sonin.mn

Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй, улс орон ядуухан, ард түмэн чадуухан явсан ерээд онд армийнхан харин хөл алдаж, хямарч сүйд болоогүй нь түүнээс өмнөх үеийн төр засгийн дэмжлэг, армийн удирдлагын алс холч хараа, амьдрахуйн ухаанаар хангалт, хангамжаа хангалттай нөөцөлж, үүц жоороо сайтар базаасных билээ.


Монголын Ардын Армийн Ар талыг удирдах газрыг дал, наяад онд хошууч генерал Д.Бямбаа, Н.Паль, Я.Дамдинжав, хурандаа Н.Гомбо нарын мундгууд хүмүүс удирдаж явахад энэхүү нийтлэлийн маань гол баатар Янжинлхамын Нармандах цэргийн албанаас улираад уг газрын түгээгч-нярваас ажил, амьдралын гараагаа эхэлж, хөгжиж дэгжиж ёстой л “хүйн холбоотой” явжээ.


Аавынхаа удмын хэлхээг үргэлжлүүлж, ээжийнхээ арван найман насыг зүсэлж, арван дөрвөн дүүгийнхээ зулай дээр нь гишгэн өнөр өтгөн гэр бүлийн түүчээ болж орчлонд мэндэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Арбулагийн хүү Я.Нармандах арваадхан насандаа нэгдлийн эр бяруу маллан, үхэрчин болж, отор нүүдэл хийж, арай жаахан томроод Найман нуурын Ширээтийн даваа, Цэцэг дөрөлжийн замыг засалцаж, бүтээн байгуулалтад оролцож явснаа эр цэргийн албанд татагдаж, нийслэлийг зориод Ардын Армийн 162 дугаар ангид хугацаат цэргийн алба хааснаар амьдралынхаа ирээдүйн зам мөрийг эргэлт буцалтгүй сонгожээ. Хааяахан олддог цэргийн чөлөөгөөр гарч явахдаа арван жилийн сургуулийн төгсөх ангийн хөөрхөн охин Хөвсгөл аймгийн харьяат Н.Оюунтунгалагийг харцандаа тогтоож, хайрандаа торгоох болсноор хотод үлдэж, хажууд нь байх арга хайхдаа армид улирч ажиллах боломжийг шүүрч авчээ.


Хөдөөнөөс цэргийн хүүгээ эргэж ирсэн аавдаа үнсүүлчхээд л Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн үтрэм дээр ажиллаж байсан Сувилагчийн сургуулийн оюутан найз охинтойгоо очиж уулзаад сэтгэлээ дүүргэчхээд 24 цагийн чөлөөндөө багтаж, ангидаа ирж байсан залуухан, халуухан насаа тэр дурсах дуртай.


Ажил үйлсээрээ тэргүүлж, Анагаахын дээдийн хуваарь атгачихсан байсан гэргий нь Ховдод ажиллахаар томилогдсон шинэхэн офицер нөхрөө ганцааранг нь явуулчхаж төвдөлгүй дагаад л явсан гэх. Зан зангаа авалцаж, жаргал зовлонгоо хуваалцан тавь шахам жил амьдарч, цэргийн даргын ар талыг бат сайн дааж ирсэн гэргийдээ тэр талархахын дээдээр талархдаг. “Ажил гэж хэнхэглэсэн надад ганц ч удаа гомдол хэлж байгаагүй ээ, хөөрхий” гээд инээмсэглэж сууна лээ. Хугацаат цэргийн албаны дайчин залуу наймдугаар ангийн боловсролтой ч сэтгэл, зүтгэл байхад болдгийн жишээг харуулж, шалгалтдаа гурав хоног л бэлтгэхдээ орос, хятад сампин цохиж сураад нярав болж, ажилд орсон түүхтэй. Ингэж тэртээ 1979 онд хорин насандаа армид ажилд орж, айлд ч хүргэн орсон гэдэг. Алс хэтээ боддог амьдралын ухаантай хэрсүүхэн залуу ажиллахын зэрэгцээ Ажилчин залуусын оройн сургуулиар 10 дугаар анги төгсөж, Санхүү эдийн засгийн техникумд мөн оройгоор суралцаж, Тээврийн эдийн засагч нягтлан бодогч, мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эчнээгээр суралцан Эдийн засагч-нягтлан бодогч мэргэжлээр дэвшин суралцсан нь амьдралаа өөдлөн дэгжээх өрхийн тэргүүн, армийн санхүүд орон зайгаа дархлах боловсон хүчин болж өсөж өндийхөд нь түлхэц болжээ.


