sonin.mn

Пруссын генерал, цэргийн онолч Карл фон Клаузевицын онол бол үндсэндээ улс төрийн зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулах, цэрэг, иргэний хооронд зааг ялгаагүй байх тухай үзэл санаа юм. Клаузевиц дайныг орчиндоо дасан зохицдог “хамелеон” шинж чанартай гэж тодорхойлсон байдаг.[1] Энэ агуулгаар харвал XXI зууны зөрчил, мөргөлдөөнүүдийг технологийн ертөнцийн өөрчлөлт, хөгжилд дасан зохицсон “дайны ажиллагаа” гэж үзэж болно. Технологийн хурдтай хөгжил нь зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр улс орныг хяналтдаа авах боломжийг бүрдүүлж байгаа үйл явцыг “холимог дайн” гэх нэр томьёогоор тайлбарлах болжээ. Хэдийгээр 2022 онд ОХУ Украины хооронд “халуун дайн” дэгдсэн нь уламжлалт дайны аюул занал хийгээд ойлголт хуучраагүй, чухал хэвээр байгааг нотолсон ч дэлхийн ихэнх бүс нутагт, ялангуяа жижиг буфер улсад холимог дайны ажиллагаа ямагт явагдсаар байгаа юм. Иймд Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа холимог дайны концепцийн онолын ойлголт хийгээд мэдээлэл сэтгэлзүйн талбарт хэрхэн явагддаг талаар товч авч үзлээ. 


Холимог дайны концепц


Өрнөдөд холимог дайны тухай ойлголтыг концепцийн түвшинд анх 2007 онд Франк Хоффман дайны тухай нэгэн нийтлэлээрээ дэвшүүлэн гаргаж ирснээр судлаачдын анхааралд оруулсан юм. Хоффман 2005 онд Жэймс Маттистай хамтран бичсэн АНУ-ын Үндэсний батлан хамгаалах стратегийг судалсан судалгааны өгүүлэлдээ[2] уг стратегид дайны шинэ арга хэлбэрүүд хоорондоо хэрхэн уялдаатай хэрэгжиж буйг үнэлэх үнэлгээ дутмаг байна гэж үзсэний үндсэн дээр 2007 онд “XXI зууны мөргөлдөөн” (Conflict in the 21st century) нийтлэлээ бичжээ.[3] Тухайн үед Хоффман АНУ-ын Тэнгисийн цэргийн корпусын Шинээр үүсэж буй аюул занал, боломжийг судлах төв (Marine Corps’ Center for Emerging Threats and Opportunities CETO)-ийн эрдэм шинжилгээний ажилтан байсан бөгөөд Тэнгисийн явган цэргийн корпусыг ирээдүйн мөргөлдөөний орчинд бэлдэх зорилгоор судалгааны ажил хийж байжээ.


Тэрээр өгүүлэлдээ дайны үед тоглогчид өөр өөр арга хэрэгсэл, тактикийг өөрсдийн зорилго, соёлын онцлогийн дагуу уян хатан сонгон хэрэгжүүлдэг гэж үзээд АНУ-ын зэвсэгт хүчин ирээдүйн аюулгүй байдлын орчныг үнэлэхдээ илүү бүтээлч, уян хатан сэтгэхийг санал болгосон гэж Нидерландын Лейдений Их сургуулийн Киара Либиселер үзсэн байна.[4]


Хоффман холимог дайн гэх ойлголтыг “байлдааны байнгын хүч, тактик, бүрэлдэхүүн болоод гэмт хэргийн шинжтэй эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, албадлага, ялгаварлан гадуурхал зэрэг террорист үйлдлүүд гэх мэт дайны янз бүрийн хэлбэрийг бүхий л түвшинд ашиглах” гэж тодорхойлоод дөрөв дэх үеийн дайн, нийлмэл дайн, хязгааргүй дайн гэх ойлголтуудтай харгалзуулан тайлбарласан нь Хүйтэн дайн дууссанаас хойших орчин үеийн дайны талаарх томоохон маргааны нэгэн хэсэг болжээ. Тэрээр холимог дайныг төр улсууд болон улс бус тоглогчид аль аль нь явуулж болох бөгөөд уламжлалт болон уламжлалт бус дайн, гамшигт терроризм зэргийг хольж хэрэглэн дайны хэлбэрийг бүдгэрүүлж ямар технологиор, хэн дайтаж буйг тодорхойлоход нэн төвөгтэй байдлыг үүсгэдэг гэж үзжээ.[5] Өөрөөр хэлбэл дайн, энхийн хоорондын ялгаа маш бүдэг байдгийг тодруулан гаргаж ирснээрээ онцлог юм. Түүний үзсэнээр дайныг уламжлалт бус арга тактик, форматаар явуулж болох ба хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, албадлага, эмх замбараагүй байдал, гэмт хэрэг зэрэг террорист үйл ажиллагааг оролцуулан янз бүрийн хэлбэрээр зохион байгуулна. Эдгээр олон төрлийн үйл ажиллагааг нэг нэгж эсвэл тус тусдаа нэгжүүд гүйцэтгэж болох ч синергетик үр дүнд хүрэхийн тулд байлдааны үндсэн орон зайд опертивны болон тактикийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байна. Үр нөлөө нь дайны бүх үе шатанд хүрнэ гэж үзсэн.


