсын бөмбөгдөгч онгоцны тоо илт буурах ажээ. Эдгээрээс сөнөөгч онгоцны нийлүүлэлт гуравны нэгээр багасах төлөвтэй байна.


Энэхүү таналтыг “НАТО-гийн хүчний загварчлал”-ын хүрээнд хийх гэж байгаа юм. Ачааллыг хуваалцах /burden sharing/ өмнөх тогтолцооны үед АНУ тус эвслийн цэргийн чадавхийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Харин одоо Вашингтоны зүгээс ачааллыг дахин хуваарилахыг /burden shifting/ шаардаж байгаа юм. Удахгүй 6 дугаар сард болох Force Sourcing Conference бага хурлын үеэр нийлүүлэлт буурах салбаруудад Европын ямар улсууд АНУ-ыг орлож чадах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ажээ.  


Greenpeace: АНУ-ын оролцоогүйгээр ч гэсэн Европын орнууд Оросоос илүү хүчтэй


Greenpeace байгууллагын хийсэн тооцооллоор, АНУ-ыг оролцуулахгүйгээр ч гэсэн цэргийн салбарын үндсэн үзүүлэлтүүдээр НАТО-гийн гишүүн Европын орнууд Оросоос давуу байна. 2025 онд гэхэд, Европын холбоотнууд ба Канад улс цэргийн зардалд 626 тэрбум доллар төсөвлөсөн бол Орос улс 190 тэрбумыг төсөвлөжээ. Мөн НАТО-гийн гишүүн Европын орнууд ба Канад улс 2215 байлдааны онгоцтой бол Орос улс 1064 онгоцтой байна. Түүнчлэн хөлөг онгоцнуудын тооны харьцаа 143:34, их бууны тооны харьцаа 15896:5976 байгаа ажээ. 


“АНУ НАТО-гоос гарсан ч гэсэн Европын орнууд батлан хамгаалахын асар их нөөц хүчтэй хэвээр байх болно. Гэхдээ хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн улмаас Европын аюулгүй байдлын бодлого алдагдаж байна” гэж Greenpeace-ийн шинжээчид дүгнэсэн байна. 


Өмнө нь мэдээлснээр, АНУ Европ тивд байрлаж буй 4 байлдааны бригадын бүлгийнхээ нэгийг нь гаргахаар төлөвлөжээ. Байлдааны бригадын бүлэг гэдэг нь байлдааны ажиллагааг бие даан явуулах чадвар бүхий АНУ-ын армийн тактикийн үндсэн анги нэгтгэл юм. Явган цэргийн бригадын бүлэг нь 4-5 мянган хүнтэй, хуягт танкийн бригадын бүлэг 5 мянган хүнтэй ажээ. Сүүлийн жилүүдэд Европ тивд Америкийн 100 мянга орчим тооны цэрэг байрлаж байгаа юм. Тэднээс 65 мянга нь байнга, бусад нь ротацийн үндсэн дээр байрладаг ажээ.  




Б.Адъяахүү