1960-1980 онд хүн төрөлхтний түүхэнд уранаас эрчим хүч гаргадаг 1-р үеийн цөмийн реактор нэвтэрч, атомын цахилгаан станцууд олноор байгуулагдаж эхэлснээр ураны түүхий эд зөвхөн зэр зэвсгээс гадна эдийн засгийн өсөлт, хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөтэй эрчим хүчний гол түүхий эд болов. Ийнхүү дэлхий дахинд энхийн зориулалттай эрчим хүчний ураны үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдсанаар өдгөө дэлхий даяар 439 орчим цөмийн реактор ажиллаж, тэдгээр реакторууд нийт цахилгаан эрчим хүчний 9 хувийг үйлдвэрлэж байна[1].
Атомын цахилгаан станцууд нь хэд хэдэн ослын дараа цацраг идэвхийн аюултай хэмээх муу нэрийг зүүсэн хэдий ч цэвэр техникийн үр ашгийн хувьд эрчим хүчний гарц өндөр, байгальд ээлтэй буюу нүүрсхүчлийн хийн ялгаруулалт бага, найдвартай эрчим хүчний эх үүсвэр болдог.
Чухамдаа давуу тал нь сөрөг талаасаа их тул шинжээчид ирээдүйд илүү олон улс цөмийн эрчим хүчийг ашиглана, дагаад ураны түүхий эдийн эрэлт нэмэгдэнэ хэмээн үзэж байна. 2024 оны 3-р улирлын байдлаар ураны үнэ фунт тутамдаа (1 фунт = 0.45 кг) 80 ам.долларт хүрч, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрээд байна. Хамгийн сонирхолтой нь Украин дахь дайн эхлэхээс өмнө буюу 2024 оны 2-р сарын 01-ний өдрийн байдлаар үнэ нь 35 ам.доллар байсан бол геополитикоос шалтгаалсан дэлхийн эрчим хүчний хямралтай холбоотойгоор 2024 оны 9-р сард 80 гаруй хувиар өссөн. Энэ өсөлт нь дэлхийн их гүрнүүдийн эрчим хүчний аюулгүй байдлын бодлого өөрчлөгдөж, байгалийн хий, нефть, нүүрснээс илүүтэйгээр урт хугацаанд тогтмол эрчим хүчний эх үүсвэрт анхаарах болсныг илтгэж байгаа зах зээлийн үзэгдэл юм. Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны эрсдэлийн тайланд дурдсанаар бодлого тодорхойлогчид, судлаачид, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийн гуравны хоёр нь “бүс нутгийн болон их гүрнүүдийн харилцаа ойрын 10 жилдээ олон улсын харилцааны олон туйлт дэг журмын хүрээнд байх болно” хэмээн онцгойлон тэмдэглэгдсэн[2] гэдгийг тунгаан бодоход цаашид нэг улсаас эрчим хүчний хамаарлыг бий болгодог уламжлалт эрчим хүчний хэрэглээнд улс орнууд болгоомжтой хандахаар байна.