 Түүнчлэн холимог дайнд улс ба улс бус тоглогчид уламжлалт болон уламжлалт бус хүчин, дүрмийн болоод дүрмийн бус тактик гэх өмнө нь ялгаатай байсан заагийг бүдгэрүүлж, бүдгэрлийн тархацыг өргөн байлгадаг нь дайны болон энхийн ялгааг тодорхойлох боломжийг үгүй болгодог гэжээ.[6]


Өрнөдөд дайны арга хэлбэрүүдийн тухай судлаачдын хэлэлцүүлэг үргэлжилж байхтай зэрэгцэн Хятадад ч мөн орчин үеийн дайны тухай судалгаа хийгдэж байлаа. 2003 оны Иракийн дайны үйл явцын талаар Хятадын цэргийн шинжээчдийн судалгааны үр дүнтэй танилцсан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь “цэргийн стратеги, тактикт Онолын дайн, Эрх зүйн дайн болон Сэтгэлзүйн дайн (Дайны 3 номлол)-ы эзлэх дахь байр суурийг чухалчилж, түүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай”-г онцолжээ. Ингээд удалгүй “Хятадын ардын чөлөөлөх армийн улс төрийн ажлын дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Үүнийг Хятадын батлан хамгаалах стратегийн эргэлтийн цэг болсон хэмээн судлаачид үздэг.[7] “Дайны 3 номлол”-ын товч агуулга нь орчин үеийн хэвлэл мэдээллийн олон талт арга, хэлбэр, дотоод, гадаадын холбогдох эрх зүйн орчныг ашиглан эсрэг талд онолын болон сэтгэлзүйн дайралт үзүүлж, уг үйл ажиллагаандаа хууль ёсоор зөвтгөл олж авах байлдааны арга ажиллагаа юм.[8]


Зян Зэнминь-ээс хойших эрх баригчид түүний агуулгыг улам өргөжүүлэн, зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хамгаалах бусад байгууллага, тэдгээрийн харьяа нэгжүүдийн бодлого, үйл ажиллагаанд баримтлах гол удирдамж болгосон ба өдгөө “Дайны 3 номлол” нь Хятадын ардын чөлөөлөх армийн улс төр, үзэл суртлын гол номлол болжээ.


2010 онд БНХАУ-ын дарга Ху Жиньтао “Хятадын ардын чөлөөлөх армийн улс төрийн ажлын дүрэм”-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, “Дайны 3 номлол”-ын онол, сэтгэлзүй болон эрх зүйн дайны чиг үүргийг тодорхой нэгжүүдэд хуваарилан өгчээ. Ийнхүү 2010-аад оныг хүртэл судлаачид, мэргэжилтнүүдийн дэвшүүлж ирсэн холимог дайны дээрх концепц нь холимог дайны кинетик парадигмд хамаарна.


Кнетик бус парадигм: 2014 оны Крымийн асуудлаас үүдэн 2015 онд НАТО, 2016 онд Европын холбоо Холимог дайны тухай концепцийг бодлогын болон стратегийн баримт бичгүүддээ кодчилж өгсөн нь уг ойлголтыг кнетик болон кнетик бус парадигмаар судлах суурийг тавьсан гэж Борислав Банков үзжээ.[9]


