-Тоон системд шилжүүлснээр радиогийн өргөн нэвтрүүлэг нийт нутаг дэвсгэрийн 95%-д хүрэх боломжтой, харин одоо 50 хүрэхгүй хувьд хүрч байна-
Одоогоос нэгэн жарны өмнө буюу 1960 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсад их хүчний анхны радио станц ашиглалтад орсноор төрийн бодлого, ард иргэдийн дуу хоолой, мэдээ мэдээллийг дамжуулан түгээх харилцаа холбооны анхны дэд бүтэц байгуулагдсан түүхтэй. Үүний дараа 1979, 1984, 2003 онуудад 2 ба 3-р үеийн өргөтгөл шинэчлэлт хийгдсэний үр дүнд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд “Монголын радио” өргөн нэвтрүүлэг дамжих техник технологийн боломжууд бүрдэж, “тасралтгүй” ажиллах үйл хэргээ тус станцын үе үеийн хамт олон нэр төртэй гүйцэтгэж иржээ. “Радио, телевиз” гэсэн өргөн ухагдахуунтай дотроо олон салбарыг хамарсан их айлын зөвхөн дамжуулах, түгээх системд 39 дэх жилдээ ажиллаж буй Телевизийн төв станцын дарга Л.Туулыг ярилцлагынхаа зочноор урилаа.
-Сайн байна уу. Телевизийн төв станц өвөлд бэлэн үү?
-Сайн байна аа. Манай Телевизийн төв станцын өвөлжилтийн бэлтгэл ажил маш сайн хангагдлаа. Инженер, техникчүүдээ өвлийн хувцсаар хангаад, станцуудынхаа эвдрэл гэмтлийг засаад дууслаа.
-Та амьдралаа Радио, телевизийн станцтай холбоод нэлээдгүй хугацааг үджээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуу боловсон хүчний хувьд ажлын гараа хүнд байв уу?
Улс орондоо 40 орчим жил ажиллаж, алдаж, онож, бахархаж, бачимдаж явсан үе дотроос Монгол орондоо телевизийн өргөн нэвтрүүлэг цацах ажилд гар бие оролцож явсан нь амьдралын минь хамгийн сайхан үе юм.
Анх 1987 онд ЗХУ-ын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг төгсөж ирээд Дорнод аймгийн Радио, өргөн нэвтрүүлгийн станцад хуваарилагдаж, бахь, алх, отвёртик зэргийг анх удаа барьж, гартаа эвэр ургатал хар бор ажлыг нь хийж, практик дадлага олж, инженер техникчийн гараагаа эхэлсэн.
Тэр үед инженер техникч хүн бол нэвтрүүлэх станцын тоног төхөөрөмж, антенн, мачт, трансформатор, мотор гээд бүх тоног төхөөрөмж дээр ээлжлэн ажилладаг байлаа. Тэгж л радио өргөн нэвтрүүлгийн станц гэдгийг гадарлаж эхэлсэн.Хонхор дахь Радио нэвтрүүлэх станц нь тухайн цагийн радио нэвтрүүлэх техникийн хөгжлийн үүднээс үзвэл хоёр дахь үеийн шинэ технологи байсан юм. Энэ станц ашиглалтад орсон нь Монголын радио нэвтрүүлгийн түүхэнд цоо шинэ алхам байлаа. Ер нь Монголд радио нэвтрүүлэх технологи нэвтэрсэн нь зөвхөн техникийн төдийгүй соёлын томоохон амжилт байлаа. Радио өргөн нэвтрүүлэг нь радио сонсогчдод зөвхөн нийгмийн амьдралын тухай мэдээлэл хүргээд зогсохгүй соёл урлаг, уран сайхны олон талт нэвтрүүлэг явуулдаг болсноор ард нийтийн радио сонсох сонирхлыг ихээхэн татаж байлаа. Яг л энэ үеэс би радио, телевизтэй ажил, амьдралаа холбосон юм даа. Ингээд 19 жилийг Дорнодын радио, телевизийн станцад үдэж, Улаанбаатарын Хонхорын Радио нэвтрүүлэх төв станцын Ерөнхий инженерээр ирж байжээ.
Манай байгууллагын зорилго бол радио, өргөн нэвтрүүлгийг улс орон даяар дамжуулах, тэр дундаа иргэдэд үнэ төлбөргүй хүргэхэд оршдог. Радио өглөө 06.00 цагт Төрийн дууллаар эхлээд, 23.00 цагт Төрийн дууллаар төгсдөг. Бидний ажил ингэж л өрнөдөг. Үүгээрээ бид бахархдаг.
Харин санхүүжилтийн хувьд төсвөөс санхүүжих учиртай. Учир нь, бид орлого, ашгийн төлөө бус нийтийн сайн сайхан, аюулгүй байдлын төлөө ажилладаг. Бидний дамжуулах нэвтрүүлгийг Монгол орны өнцөг булан бүрт байгаа иргэн бүрт хүрэх боломжтой байх ёстой. Товчоор хэлбэл, биднийг хэдэн хүн үзэж, сонсож байна гэхээсээ илүүтэйгээр аль цэгт хүрэх боломжтой байна вэ гэдгээр нь биднийг тодорхойлдог. Сүүлийн үед танайх хэдэн хүн үздэг, сонсдог вэ гэх мэтээр статистик үзүүлэлтийг голчилж байгаа нь буруу. Бидний дамжуулах сүлжээ Монгол орныг бүтэн хамрах ёстой. Уулын мухарт байгаа ганц айл ч гэсэн бидний нэвтрүүлгийг үзэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, манай радио, өргөн нэвтрүүлгийн сүлжээ нь монгол малчин түмний нүүдэлчин соёлд шингэсэн байдаг. Алслагдсан бүс нутгийн малчны гэрт радио сонсогдож, хээр малаа хариулаад явж байхдаа ч радиогоо өвөртлөөд тасралтгүй сонсож байдаг тийм л онцлогтой зүйл.
-Радио, өргөн нэвтрүүлгийг ард иргэдэд “үнэ төлбөргүй” хүргэдгээсээ болоод орлого олдоггүй гэж чичлүүлэх боллоо шүү дээ.
-Иргэдэд л үнэ төлбөргүй хүргэх ёстой болохоос тухайн хүнд дамжуулах станц, урсгал зардал, инженер ажилчдын цалин хөлс гээд бүх зүйл үнэтэй. Үүнийг төр даах ёстой. Төр хариуцлагаа хүлээх ёстой.
-Ийм байтал танай цамхаг, станцууд дээр байрлаж байгаа төрийн болон хувийн хэвшлүүдийн серверүүд нь үнэ төлбөргүй байрлаж, ашиглаж байгаагаас өнөөдрийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа байх.
-Яг тийм. Угтаа бол Монголын нийт ард иргэдэд радио болон телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй хүргэх үүргийг төрийн нэрийн өмнөөс хариуцан гүйцэтгэдэг байгууллага юм шүү дээ.
-Төр хариуцлагаа үүрэхгүй байна гэсэн үг үү?