График 1. Ураны үнэ, 0.45 кг тутам, ам.доллар
Эх сурвалж: Fred economic data[3]
Ураны эрэлт
Геополитикийн олон туйлд тогтолцоонд ураны салбар өсөлттэй байна хэмээх таамагт эрэлтийн нөлөө ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Эрэлт талдаа дэлхийн цөмийн эрчим хүчний хэрэглээ, одоо хэрэгжиж буй томоохон төслүүдийг харж үзэхэд “ӨНДӨР ӨСНӨ” гэх дүгнэлт гарна. Тодруулбал 2024 оны байдлаар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулж буй дэлхийн топ 10 улсын нийт реакторын хүчин чадал 339,229 мВт байгаа ба шинээр баригдаж буй топ 10 реакторын хүчин чадлын хэмжээ 62,931 мВт байна. Шинээр баригдаж буй эдгээр үйлдвэрүүд ашиглалтад орсны дараа дэлхийн хамгийн том реакторуудын нийт хүчин чадал 402,160 мВт хүрч даруй 18 хувиар ойрын жилүүдэд өсөх юм. Үүнээс ураны нөөцтэй Монгол болон Төв Азийн улсуудад хамгийн олзуурхах тоо нь БНХАУ-ын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын нэмэгдэл юм. Хүснэгт 1-т харуулсанчлан БНХАУ шинээр барьж буй 31,953 мВт хүчин чадалтай реакторуудаа дуусгасны дараа дэлхийд АНУ-ын дараа 2-т орох цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгч орон болох юм. Ураны зах зээлийн үнэ нь дэлхий дээрх спот ханшаар шууд арилжаалдаггүй голдуу 2 тал шууд үнээ тохирдог, тээвэрлэлтийг хийхэд олон тооны олон улсын гэрээ конвенцод нэгдэж олон шаардлагыг хангадаг гэж үзвэл Монгол Улсын урд хөршийн ураны хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайн үзүүлэлт юм.
Хүснэгт 1. Цөмийн эрчим хүчний топ 10 улс, одоо ба ирээдүй
Эх сурвалж: Дата-Дэлхийн цөмийн эрчим хүчний холбоо, Судлаачийн өөрийн тооцоолол
Хятадын Цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн орлогч дарга Тянь Жяашү саяхан болсон хурал дээр хэлэхдээ, Хятад улс өдгөө 57 цөмийн эрчим хүчний нэгж барьж, 45 нэгжийн суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна. Хятадын эдийн засгийн хамгийн том мэдээллийн сайт Цайжин ди-и улсын цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалт ид оргил үедээ орж байна гэж онцолжээ. Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах зорилтдоо хүрэхийн тулд (2030 он, 2060 оны зорилт) ойрын 10 жилд цөмийн эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх болно. Энэ оны 7-р сарын 31-нд Төрийн зөвлөл “Эдийн засаг нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг түргэтгэх тухай санал дүгнэлт” нийтэлж, “далайн эрэг орчмын цөмийн эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний баазын бүтээн байгуулалтыг хурдасгах” санал дэвшүүлэв. Энэ нь Хятад улс 2011 онд Японд Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш цөмийн эрчим хүчний төслийн барилгын ажлын хурдыг тайлбарлахын тулд албан ёсны баримт бичигт “хурдасгах” гэсэн үгийг ил тод ашигласан анхны тохиолдол юм.
Мөн 8-р сард Хятадын Төрийн зөвлөлийн хурлаар нийт 11 нэгж бүхий цөмийн эрчим хүчний 5 төслийг батлах шийдвэр гаргаснаар сүүлийн жилүүдэд хамгийн олон зөвшөөрөл олгосон дээд амжилт болов.
Эдгээр нь Жянсу Сювэй I шатлалын төсөл, Шаньдун Жаоюань I шатлалын төсөл, Гуандун Луфэнгийн I шатлалын төсөл, Жэжян Санао II шатлалын төсөл, Гуанши Бэйлунгийн I шатлалын төсөл юм. Хятадын Цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн орлогч дарга Тянь Жяашү 2035 он гэхэд Хятадын цөмийн эрчим хүч эрчимтэй хөгжлийн үе шатандаа хэвээр байх болно, тус улс жил бүр 10 нэгжийг баталснаар цөмийн эрчим хүч нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 хувийг бүрдүүлнэ. Хэрэв 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулж чадвал цөмийн эрчим хүч тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 16-аас доошгүй хувийг эзэлнэ гэж таамаглаж буй ажээ. Дэлхийн Цөмийн эрчим хүчний холбоо тайландаа дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын цөмийн реакторуудын ураны хэрэгцээ 2030 он гэхэд 28 хувиар нэмэгдэж, 2040 он гэхэд бараг хоёр дахин өсөх төлөвтэй хэмээжээ. Өөрөөр хэлбэл 2023 оны жилийн 65,650 тонн хэрэглээ, 2030 он гэхэд 83,840 тонн, 2040 он гэхэд 130,000 тонн болж өсөх төлөвтэй байгаа ажээ. Үүнийг дагаад нэмэгдэх цөмийн хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 2040 он гэхэд 76%-аар нэмэгдэж 686 ГВт болох аж[4].