Мэргэжил боловсролоо дээшлүүлсэн, ахиж дэвших хүсэл эрмэлзэлтэй залуугийн офицер болох хүслийг хашир удирдлагууд тийм ч амар биелүүлсэнгүй. “Амьдралыг тэгээс, ажлыг бэрхээс эхэл” гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг байсан юм даг уу даа.


Дарханд томилогдох сураг гараад битүүхэн баярлаж байтал гэнэт Ховд руу “хөөгдөх” нь тэр. “Даргын тушаал”, “Намын даалгавар” хойно яалтай билээ, “Мэдлээ, гүйцэтгэе” шүү дээ. Ингээд хотоос цохсон шинэ гэр ачиж аваад, нутгаараа дайрч Уянга, Бат-Өлзий хийцийн эрээн хос авдар, ор зэрэг тавилгаа зэхээд хүн танихгүй, газар мэдэхгүй залуу гэр бүл Шаргын говь, Хүйсийн говийг туулсаар тэнгэрийн хаяаны тэртээ орших Ховдын хороонд очиж байснаа бодвол хоёр шинэлэх зуур Ардын Армийн 123 дугаар ангийн санхүүгийн ажил овоо цэгцэрчээ. Өмөрбек, Сетерхан, Айгүль гээд л бек, хан голдуу нэртэй 500 гаруй алба хаагчийн бүртгэл, цалингийн хүснэгтийг хонон өнжин ажиллаж эмх цэгцэд оруулав. Нийслэлд Армийн үндсэн хөрөнгийн анхны тооллогод ч амжилттай хамрагдав. Тэгтэл түүнийг нийслэлд ахин дуудаж Сүхбаатар аймаг дахь Ардын Армийн 152 дугаар ангийн Санхүүгийн албаны даргаар томилох нь тэр. Тийнхүү гэнэтийн шийдвэр хүлээн авсан залуу офицер ганц биеэр нисэн очиж, ажил хүлээлцэх хэд хоногт “Улаан Од” сонины сурвалжлагчтай зочид буудалд байрлаж таарсан бөгөөд энгүүхэн ярилцаж, хэдэн үг солилцохдоо шинэ очсон ангийнх нь талаар сэтгэгдэл асуухад “Жаахан холхио ихтэй, замбараа муутай юм уу даа” гэсэн нь сонины шинэ дугаарт дурайтал гарсныг Ховдын ангийн нэгэн шооч офицер “Сүхбаатарын ангийн шинэхэн санхүүгийн дарга нь олхио муутай юм уу даа гэж байна” гэж дэгс мэдээ дамжуулснаар Ховдын цэнхэр хязгаарт үлдсэн гэргий, хүүхэд нь тэдний дараагийн амьдрах газар, хүрэх зогсоол нь эх орны зүүн хязгаарт өрнөхийг мэдсэн гэдэг.


Нүд аргааж, аманд зажлагдах элсэн шуурга, “Номхон” команд далимдуулан ноолж хазах тэнтгэр шумуул зэрэг байгалийн шалгуур, хөхөө өвлийн хүйтэнд нүүж суух, Налайхын “Хөлдүү цэнхэр”-т амьдрахаас эхлээд санхүүгийн сахилга бат суларч, өр авлага, эд хөрөнгө шамшигдуулалт үүссэн анги байгууллагад томилогдох, мэргэжлийн ур чадвар, шударга, басхүү өөрийнх нь хэлснээр “хэнхэгдүү” зан чанараар эмхэлж цэгцлэх гээд түүний ажил, амьдралын замналд сорилт бэрхшээл олон тохиолдсон.


Санхүүгийн дарга нар нь ажлаа хаяад явчихсан, эсвэл халагдчихсан анги байгууллагын санхүүгийн ажлыг өөд татах, “суларсан эрэг боолтыг чангалах” үүрэг хариуцлагыг удирдлагаас түүнд хүлээлгэдэг, тэрбээр ч сайн гүйцэтгэдэг байсныг олон ч жишээгээр өгүүлж болох ч өөрөө их даруухан хүн юм аа. Сүхбаатар аймгийн цэргийн анги татан буугдахад нууцын дарга, тамга тэмдэгтэйгээ үлдэхдээ бүхий л офицер, алба хаагчдынхаа шилжүүлэг, ээлжийн амралт, цалин цагаа гээд ямар ч эдийн засгийн хохиролгүйгээр шийдвэрлэж зохицуулахын зэрэгцээ бүхий л эд хөрөнгө, өр авлагын асуудлыг цэгцэлж байжээ. Ингэхдээ бүсгүй л хүн болохоор татан буугдсан ангийн зочид буудлаас ган халбага, сэрээг нь шохоорхсон эхнэрээ “Яасан шуналтай хүн бэ” гэж тас загнаж байсан, бүхэл бүтэн ангийн эд хөрөнгийг худалдан борлуулж, улсад тушаахдаа үлдэж хоцорсон хоёр сандлыг нэг бүрийг нь 25 төгрөгөөр өөрөө худалдан авч байсан, алдарт 20 дугаар тогтоолын сургаар тамхи, тариагаа авъя гэж шалсан офицер, ахлагч нараа ч бодохгүй, өөрөө ч авахгүй лацадчихаад хавьтуулахгүй байсан гээд түүний шударга, хэнхэг зангийн жишээг тоолоод баршгүй. Тэр ингэж л ажил, албандаа яс ханддаг байсан. Тэрбээр Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа 12 аймагт 15 салбартай тэр том ангийн өнцөг булан бүрт хүрч чаддаг байсан нь гайхалтай. Алс холын анги салбарынхаа мэргэжлийн боловсон хүчний асуудлыг ч яаж ийгээд шийдчихдэг, хаана ажил доголдож байгааг мэдэрч, засаж залруулж чаддаг байсан талаар түүнтэй нэгэн үе мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөд нь ам уралдан өгүүлдэг юм билээ.


Харин тэр өөрөө сэтгэлийн гүндээ хадгалж явсан эмзэглэлээ хуваалцсан юм. Дэд хурандаа Я.Нармандах ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн орлогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ буюу 1997 онд тухайн үеийн Батлан хамгаалахын сайдын Засгийн газрын хуралдаанд цоллосноор “Батлан хамгаалах салбарын мафи”-ийн холбогдогч болжээ. Цэргийн прокурорт шалгагдсан тэр хэдэн сар итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээ зөвхөн ажилдаа зориулж явсан түүний амьдралын бараан дурсамж болж үлдсэн ажээ. Системийн өр авлага ихтэй, банк санхүүгийн хямрал нүүрлэсэн тэр цагт “Анод” банкаар гүйлгээ хийсэн, тендергүй компьютер авсан зэрэг шалтгаанаар “мөнгө идсэн, уусан” хэрэгт холбогдуулж, тушаал уншсан тэр нэг өдрийн хурлаас хойш хүмүүсийн хандлага нүдэн дээр хэрхэн хувирч өөрчлөгддөгийг харж, гайхахын зэрэгцээ гарын арван хуруунд багтахаар үнэнч хэдхэн найз тунаж үлддэгийг мэдэрчээ.


Бараг “Халуун хөнжил”-өөс бусад бүх шар хэвлэлд бичиж, баалсан хэр нь ээ үнэн мөн нь тогтоогдоход “Улаан Од” сонины арын нүүрний буланд “Я.Нармандах буруугүй нь тогтоогдсон учир ажилд нь эргүүлэн авчээ” гэсэн хоёрхон мөр мэдээ тавигдсан байсан гэдэг.


Ийнхүү ажил амьдралын өдрүүд үргэлжилж, алдар хүнд, алдаа онооны дэнсийг туулсаар эцэст нь тэрбээр Зэвсэгт хүчний Ар талын материал хангалтын төв баазад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад нэг хоног ч илүү биш, бас дутуу биш яг 25 жил ажиллаад цэргийн гавьяаны амралтаа авчээ. Өөрөөр хэлбэл, цэргийн тушаал, намын даалгавраар эх орныхоо хэрэгцээт газар томилогдон ажилласаар эцэст нь ажлын гараагаа эхэлсэн газраа эргэн ирж, тэндээсээ тэтгэвэртээ сууснаа тэр хувь тавилан хэмээн бэлгэшээдэг. Байлдагчаас дэд хурандаа, нярваас Хэлтсийн орлогч дарга хүртлээ дэвшин ажилласан түүний ажил албаны замнал ийнхүү өндөрлөсөн ч тэр зүгээр сууж төвдсөнгүй. Хорт хавдар туссан аав, хоёр нүд нь хараагүй болсон ээж болон цуварч төрөөд, цугларч аж төрсөн дүү нараа бүгдийг нь нийслэлд авчирч, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр “Өвөрхүрхрээ” компани, Партизанд фермерийн аж ахуй байгуулж, бизнест хүчээ үзжээ. Тухайн үед мал ахуйг нь заруулаад, тогтсон амьдрал ахуйг нь хөдөлгөөд хотод авчирчхаад “Би юу хийчхэв ээ” гэж эргэлзэх мөч байсан ч эргээд харах нь ээ бүх дүү нарынхаа гэр бүлийг ажилтай төрөлтэй, үр хүүхдүүдийг нь сургууль соёлтой болгосондоо сэтгэл хангалуун байх. “Нармандах гэдэг хүн өдий зэрэгтэй өөдөлж, дэвшиж яваа нь аав ээж, өвөг дээдсийн минь буян. Ах дүүс ч олуул боллоо, оны толгойд ч гарлаа.


Аав ээжийгээ яваад өгөхийн цагт өнчин ишиг шиг л болж үлддэг юм билээ. Харин 13 дүү, хүргэн бэрүүд ахыгаа л гэдэг дээ. Одоо сар шинээр дөчөөд өрхийн 170 гаруй хүн золгоцгоож байна даа. Адилхан л өвгөд, эмгэд болсон ч дүү нар өнөөг хүртэл дэргэд минь тамхи татаж, архи уухгүй, хамаагүй зүйл ярихгүй шүү” хэмээн бахархан өгүүлнэ.


Тэрбээр бизнес эрхлэхийн зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутгийн зөвлөлийн дарга зэрэг олон нийтийн сонгуульт ажлуудыг нэр төртэй хашсан нэгэн. Мөн батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын ахмад санхүүчдийг нэгтгэсэн “Дайчин санхүүч сан” төрийн бус байгууллагыг байгуулалцаж, өнөөг хүртэл тэргүүнээр нь ажиллаж явна. Санхүүгийн дарга нараас гадна санхүүгийн ажлын гол ачааллыг үүрдэг нярав, нягтлангуудаа нэгтгэсэн 250 гаруй гишүүнтэй тус байгууллагын 20 жилийн ой ирэх онд тохионо. “Энэ хугацаанд их ч хэрэлдлээ, их ч загналаа даа, энэ муу хэдийгээ” гээд цагаахан инээмсэглэх даргадаа харин хүүхнүүд голдуу гишүүд нь хир халдаахгүй магтах юм билээ. Дэд хурандаа өөрөө ч хүүхнүүдийнхээ төлөө, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө хөл, хэлээ хүрэх газраа хүртэл тууштай явна. Ямартаа л Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хэдэн нярав, нягтлангуудаа шагнуулахаар болчхоод бөөндөө алхаж явахыг нь харсан шооч нэгэн нөхөр “Халзан Нармандах хэдэн гүүгээ хураачихсан явж байна” гэж байх вэ дээ. “Албаны цагт дарга цэрэг, амралтын үеэр бол найз нөхөд” гэсэн зарчмаар ажиллаж ирсэн дэд хурандаа ихэвчлэн эмэгтэйчүүдийг удирдан ажиллаж ирсэн бөгөөд өглөө ажилдаа ирэхэд л бүтэн хагас нойр, ар гэрийн асуудал, биеийн эрүүл мэнд бүхэн харцнаас нь андашгүй болохоор тэр бүхнийг бодолцож, зохицуулан ажилладаг байжээ. Түүнийг кителиэ сандал мөрлөөд тавьчихсан байхад хэн ч гадагш гарахгүй, ачаалал ихтэй үед түгжиж байгаад ч болов “Баримт эргэлтийн төлөвлөгөө”-ний нарийн хуваарийн дагуу цагийн ажлыг цагт хийдэг байснаа дурсахдаа “Заримдаа арай хатуудуулдаг ч байсан байж магадгүй ээ” гэж гэмшингүй өгүүлэх ч “Армид ажиллах хугацаандаа нэг цаг хоцорч, нэг хоног тасалж үзээгүй”-гээ бардамхан өгүүлэх түүний ясны тууштай зангийн илэрхийлэл болохоор гайхах зүйлгүй ээ.


Эрхэм дэд хурандаагийнх дөрвөн хүүхэдтэй. Аавынхаа мэргэжлийг өвлөж, санхүүгийн мэргэжил эзэмшсэн том охин Н.Баяржаргал нь мөн хуулийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд өдгөө Америкт ажиллаж амьдарч байна. Том хүү Н.Баярхүү нь СУИС-ийн Уран баримлын ангийг төгссөн уран бүтээлч ч одоо Америкийн агаарын тээврийн “Юнайтэд” компанид техникчээр ажиллаж, тэндээ амьдарч байна. Төрсөн дүүгээсээ өргөж авсан удаах хүү Н.Батдорж нь тээврийн жолооч, бага охин Н.Баярдэлгэр Емарт дэлгүүрийн ерөнхий эрүүл ахуйчаар ажилладаг.


