Цөмрөлт гэдгийг англиар challenge гэж дүйцүүлэх гээд мэрийгээд яваа нэгэн. Сорилт гэх нь жулдаад гэх үү дээ. Японы Цог жавхлант эзэн хааны Төрийн айлчлалыг би яг тэгж нэрлэж сошиалд бичсэн. ТВ-ээр ч тэгж ярьсан. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүд, ерөөсөө дэлхий дахин руу хандуулсан том challenge хэмээн би үзсэн. Гадаад бодлогын том ололт (магадгүй ялалт) хэмээн үзсэн. Гадаад бодлогын түүхнээ алтан үсгээр бичигдэнэ.
Тэгвэл дараагийн том challenge маань Төв Ази (хуучнаар Зөвлөлтийн Дундад Ази) тэр чигээрээ хэмээн лав 2025 оны гадаад бодлогын түүхнээ тэмдэглэгдэнэ.
Энд У.Хүрэлсүх, Б.Батцэцэг хэмээх хоёр бие хүнд хамаг гавьяаг тохох санаа надад байхгүй. Ерөөсөө Монголын өнөөгийн Төр-засаг гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж залгамж чанарыг тасралтгүй, бүр шинэ шинэ агуулгаар баяжуулан хөтлөн явж чадаж байна, гадаад бодлогын ололт амжилтуудаар 2022 оноос хойшхи энэ гурван жилд Монгол Улс давалгаалж байна гэдгийг тэмдэглэх нь зүй. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, тэр дундаа ГХЯ, монголын нийт ард түмэн бүгдээрээ тэр гавьяаг хүртэнэ хэмээн Элчин сайд байсан дипломатчийн хувьд дүгнэж байна.
Ковидын хоёр жил гэж нэг хэсэг сатаарсан гадаад бодлого маань үнэхээр огцом өргөжин тэлсэн, Африк, Латин Америк нэг их холын биш ирээдүй цаг дээр тэр өргөжин тэлэлтийн дараагийн бүс нутаг байх болно, түүндээ Монголын Төр-засаг хүрнэ. Би тийм итгэлтэй байна.
Социализмын үед найрамдлын сарын арга хэмжээ зохиогддог (Монголын соёлын өдрүүд, эсвэл Зөвлөлт Тажикистаны соёлын өдрүүд, Зөвлөлт Казахстаны кино 7 хоног гэх мэт), манай оюутан, ТМС-ийн сурагч бэлтгэх уурхай болж байсан ах дүү Зөвлөлтийн Дундад Азийн БНУ-ууд, тэр бүс нутаг эдүгээ манай гадаад бодлогын чухал чиглэл, бүр тодорхой онож хэлбэл бидэндээ шинээр нээгдсэн гуравдагч хөршүүд болж хувирсныг өнгөрсөн хоёр гуравхан жилийн хоёр талын дээд өндөр түвшний айлчлалууд, стратегийн ба иж бүрэн түншлэлийн харилцааг тунхагласан найрсаг хоёр улс (Казахстан, Узбекистан) гээд бэлхнээ харж болохоор санагдана.
Хүснэгтээр үзүүлье.
Төр-засгийн тэргүүн нарын айлчлалд 2023 онд Ерөнхий сайд Киргизстанд айлчилж, мөн ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн XXII хуралдаанд оролцсон, 2024 онд УИХ-ын дарга, Киргиз улсын Жогорку Кенешийн дарга нар харилцан айлчилсан нь айлчлалын давтамжийг хадгалахад чухал үүрэгтэй байсныг дурдах хэрэгтэй. Гадаад харилцааны сайдын түвшинд ч харилцан айлчлалууд хэрэгжсээр ирсэн. Шадар сайд, бусад яамдын сайд, ЗГХК-ын хурал зэргийг энд нэмбэл Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа шат шатандаа ахисаар иржээ.
Пүрэв - 06 сарын 18,
2026