2013 онд ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.Герасимов “Арабын хавар” хэмээгдсэн хувьсгалын өрнөлтийг судлаж, орчин үеийн дайны дүрэм, ажиллагааны хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд нээлттэй фронтын дайн явуулах нь утгагүй бөгөөд үр дүнгүй болохыг тайлбарласан өгүүллээ “Военно-промышленный курьер” сэтгүүлд нийтлүүлсэн юм. Энэхүү өгүүлэлд зөвхөн байлдааны ажиллагааг шууд явуулснаар хүрдэг байсан стратегийн зорилгод эдийн засаг, улс төр, дипломат ажиллагааг цэргийн ажиллагаатай уялдуулан зохион байгуулснаар хүрч болох агуулгыг дэвшүүлсэн ба үүнийг “шинэ үеийн дайны онол” буюу “Герасимовын номлол” хэмээн өрнөдийн судлаачид нэрийддэг.[10] Үүний дараа 2014 онд ОХУ түрэмгий дайны ажиллагаа явуулахгүйгээр бусдын газар нутгийг булаан эзэлсэн юм.


Энэ үйл явдлыг судлаачид 2007 онд Хоффманы дэвшүүлсэн “холимог дайн” гэх томьёоллоор тайлбарлах болсон ба ОХУ уг үйл ажиллагааг Герасимовын онолын дагуу хэрэгжүүлсэн гэж үздэг. 


Крымийн үйл явдлын дараа 2015 онд НАТО холимог дайны концепцийг баримт бичгүүддээ кодлохдоо дипломат, мэдээлэл, цэрэг, эдийн засаг, санхүү, тагнуул, хууль эрх зүй гэх агуулгатай DIMEFIL гэх ойлголтыг гаргаж ирэн өргөжүүлснийг кнетик бус парадигмд хамруулан ойлгоно. Гэхдээ НАТО-гийн хувьд 2007 оны үеэс буюу Хоффмантай хамтран “Ирээдүйн дайн: Холимог аюул занал” (“Future warfare: The rise of hybrid wars”) өгүүллийг 2005 онд бичсэн Жэймс Маттис НАТО-гийн Зэвсэгт хүчний шинэчлэл хариуцсан Холбоотны дээд ерөнхий командлагчаар ажиллаж байх үеэс үзэл баримтлалдаа ирээдүйн аюулгүй байдлын орчныг тодорхойлохдоо “холимог аюул занал” гэх агуулгыг тусгах болжээ. Хятадын хувьд Ши Жиньпиний эхлүүлсэн Хятадын ардын чөлөөлөх армийн шинэчлэлийн хүрээнд 2015 онд Цэргийн төв хорооны шууд харъяанд “Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин”-ийг Сансар, Интернет, Электрон, Цэргийн тагнуулын хэлтсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан нь Хятадын “Дайны 3 номлол”-ыг армийн тогтолцоонд нэвтрүүлэхэд томоохон түлхэц өгчээ. Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин сансар, интернэт, электрон болон сэтгэлзүй зэрэг биет бус орон зайн талбарт Хятадын ардын чөлөөлөх армийн агаар, тэнгис, хуурай зам болон пуужинт цэргийн хүчинд дэмжлэг үзүүлэх буюу байлдааны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй бүтэц юм.[11] 


“Дайны 3 номлол”-ын бүрэлдэхүүн болох Сэтгэлзүйн дайныг Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин хариуцах бол Онолын дайныг Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн хэлтэс, Эрх зүйн дайныг Цэргийн төв зөвлөлийн Улс төр, хуулийн хэлтэс хариуцан хэрэгжүүлнэ.[12]


Академик судлаачдын хувьд Хоффманы гол зарчим болох дайн, энхийн ялгаатай байдлын бүдгэрлийн хамрах хүрээг хэт өргөжүүлж байгаа нь шинжлэх ухааны үнэ цэнийг нь сулруулж байна гэж Колин Грэй үзсэн[13] бол улс төрийн зорилгоор холимог дайны концепцийн хамрах хүрээг тэлсэн нь түүнийг академик талаас нь судлахад сөргөөр нөлөөлж байна гэж К.Лебиселлер үзсэн байна.[14]  Холимог дайны онолын тодорхойлолт өдгөө ч маргаантай хэвээр байгаа бөгөөд В.Горбулин зэрэг зарим судлаачид холимог дайны зарим элементүүд өмнөх дайнуудад ашиглагдаж байсан гэх агуулгаараа шинэ зүйл биш гэж маргадаг[15] боловч технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй өнөөгийн ертөнцөд мэдээлэл, харилцаа холбооны технологи болон мэдээллийн ач холбогдлыг чадамгай ашиглаж хүний сэтгэл зүй, хандлагад системтэйгээр нөлөөлж буйгаараа шинэлэг зүйл юм.



Үрлгэлжлэл дараагийн дугаарт

Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв