МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, АКАДЕМИЧ, ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР ЖИГЖИДИЙН БОЛДБААТАР (1948–2026)
Монгол Ардын Намын эрхэм журмын нөхөр, монголын түүхийн шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын сод төлөөлөл, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн Жигжидийн Болдбаатар 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Академич Жигжидийн Болдбаатар нь 1948 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат суманд мэндэлжээ. Тэрбээр 1957–1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1967–1971 онд Монгол Улсын Их сургуулийн түүхийн анги, 1976–1979 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус дүүргэсэн байна. Эрдэм судлалын ажлаа тууштай хийж, 1979 онд түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1991 онд түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалж, 2004онд ШУА-ийн жинхэнэ гишүүн-Академич хэргэм хүртсэн юм.
Тэрбээр 1971–1991 онд МУИС болон Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, төвийн эрхлэгчээр ажиллаж, дээд боловсролын салбарт боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд бие сэтгэлээ зориулсан юм.
Монгол Улс ардчилсан шинэ тогтолцоонд шилжих түүхэн эгзэгтэй үед төр, нийгмийн томоохон зүтгэлтэн болон тодорч, 1991–1996 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992–1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1998–2016 онд Монгол Ардын Намын даргын зөвлөхийн хариуцлагатай албыг хашжээ. Тэрбээр хууль тогтоогчоор ажиллах хугацаандаа “Боловсролын тухай үзэл баримтлал”, “ШУА-ийн эрх зүйн байдлын тухай”, “Дээд боловсролын тухай”, “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах тухай” зэрэг соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын суурь эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 1998–2013 онд томилогдон төр, түмний үйлсэд хүчин зүтгэж байв. Түүнчлэн 1996–2011 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 2014-2026 онд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн зөвлөхөөр ажиллаж, дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Мөн Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Шихихутуг их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуульд зөвлөх профессор, эрдэм шинжилгээ, боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Академич Ж.Болдбаатар нь Монголын түүх, улс төр, эрх зүй, намтар судлалын чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа хийж, “Монгол улсын түүх” таван боть, “МАХН-ын түүх”, “Монгол улсын түүх (XX-XXI зуун)” зэрэг суурь бүтээлүүдийг зохиогч, редактораар оролцон бүтээсэн бөгөөд “Монгол түмний сод хүмүүс” цувралыг санаачлан удирдсан байна. Тэрээр бие даасан болон хамтарсан 400 гаруй ном бүтээл туурвиж, 131 ном зохиолыг хянан тохиолдуулжээ.
Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд нь олон улсад өндрөөр үнэлэгдэж уран сайхны болон баримтат киноны 40 шахам зохиол бичиж олны хүртээл болгосноос гадна Англи, Орос, Герман, Хятад, Япон, Солонгос зэрэг олон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна.
Түүний намтар Английн Кембрижийн их сургуулийн Намтар судлалын төвийн “Хэн нь хэн бэ?” цуврал болон “Монголын XXI зууны алдарт хүмүүс” номд багтжээ. Түүний хөдөлмөр зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт байгуулсан гавьяаг төр засаг өндрөөр үнэлж, 2022 онд Монгол Улсын Ардын багш 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цолыг тус тус хүртээжээ. Мөн “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг, Боловсрол, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, Япон улсын шашин, нийгмийн зүтгэлтэн Кэриямагийн шагнал, Ханчин Хамбо Жамьянгаравын шагнал, Чин ван Ханддоржийн шагналуудаар тус тус шагнагдсан байна. Жигжидийн Болдбаатар нь Монгол Ардын Намын журмын нөхөр, тусгаар тогтнолын үнэ цэн, намын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, боловсон хүчний бодлогын нэгэн тулгуур төлөөлөгч байсныг намын гишүүд бид хүндэтгэн дурсаж байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран ажиллагсад, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА НЯМ-ОСОРЫН УЧРАЛ
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
bagsh mini taiban noirsdoo.um ma ni bad mi hum..