-Бид төрийн үйлчилгээг төрийн өмнөөс гүйцэтгэж л байгаа юм чинь төсвөөс дээрх зардлуудыг хариуцах ёстой. Төсөв дээр л алдаа гарч байгаа гэж бодож байна. Энэ бол бүтэн бүхэл дэд бүтэц юм шүү дээ. Монголд ганц дэд бүтэц бий болгох гэж хэчнээн жил болж байгааг мэднэ биз дээ. Нефтийн үйлдвэр барина гэж хэдэн жил ярьж байна. Гэтэл бидний радиогийн дэд бүтцийг 90 жилийн турш байгуулаад, босгоод, бэлэн болгочихсон. Телевизийг нь 1967 оноос хойш өнөөг хүртэл бий болгочихсон юм. Үүнийг татан буулгаад, дахиад бий болгоно гэвэл дахиад 60, 90 жил шаардагдана. Хүмүүс сар бүр хураалгадаг 2500 төгрөгөө бидэнд төлж байна гэж эндүүрдэг. Тэрхүү хураамж нь МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нэвтрүүлэг, контент бэлтгэсэн хураамж болохоос дамжуулсан хураамж биш. Тэрийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Бид радио, телевизийн сүлжээ дамжуулж байгаагийнхаа хувьд иргэн таны халааснаас 1 төгрөг ч авдаггүй.
-Та бүхний ажил, мэргэжил хүнд нөхцөлдөө тооцогддог уу?
-Хүнд нөхцөлд тооцогддоггүй. Тийм ч учраас цалин хангамж маш бага. Монгол орон даяар 400 гаруй цамхаг, станц бий. Тэнд эвдрэл гэмтэл гарвал шуурхай очиж засах үүрэгтэй. Цастай, бороотой, салхи шуургатай үед ч хамаагүй өндөр цамхаг руу авирч, гэмтлийг засдаг. Бүх л мэргэжилд хүнд нөхцөл байж байгаа. Бид тэрэндээ ялархдаггүй. Мэдээж хүндрэл бэрхшээл байгаа ч тэрэндээ таарсан жаргалтай үе ч бий.
-Жаргалтай үеэсээ хуваалцаач.
-Дорнод аймагт ээлжийн инженер байхад орой нэвтрүүлэг дуусах үеэр сүлд дууллын өмнө “Зүүн бүсэд Дорнод аймгийн инженер, техникч ажилчид ажиллалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг жаргааж байна” хэмээн төгсгөхөд өөрийн эрхгүй омогшил, бахдал төрдөг байсан. Өглөө 05.30 цагтай уралдаж очоод, нэвтрүүлгээ өгчихөөд өглөөний нар мандахыг хараад зогсох ч гайхалтай шүү дээ. Юмс энгийн байх тусмаа амттай. Ингээд бодохоор өөрийгөө өөр байгууллагад ажиллаж байгаагаар огт төсөөлж байгаагүй юм байна шүү. Хэдийгээр манай байгууллагын төсөв муу, цалин бага ч бидний зүрх сэтгэл энэ байгууллагадаа л байдаг. Бүр удам дамжсан инженер, техникчүүд хүртэл бий. Багаасаа аав ээжийгээ дагаж, станц дээр ирдэг байсан хүүхдүүд том болоод аав ээжийнхээ мэргэжлийг өвлөдөг тохиолдол манайд олон.
-Радио, нэвтрүүлгийн үндэсний сүлжээ бол улсын онцгой объёкт байх ёстой гэж боддог. Гэвч сүүлийн 10-аад жил огт шинэчлэл хийгдээгүйн улмаас татан буугдах асуудал ч сөхөгдөж байгааг нуух юун. Энэ тохиолдолд яах вэ?
-Тийм дээрээ тулвал иргэд MNB1, 2, өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, үндэсний гурван радио, нэвтрүүлгийн сүлжээг мөнгө төлж үзнэ гэсэн үг. Дээрээс нь хувьчлагдвал гадны хүн худалдаж авахгүй гэсэн нөхцөл байхгүй. Хэрэв тэгвэл үндэсний телевиз, радиогоор гадны нэвтрүүлгүүд цацагдах магадлалтай. Нэг ёсондоо, Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын нэг хэсэг алдагдах эрсдэлтэй юм. Стратегийн гол объёкт шүү дээ.
-Олон улсад дээрх асуудлаа яаж шийддэг юм бэ?