Хоёр ч хүүхэд нь Америкт амьдардаг, тэгээд ч хүүгийнх нь ажилладаг “Юнайтэд” компаниас ажилтныхаа төрсөн аав ээж, хань ижлийг үнэгүй зорчуулдгийн ачаар буянтай хоёр хөгшин хэдийд ч, хэдэн удаа ч Америкт очиж болохыг сонсоод олзуурхангуй “Гоё биз” гэтэл тэрбээр “Сараас илүү байж тэсэхгүй юм билээ.


Дандаа ярьж, хөөрч байдаг хүн чинь хэдэн өвгөд, хөгшдөө үгүйлнэ. Тэгээд ч авсан, зарсан бүхний үнэ төлбөрийг монгол мөнгөндөө хөрвүүлж бодоод төвөгтэй юм байх чинь билээ” гэж хээгүйхэн өгүүлээд инээж суух. Харин тэр нас нэмэх тоолон төрсөн нутаг, усаа улам үгүйлж, жилдээ заавал нэг очиж, рашаан уснаас нь хүртэхийг боддог гэнэ. Төрөлх Бат-Өлзий сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар найман жил ажилласан болоод тэр үү нутаг орондоо үлдэцтэй, ард түмэндээ хүртээмжтэй олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Сумынхаа үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор “Сайн ноёныхон буюу Бат-Өлзийнхөн” түүхчилсэн бүтээлийг эмхэтгэж, Улаанбаатар хотноо оршин суугаа ахмадуудаа баярлуулсан бол саяхан болж өнгөрсөн 100 жилийн ойгоороо сумын Соёлын төвдөө “Эх орончдын танхим” байгуулж өгчээ. Хатанбаатар Магсаржавын цэрэгт байлдаж явсан Ардын засгийн баатар Чулууны нэрэмжит уг танхимыг байгуулахын тулд тэрбээр Хилийн цэргийн архив, Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын төв архив, Үндэсний төв архиваас гадна Төв номын сангийн өв их түүхэн баримтуудыг судалсан байна. Ингэснээр Бат-Өлзий сумаас төрөн гарсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 3, партизан 1, 1945-1948 оны баруун хилийн тулгаралтад оролцсон 5, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 132 хүний тухай баримтыг дэлгэн тавьжээ. Тэдгээрийн үр хүүхэд, хамаатан садныг нь олж, 50-иад хүний баримтыг гэрэл зургийн хамт дэлгэсэн гэхээр ямар их хичээл зүтгэл гаргасныг харж болно. Мөн 1939 оны Халхын голын байлдаанд санитараар явсан ганц эмэгтэйнхээ тухай баримтыг олоод тун ч их баярласан гэнэ. Түүнчлэн 1945 оноос хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа 80 гаруй мөрдэстний бүртгэл судалгааг дэлгэн тавьсан баялаг үзмэртэй танхимтай болсон ажээ.


Тэрбээр одоогоор “Сайн ноёныхон буюу Бат-Өлзийнхөн”, “Ураг удмын хэлхээ”, “Миний мэдэх Бат-Өлзийчүүд”, “Дайчин санхүүчид”, “Долгорынхон. Эрт, эдүгээ, ирээдүй түүх өгүүлнэ” хэмээх таван ч номыг эмхэтгэн уншигчид, нутгийн түмнийхээ гар дээр тавиад байгаа судлаач, бичгийн хүн болжээ.


Сумынхаа ард иргэдийн удам угсаа, гарвалийн талаар судалж, “Ураг удмын хэлхээ” архивын лавлагаа номдоо 1925, 1927, 1929, 1932, 1956 оны хүн амын тооллогын баримтыг гаргаж тавьснаар тус сумынхан ахан дүүсээ мэдэлцэж, төрөл саднаа сураглаж, Ургийн баяраа их тэмдэглэцгээх болжээ. Ер нь түүний судалж, сураглаж, эмхэтгэж имхэрдэж бичиж хэвлүүлсэн номуудыг хэн ч уншсан ураг удам, удмын хэлхээс, угийн бичгийн талаар зэгсэн ойлголттой болохоор байгаа нь талархууштай. Одоо түүний цээж оюунд аавынхаа талын ураг удмыг хөөн судлах эрхэм нэгэн хүсэл, “Дайчин санхүүч” төрийн бус байгууллагынхаа 20 жилийн ойг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нэгэн үзүүрт зорилго баринтаглагдан явна аа.


Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Соёмбо" сонин