sonin.mn

Нэгдсэн үндэстний байгууллага жендерт суурилсан хүчирхийллийн бүх арга хэлбэрийг устгах зорилгоор жил бүрийн арван нэгдүгээр сарын сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд 16 хоногийн аяныг өрнүүлдэг.


Олон улсад энэ жил “Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жил: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье” уриан дор тэмдэглэж байна. Харин манай улсын хувьд “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.


Тус аянтай холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн байранд “Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдлийн хүчин зүйлсийн шинжилгээ” уулзалтыг зохион байгуулсан юм.


Дээрх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос “Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа”-г улсын хэмжээнд хийж байна. Судалгаанд бүх талын оролцоог хамруулахын тулд юуны өмнө малчдаас эхлээд аймаг, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн байна. Судалгааг гэр бүлийн болон ойрын хүрээллийн хүчирхийллээс гадна иргэдийн амьдрал, ахуй, амьжиргаанд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй зэрэг нөхцөл байдал, амьдралын чанарыг хамруулан хийж буйг зохион байгуулагч нар танилцууллаа. 2017 онд хийсэн эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тархалтын судалгаанд 7.3 мянган эмэгтэй хамрагдсан бөгөөд таван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа нэг удаа, 20 эмэгтэй тутмын нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчаасаа бусад хүмүүсийн үйлдсэн бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн байна.


Мөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь амьдралдаа эсвэл одоогийн хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ талаар ҮСХ-ны Нийгмийн статистик газрын дарга М.Оюунцэцэг “2017 оны судалгааны үр дүнгээс харахад бие мах бодийн хүчирхийлэлд 30-34 насны эмэгтэйчүүд илүү өртсөн байдаг.


Энэ нь тогтмол хамтрагчтай болсон үеэс хүчирхийлэлд өртөх нь нэмэгддэг гэдгийг харуулж буй юм. Гүнзгийрүүлсэн судалгаанаас харахад олон хүүхэдтэй, боловсролын түвшин бага эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь илүү байсан. Гэр бүлийн хүчирхийлэл нуугдмал байдаг шалтгаан нь хохирогчид хүчирхийлэлд өртсөн мэдээллээ холбогдох байгууллагад өгдөг ч шийдвэрлэх үйл явц нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хохирогчийг хамгаалах бодлого хомс байна. Үүнийг сайжруулж байж эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, өртсөн бол холбогдох байгууллагад мэдэгдэх зэргээр арга хэмжээ авч болно. 2017 онд хийсэн судалгаа хэр үр дүнтэй байсныг дараагийн 2026 онд хийх хоёр дахь судалгаа харуулна.


Анхны судалгааг бид 2.2 тэрбум төгрөгөөр хийж байсан бол 2026 онд хийх судалгааны төсөвт 3.3 тэрбум төгрөг шаардлагатай байна. Төсвийн зардлын 70-80 хувь нь мэдээлэл цуглуулахад зарцуулагдахаар байна” гэсэн юм. 


Хүчирхийлэлд өртөх эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газрын тоон мэдээлэл харуулж байлаа. Тус мэдээллээр 2024 оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5 хувь, хүнд гэмт хэрэг 20.2 хувь зөрчлийн тоо 24.3 хувь болж өссөн үзүүлэлттэй байгаа юм. Уулзалтад оролцогч нар энэ үеэр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын төлөө үйлдэл хийхийг нийгэмд уриаллаа. Ялангуяа энд “Тогтвортой хөгжлийн төлөө клуб”-ын сэтгүүлчдээс эхлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэж байгаагаа илэрхийллээ.



Б.ЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин