sonin.mn

Цэргийн төв эмнэлгийн таван давхрын шатаар уруудсаар шилэн хаалга түлхэн үүдээр гарч өвлийн тэргүүн сарын улбар нарны илчийг мэдрэн ажил руугаа алхахуйд


Ара газара ургагшэ

Аса бүхэтэй Алтаргана

Алиган дээрээ тэнжээхэн

Аба эжий хоёрни... хэмээх үгтэй хөг аялгуу нь дотнохон дуу цээжний гүнд эгшиглэн байлаа. Учрыг тодруулан хэлбээс хэдэн хормын өмнө яриа дэлгэн суусан тэр эрхэм аав л ижий хоёрыгоо дурсахдаа, алдрай бага насаа ярихдаа хоолой нь зангирч хоёр нүдний нулимсаа барьж ядан сууснаас тэр юм. Эмч хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийн эзэн болж, энэ яваа насандаа ариун цагаан буяныг түгээж эх орон, ард түмнийхээ өмнө хос тангараг өргөсөн Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн анагаах ухааны асуудал эрхэлсэн орлогч дарга клиникийн профессор, анагаах ухааны магистр, чих хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч хурандаа Л.Лувсандоржтой уулзаж ажил алба, анагаах ухааны тухай бус аав ээж, ахуй амьдралынх нь тухай хөөрөлдөх боломж тохиосныг олзуурхаж сайн сайхан бүхнийг таны мэлмийд хүргэдэг “Соёмбо” сониныхоо энэ дугаарын зочин хойморт урьсан билээ. Эгэлхэн амьдарч их буяныг түгээж, эргээд харахад зузаан түүхийг бүтээж яваа эрхэм эмчийнхээ яриаг энд сийрүүлж байна.


Хэн нэгэнтэй яриа дэлгэхийн өмнө нутаг ус, ижий аавынх нь тухай асуулгүй өнгөрч боломгүй шиг санагдаад байдаг юм. Тиймийн учир энэ ярилцлагын эхлэл болгон төрж өссөн газар, төрүүлж эвийлсэн ээж аав, туулж өнгөрүүлсэн бага насныхаа тухай ярихгүй юу?


-Хүүхэд насаа би Улаанхуарангийн тоосыг бургиулж өнгөрүүлсэн. Миний аав Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Л.Лувсан, ээж минь Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Д.Хандсүрэн гэж их сайхан хүмүүс байлаа.


Госпиталь буюу Цэргийн төв эмнэлэг бол миний амьдралын түүхийг тэр чигээр нь хадгалсан газар л даа. Ээж минь энд сувилагчаар ажилладаг байлаа, товчхондоо бүх насаараа энд ажилласан гэсэн үг. Харин аав маань Батлан хамгаалах яаманд ажилладаг байв. Байр зүйн Лувсан хурандаа гэхэд хүмүүс андахгүй дээ.


Тухайн үед Батлан хамгаалах яамны 1200 офицер байсны 16 нь л хурандаа цолтой, тэдгээр хурандаагийн нэг нь миний аав байсан. Өглөө бүр ээжийнхээ гараас хөтөлсөөр ажил дээр нь ирж эмнэлгийн зав чөлөөгүй хөврөх их ажлыг нь харж, аавынхаа алтан мөрдэст хувцсаар бахархаж балчир насаа цэмцгэр дүрэмт, цагаан нөмрөгт хоёр ачтаныхаа дэргэдээс холдохгүй өссөн, гурван ах, гурван эгчтэй эрх танхил отгон хүү нь байлаа. Өнөөдөр цагаан нөмрөг, цэмцгэр дүрэмт хоёрыг аль алийг нь өмсөж, хос тангараг өргөөд түүндээ эзэн болохоор хичээж яваа минь энэ. (Хоолой нь зангирав).


Ёстой л нэртэй хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг сэн, сонсоод суухад бахархал төрж байна. Та ээжийгээ дагаж ажил дээр нь ирсээр байгаад эмч мэргэжилтэй болохоор шийдэж дээ, тийм үү?


-Их баярлалаа. Ер нь бол тийм шүү. Бага байхад миний үеийнхэн цагдаа, онгоцны нисгэгч, багш болно гэж мөрөөдөн ярьдаг байхад би хэзээнээсээ л эмч болно гээд шийдчихсэн хүүхэд байлаа. Тэгээд л гэрийнхэндээ хэлэлгүй химийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль руу шилжиж өөрийнхөө зам замналыг өөрөө залсан юм даа.


Үүнтэй холбоотой нэгэн дурсамж ярья. Намайг сурагч байх үед намар хичээл эхлэхийн өмнө сурагчийн ар гэрийн төлөөлөл сургуульд нь очиж анги дэвшиж байгааг нь тодотгон бүртгүүлдэг байсан л даа. Тэгээд аав 14 дүгээр сургууль дээр яваад очтол танай хүү 33 дугаар сургууль руу шилжсэн гэжээ.


Тэр өдөр аав гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэж байна. Би ч дотроо аав ээждээ хэлж зөвшөөрөл авалгүй сургууль хооронд шилжсэн байна гээд загнах нь гэж бодсоор гарав. Гэтэл аав “Миний хүү их сайн байна. Эмч болохоор сэтгэл шулуудаж сонголтоо хийсэн бол бид юу хэлэх билээ” гээд духан дээр үнсэж, айлын бага учраас дандаа ах нарынхаа багадсан хувцсыг өмсдөг байсан намайг дагуулж орос дэлгүүрээс цоо шинэ сурагчийн форм авч өгч билээ. Ингээд л Лувсанцэрэнгийн хүү Лувсангийн отгон хүү Лувсандорж эмч болно гэсэн мөрөөдлөө биелүүлэхээр хичээсээр тухайн үеийн Анагаахын дээд сургууль өнөө цагийн АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн түүхтэй.


Их хичээнгүй тууштай хүүхэд байж шүү. Хүний их эмч болоод ажил амьдралын гараагаа хэрхэн эхлэв дээ?


-1996 онд сургуулиа төгсөөд мэс заслаар дагначихсан шинэхэн эмч би Батлан хамгаалах яамны Эрүүл мэндийн хэлтсийн дарга н.Баясгалан хурандаад Зүүнбаянд очиж ажиллах хүсэлтэйгээ хэлэв. Түүнийг сонсоод “Чи тоглоогүй биз”, “Яг үнэн ярьж байгаа юм уу” гээд ахин дахин лавлаж билээ. Тэр үед өөрийн хүсэлтээр хөдөө орон нутагт ажиллая гэх хүн ховор байсан юм л даа. Тэгээд л асуудал маш шуурхай шийдэгдэж дэслэгч цолтой, чих хамар хоолойн эмч Зүүнбаянг зорьсон доо.


Шинэхэн дэслэгчийн сэтгэгдэл ямар байсныг дурсаач.


-Цэргийн хувцас шинэчлэгдсэн үед дэслэгч цол хүртэж офицер болсон хэдий ч би цэргийн хувцас хунараа яаж өмсөх, яаж арчлахаа төдийлөн сайн мэддэггүй тийм л нөхөр байсан. Тухайн үед би гурван найзтайгаа хамт амьдардаг байсан болохоор тэд хувцасны минь индүүдлэг зэрэгт их анхаарал тавьдаг байлаа. Хөндлөнгийн хүний нүдээр харвал дөрвөн залуу яаж шуухан амьдардаг юм бол гэмээр ч бид дөрөв маш цэгцтэй зохион байгуулалттай амьдардаг байсан. Жишээ нь, би хоолоо тогтмол хийж, нөгөө нь гал түлэх гэх мэтийг хариуцна. Их гоё дурсамж шүү. Тэр гурван найзын маань нэг нь Батлан хамгаалах яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хурандаа Б.Эрхэмбаяр юм. Дэслэгчээс хурандаа болтлоо явна гэдэг их сайхан юм билээ, мөр дүүрээд л...


Ямар ч саадгүй замаар хурдлан давхих машин шиг залуу насны хамгийн сайхан дурсамжийг тань сөхье гэж бодлоо. Та нэгэн насны ханьтайгаа хэрхэн учирч байв?


-1997 оны 7 дугаар сард намайг хот руу Цэргийн төв эмнэлэгт хуваарилав. Учир нь ажиллаж байсан дивизионыг маань татан буулгаж, нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болсон юм. Ингээд л би таван жилийн гэрээтэйгээр зорин очсон Зүүнбаяндаа нэг жил ажиллаад хотод ирэв. Цэргийн төв эмнэлэгт ирээд шүдний эмч Б.Золзаяа гэдэг сайхан бүсгүйтэй танилцсан нь ирээдүйн дөрвөн хөөрхөн гүнжийн минь ээж, ажил амьдралын минь бат тулгуур хань болох нэгэн байж таарсан юм даа. Миний амьдрал ямар ч нөхцөлд Цэргийн төв эмнэлэгтэй салшгүй холбоотой гэж хэлсэн минь ийм л учиртай. Цэргийн төв эмнэлгийн эмч болж, эхнэртэйгээ танилцсан тэр цагаас хойш хэдий нь 27 жил өнгөрчээ. Эхнэр бид хоёр 1998 оноос үерхэж дотносоод 2000 онд хуримаа хийж, анхны охиноо өлгийдөн авсан.


Эмч хэмээх эрхэм алдраар дуудуулаад 28 жил, эцгийн гэрээс гал голомтоо бадраагаад 24 жилийг туулсан энэ хугацаанд буянтай үйлст шамдан их олон хүнд эрүүл энхийг бэлэглэсэн нь гарцаагүй. Харин эр нөхөр, эцэг хүний үүргээ хэр сайн биелүүлсэн гэж боддог вэ?


-Эмч байх тэр дундаа цэргийн эмч байх маш завгүй, тун хариуцлагатай амьдралаар амьдраад л явна даа, би. Ямар нэгэн тушаал ирэхэд “Мэдлээ, гүйцэтгэе” гэхээс бусдаар миний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, ахуй амьдрал хэцүүдлээ гэж хэлэх эрх надад байгаагүй, байх ч үгүй. Тэр бүх үед гэргий минь бат ар тал болоод л энэ олон жилийг тууллаа. Гэхдээ би өөрийгөө давгүй сайн аав, сайн нөхөр гэж боддог. Амралтын өдрүүдээр ханьдаа, охиддоо гарынхаа хоолыг хийгээд өгчихнө, ажлаа тараад дэлгүүр ороод хүнсээ цуглуулчихна шүү. Ганцхан амьдрах энэ амьдралыг аль болох үнэ цэнтэйгээр л туулах гэж хичээж явдаг эцэг хүний эрхэм хүсэл бол хожмын өдөр үр хүүхдүүддээ дурсагдах сайхан дурсамжийнх нь эзэн байх гэх үү дээ.


Таныг өнгөрөгч онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшиг нүүрлэсэн халуун цэгт очиж ажилласан цэргийн багаа ахлан баатарлаг үйлсийн тоогоо нэгээр нэмээд ирсэн гэдгийг мэднэ. Тэр үеийн зураглал хувь хүний өнцгөөс харахад ямар байсныг асуумаар байна.


-2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр БНТУ руу явж ажиллах үүрэг аваад 8-ны өглөө нислэг үйлдсэн. Тухайн үед эхнэр рүүгээ залгаад явах болсноо хэлэхэд хүний хань л юм болохоор “Гамшиг болж байгаа газар яаж ажиллана аа. Яадаг билээ” гээд санаа нь маш их зовж байсан ч бүх насаараа ажлыг минь ойлгож ирсэн болохоор “За болгоомжтой, сайн яваад ирээрэй” л гэсэн. Бидний ажил ийм л байдаг, яв гэсэн бол явна, хий гэвэл хийнэ. Гэхдээ л аварсан тусалсан хүмүүсээ хараад, тэднийг эрүүл энх болсныг мэдээд уужуу амьсгал авч, ядарсан сульдсанаа мартаад ирдэг. Мэргэжлийн маань нэгэн бахархал энэ юм.


Газар хөдлөлт бол маш аймшигтай, үгээр илэрхийлэмгүй байгалийн гамшигт үзэгдэл. Тухайн нөхцөл байдлыг харахад нүд халтирам байсан. Нуранги доор байгаа хүмүүсийг бүгдийг нь аврах хэрэгтэй гэсэн бодолтойгоор манай багийнхан ажиллаж эхэлсэн.


Албан үүргээ гүйцэтгэж яваа боловч сэтгэл санаа хүн ёсныхоо хувьд их хүнд байдалд шилждэг. Энд ч хэн нэгний аврал эрэх дуу хоолой, тэнд ч хүүхдийн уйлах чимээ сонстож үнэхээр зүрх шимширмээр байсан. Ямартай ч явсан хэргээ бүтээгээд ирсэндээ сэтгэл хангалуун байгаа. Тус ажиллагаанд яваад ирснээр манай багийн бие бүрэлдэхүүн туршлага, сургамжийг ч багагүй хуримтлуулсан. Аливаа зүйлийг мэдээ мэдээллээс харах, онолоос үзэхээс илүүтэй бодит нөхцөлд ажиллах тэс ондоо байдаг. Энэ мэтчилэн яриад байвал их зүйл бий.


Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд эмчилсэн өвчтөнүүдээсээ “Баярлалаа, эмч ээ” гэх үгийг байнга сонссоор дасал болсон уу? Эсвэл...


-“Баярлалаа, эмч ээ” гэх үг дасал болно гэж хэзээ ч байхгүй. Сонсох бүрт сайхан санагдаж, би нэг л амьдрахдаа үнэхээр зөв амьдарч яваа юм байна гэсэн бодлыг төрүүлдэг. Дандаа шинээрээ байж урам зоригийг дүүргэдэг “Баярлалаа, эмч ээ” гэсэн үг бол хамгаас нандин чин сэтгэлийн илэрхийлэл юм. Харин эмчлүүлээд эдгэрээд явж байгаа хүмүүст “Ахиж битгий ирээрэй” гэдэг. Энэ маань ахиж битгий өвдөөсэй, эрүүл энх байгаарай гэсэн ерөөл, залбирлын минь энгийн илэрхийлэмж л дээ.


Та залуу эмч нартаа ямар нэгэн зөвлөгөө өгч, зааж сургахдаа юуг түлхүү чухалчилдаг вэ?


-Үнэндээ би залуус дүү нартаа зааж сургаад, ахархаад байхыг боддоггүй. Болж өгвөл үе тэнгийнх юм шиг байхыг хичээж зөв үлгэрлэл үзүүлж, зарим тохиолдолд шинэ соргогийг тэднээсээ суралцаж энгийн эгэл даруу байхыг боддог. Аав ээжийн минь үрсдээ өвлүүлсэн хүмүүжил төлөвшил ямагт намайг дагаж явах хэрэгтэй, тийм биз. Хүн хүнээ ойлгож, харилцаа холбоо үүсгэж, хамтран ажиллахад наснаас илүүтэй мэдлэг боловсрол, чадвар туршлагын л ялгаа гарч байвал зүгээр юм даа. Аяндаа л залуус нас нэмж туршлага хуримтлуулаад чадвартай эмч нар болно. Тэр мөчид намайг Лу эмч гэж их төвөгтэй араншинтай хүн байсан гэж дурсан яриасай гэж би хүсэхгүй байна.


Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үг санаанд бууж байна шүү. Эрдэм мэдлэг гэснээс таны охидоос мэргэжлийг нь өвлөх нэгэн байгаа юу?


-Одоохондоо байхгүй ээ. Том охин Анударь БНТУ-д сурч байгаа, дунд охин Инж-Улбаа СЭЗИС-ийн оюутан, Номундарь, Сүндари охид минь ЕБС-ийн сурагч. Харин бага охин Сүндари маань яг аав шигээ хүн болно гээд байгаа. Хэдэн жилийн дараа эмч охинтой болох юм шиг байна лээ (Инээв).


Таны охид аавынхаа цагаан халаадыг угааж өгөх юм уу?


-Энэ их хэцүү асуулт байна аа. Өвдөж шаналсан хүмүүс л эмч нарыг зорьж ирдэг болохоор би охидоороо халаадаа угаалгах нь битгий хэл гэртээ ч нэг их авч очоод байдаггүй. Сонсож уншиж байгаа хүмүүс хэт туйлширсан гэж бодож магадгүй ч би цэцэг шиг охидтой аав хүн шүү дээ. Шувуу нисээд өнгөрөх төдийд ч сүүдрээс нь үрсээ нөмөрлөдөг аав ээжийн хайр ийм өчүүхэн зүйлээс ч урсаж байдаг шиг ээ. Хурандаа, эмч, даргын хувиар бус ачтай буянтай аав ээжийн хүү, алаг үрсийнхээ халамжит аав, насны ханийнхаа нөмөр нөөлөг, хамт олныхоо даруухан нэгэн ахын хувиар хүлээн авч дурсамжийн хуудсаа эргүүлж сайхан яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа.


Ярилцлага жаргаах үгсийг танд үлдээе.


Баярлалаа. Ажил албаны тодруулга биш хувь хүний хувьд онцлоод зорин ирсэнд нь талархаж байна. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, ирээдүйн амьдралдаа эзэн болж яваарай гэх хэлэх дуртай үгээ уншигч олонд илгээе.



П.СИЙЛЭГМАА

Эх сурвалж: "Соёмбо"сонин