Ураны нийлүүлэлт
Ийнхүү дэлхийн ураны эрэлт нэмэгдэж байгаа бол нөгөө талд нийлүүлэлтийн хэмжээ зөвхөн цөөн тооны хэдэн орноос хамаарахаар байна. Дэлхийн нийт батлагдсан ураны нөөцийн 87 хувийг 10 улс дангаар бүрдүүлж байгаагаас[5] Австрали, Казахстан, Канад гурав 50 гаруй хувийг эзэмшиж байна.
График 2. Дэлхийн нийт батлагдсан топ ураны нөөцтэй улсууд, U-tonn
Эх сурвалж: Дэлхийн цөмийн эрчим хүчний холбоо
Ураны нөөцийн хуваарилалт хэдхэн оронд байхад олборлогчид бүүр ч цөөхөн байна. 2022 оны статистикаар дэлхий даяар нийт 49,355 тонн уран олборлосны 43 хувийг Казахстан, 15 хувийг Канад, Намиби 11 хувийг тус тус олборлосон бол үлдсэн хэсгийг бусад улсуудын бага хэмжээний олборлолт бүрдүүлсэн. Үүнээс ураны үйлдвэрлэлийг гардан гүйцэтгэгчийн тоо, үйлдвэрлэлийн чадавхыг авч үзвэл бүүр сонирхолтой тоо гарч ирнэ. Тус зах зээл дээр Казахстан, Канад, Франц, Хятад, Орос, Австрали, АНУ, Узбекстан гэсэн 8 улсын компаниуд бараг бүх олборлолтыг гүйцэтгэдэг ажээ.
Хүснэгт 2. Дэлхийн топ уран олборлогчид
Эх сурвалж: Дэлхийн цөмийн эрчим хүчний холбоо
Технологийн хувьд дэлхийн нийт уран үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг топ-10 компани гүйцэтгэж байгаа ба 56 хувь нь газар доор уусган олборлох технологи үлдсэн нь газар дор болон нээлттэй уурхайн олборлолт хийх байдлаар гүйцэтгэж байгаа ажээ[6]. Ийнхүү ураны салбарын эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйн сацуу нийлүүлэгч цөөн хэдэн улс байгаа нь энэ салбарт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж буйг илтгэнэ. Казахстан улс ураны салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж хөгжсөн нь Монгол Улсын хувьд сайн туршлага болох боломжтой бөгөөд Казахстан улс энэ салбарт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар манай хүрээлэнгээс гаргасан “Бодлогын судалгаа” сэтгүүлд дэлгэрүүлэн авч үзсэн болно.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл4
Хурдан төсллийг яьуулаачээ
УРАНААР ОЛОН ТҮМНИЙГ АЙЛГААД БАЙГАА ЦААД ЭЗЭН НЬ ОРОСУУД. ТЭД МАРДАЙН УРАНЫГ ҮНЭГҮЙ АВААД, КАНАДЫГ ХӨӨЖ ГАРГААД МОНГОЛЫГ 80 САЯ ДОЛЛАРЫН ТОРГУУЛЬ ТӨЛҮҮЛЭЭД ОДОО НАЙМАН ХӨЛТЭЙ ХУРГА ЯРИУЛААД Л ЖИНХЭНЭ БАБА ЯГА.
Баттулгын ач зээ нарт хоёр толгойтой хүүхэд арай байхгүй биз дээ ! Женко амаа хамхиж явбал зүгээр шүү !
Мэргэжлийн нэр томьёог ядаж асууж орчуулаач азаартаад байхийма