-Япон, Өмнөд Солонгос, Швед, ОХУ зэрэг улс зөвхөн төрийн мэдээлэл явуулдаг сүлжээгээ багцалж ангилаад, тэрийгээ хувийн хэвшилтэйгээ хольдоггүй. Гэтэл бид ганцхан багцтай хэрнээ арилжааны телевизийгээ багтаачихсан. Өргөн нэвтрүүлгийн 16 гээд байгаа телевизүүд “Юнивишн”-д ч, ДДИШ-т ч, “Скаймедиа”-д ч байдаг.
-Та бүгд гамшгийн үеийн дуут дохио дамжуулах үүргийг давхар хүлээдэг.
-Угтаа бол Үндэсний радио гэдэг бол Монгол орон даяар мэдээ, мэдээлэл тэр дундаа гамшиг осол, эрсдлийн мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй гол хэрэгсэл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу бид гамшгийн үед радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулан зарлан мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулах мэдээ, мэдээллийг хүргэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаана гамшгийн аюул осол байна, түүнийг малчны хотхонд ч цаг алдалгүй дамжуулдаг стратегийн номер 1 объёкт юм.
-Байгууллага татан буугдлаа гэхэд өөр орлох байгууллага бий юу?
-Байхгүй. Монголд байгаа цор ганц бүтэц. Ddish, Monsat хоёр нэг нэгнийгээ орлох боломжтой байдаг бол манайхыг орлох ганц ч байгууллага Монголд үгүй. Магадгүй ийм ч болохоор хувьд авах ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй.
-Хамгийн сүүлд хэзээ шинэчлэл хийгдсэн бэ?
-Өдгөө 90 жилийн хугацаанд тус салбарт огт засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас радио долгионы тархалт муудаж, тасалдах эрсдэл үүсээд байна. Хонхорын төв станцыг тоон систем рүү шилжүүлэхэд 11 тэрбум шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Гэтэл энэ нь нэг км зам тавихад хүрэхгүй мөнгө. Нэг суманд Соёлын төвийн байр барихад л 4 тэрбум төгрөг. Гурван сумын соёлын төвийн байр барих мөнгөөр л Хонхорынхоо станцыг тоон систем рүү шилжүүлчихнэ гэсэн үг.
-Тоон системд шилжүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?
-Засгийн газар 2010 онд радиогийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжинэ гээд бодлогоо олон нийтэд зарласан ч өдийг хүртэл хийгдээгүй. Одоо радиогийн нөөц нь дууссан, техникүүд нь олдохгүй, нэгийг нөгөөгөөр сольсон аргацаалсан л байдалтай байна. Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм. Уг нь тоон системд шилжүүлчихвэл тэр хэмжээгээрээ зардал багасна. Түүнийгээ дагаад чанар сайжирч, хамрах хүрээ ихэснэ.
Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно.
Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Төсөв их байна гээд “бахираад” байгаа хэрнээ буулгах тал дээр огт анхаарахгүй байгаа нь төсвөө их байлгах ашиг сонирхол байна уу гэж хардагдаад байгаа. Харин 2014 онд телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжүүлсэн. Гэсэн хэдий ч тэрнээс хойш ганц ч шинэчлэл хийгдээгүй. Систем нь ажиллаж байгаа ч тоног төхөөрөмжүүд нь хуучирсан. Ийм л байдалтай байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл2
Радио нэвтрүүлэх станцууд нь анхны төслийн хүчин чадлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 95 орчим хувийг найдвартай сонсголоор бүрхэх хүчин чадалтайгаар 30 гаруй жил ажиллаж үүргээ гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар техник технологийн хоцрогдолд орж, эрчим хүчний өндөр зардлаар, сэлбэг хэрэгслийн дутагдлаас станцууд хагас чадлаар нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд МҮОНР-ийн нэгдүгээр сувгийг өдөрт 17 цагаар дамжуулан ажилласаар л байгаа билээ. Тоон радиогийн төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
mundag hamt olontoi chadwarlag hamt olond amjilt hvsie