5-р сарын 26-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг даргалах үеэрээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзжээ.
Ван И Хятадын удирдагчдын мэндчилгээг Гутерришт уламжлаад, өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж, бүс нутгийн мөргөлдөөнүүд олон цэгт зэрэг гарч байгаа үед НҮБ урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч, олон улсын хамтын нийгэмлэгийн илүү өндөр хүлээлтийг хүлээж байгааг онцолсон байна.
Тэрээр Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын даргалагч орны хувиар бүх улс оронтой хамтран НҮБ-ын дүрмийн анхны зорилгыг сэргээж, НҮБ-ын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хамгийн өргөн хүрээний зөвшилцөлд хүрэхийг хүсэж байна гэжээ.
Мөн хурлын үеэр оролцогч талууд НҮБ-ын дүрмийг чанд мөрдөж, НҮБ-ын байр суурийг хамгаалан, НҮБ-ын шинэчлэлийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байсныг дурдсан байна.
Гутерриш Хятадын удирдагчдад халуун мэндчилгээ уламжлахыг Ван Игээс хүсээд, Хятадын тал Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг санаачлан зохион байгуулсныг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр энэ нь Хятад улс олон талт үзэл болон НҮБ-ыг тууштай дэмжиж байгааг бүрэн харуулж байна гээд, НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг тогтмол хамгаалж ирсэнд талархал илэрхийлсэн байна.
Гутерриш цааш нь олон улсын эдийн засаг, банк санхүүгийн тогтолцооны шинэчлэл, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг салбарт Хятадын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, НҮБ-ын энх тайван, хөгжил, хүний эрх гэсэн гурван тулгуур чиглэлийн тэнцвэртэй хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл0