sonin.mn

Миний аав Сономын Дорж бол Халх голын байлдааны баатар цэрэг юм. Хэдийгээр улсын баатар цол аваагүй ч баатарлаг цэрэг бол яахын аргагүй мөнөөс мөн. Эдүгээ Халх голын байлдаан болоод 85 жил, аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд 40 жил өнгөрчээ. Өнөөдөр би аавыгаа дурсаж бичихээр шийдлээ.

 

Сономын Дорж нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одооны Өвөрхангай аймгийн Дэлгэрэх булаг сумын “Ар шанд” хэмээх газарт 1917 онд төржээ.


Дорж гэдэг нэрийг түвдээс хөрвүүлвэл Очир буюу “Эвдэршгүй” гэсэн утгатай нэр юм билээ. Аавын эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан хүн байв. Эх нь Үйзэн вангийн хошууны Соном гялхай мээрэнгийн охин Пэрэнлэй гэдэг эмэгтэй байв. Өвөг эцэг нь Сайн Ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны Соном гялхай мээрин гэдэг хүн байсан бөгөөд босоо монгол бичгээр сайхан бичдэг, Бурхан багшийн судар номыг барлан хэвлэж сүсэгтэн олонд тараадаг, өмнө зүгт хятадын Жанчхүү хот , хойд зүгт оросын Бийск хот хүртэл жин тээж явдаг,  хошуу нутагтаа эрдэм номтой, нэр хүндтэй, хэлсэн үгэндээ эзэн болдог, хийсэн ажил нь олонд тус болдог сайн хүн байсан гэдэг.

 

Аавын бага насанд нь эх, эцэг нь нас барж өнчрөн хоцорч ах, эгчтэйгээ хамт Өвөрхангайн Дэлгэрэх булаг, Онгийн голоороо нутаглаж  амьдарч байжээ. Аав минь 1937 онд Өвөрхангай нутгаасаа цэрэгт татагдаж Халх голын Сүмбэрийн заставт хилийн цэргийн алба хааж байлаа. 


1939 онд Японы эзэнт улсын цэргийн түрэмгийлэл зүүн хойд хятадын Манжуур нутгийг хамарч улмаар монголын зүүн хилийг давж, Халх голын тулалдаан өрнөх үед хилчин цэрэг С.Дорж байлдаанд хөнгөн пулемётчинаар оролцож дайсны цэргүүдийн довтолгоог пулемётийн галаар няцааж гарамгай гавьяа байгуулж байв.

 

Аав минь үг дуу цөөтэй, их хүнлэг даруухан хүн байсан юм. Аав минь Халх голд байлдаж байсан тухайгаа бараг ярьдаггүй байв. Нэгэн удаа би сумынхаа бага сургуульд сурч байхдаа аавыгаа гуйсаар байгаад нэгэн баатарлаг үйлсийнх нь тухай яриулж билээ.

 

1939 онд нэгэн тулааны үеэр японы байлдааны онгоц тэнгэрт шатаж, японы нисгэгч шүхрээр бууж байгаа нь харагджээ. Тэр үед хилийн орчим явж байсан монголын 3 цэрэг тэрхүү японы нисгэгчийг олзлохоор шийджээ. Нөгөө хоёр цэрэг нь Архангайн цэрэг байсан юм билээ. Ахлагч Надалдорж байлдагч С.Доржид “Шүхрээр буусан тэрхүү япон нисэгчийг амьдаар нь барьж олзолж ир. Урдаас чинь буудвал хариу буудаж болохгүй” гэсэн тушаал өгч нөгөө хоёр монгол цэрэг нь ар талд хориглохоор үлджээ. Хилчин цэрэг С.Дорж буугаа гартаа чанга атгаж шүхрээр буусан япон нисгэгч рүү шуудхан гүйжээ. Нэг хартал япон нисгэгч шүхрийнхээ дороос өндийгөөд гар буугаараа хэд хэдэн удаа С.Дорж руу буудахад чихний хажуугаар сум нь шунгинан өнгөрч байв. Япон нисгэгчийн гар бууны сум нь дууссан бололтой гар буугаа чулуудчихав. С.Дорж урдаас дайрсан япон нисгэгчийг газарт унагааж гарыг нь ард нь хүлж баривчлан олзолж авчээ.  Япон нисэгчийн цүнхэнд  нэгэн чухал газрын зураг байсныг олж улсдаа тушаав.

 

Хилчин цэрэг С.Дорж нь хилийн 24 дүгээр отрядын 7 дугаар заставт цэргийн алба хаасан юм. С.Дорж нь 7 дугаар заставын дарга, Улсын баатар П.Чогдонгийн удирдлага дор Халх голд болсон бүхий л тулаануудад оролцож пулемётынхаа галаар дайсны довтолгоог няцааж байлаа. Олон ч тулаанд оржээ.

 

Тухайлбал , 1939 оны тавдугаар сард тус заставын цэргүүд өөрийн хүчнээс 20 дахин илүү хүчтэй японы нэг морин хороо, 13 автомашин дүүрэн япон цэрэгт бүслэгдэж Бойтогт манханы орчим тулалдаж хоёр хоног дайсныг саатуулж бүслэлтээс гарч байжээ. 1939 оны тавдугаар сарын 15 -ны өдөр 7 дугаар заставын байлдагчид 6 дугаар дивизийн Шарав даргатай хүч нэмэгдүүлсэн сумангийн хамт Японы Эзэнт улсын 90 гаруй машин цэрэг, 3 морин хороо, 43 хуягт тэрэг, 5 нисэх онгоцоор дэмжүүлсэн хүчний эсрэг баатарлагаар тулалдаж дайсны давуу хүчийг бүтэн долоо хоногийн турш Халх голыг гатлуулахгүй тогтоон барьж тулалдсан ажээ. Байлдагч С. Дорж нь дайсны ар талд хэд хэдэн удаа тагнуулчаар явсан байна.


Байлдагч С.Дорж хилийн 7 дугаар заставын байлдагчдын хамт Халх гол орчмын том, жижиг тавь гаруй тулаанд оролцжээ.

 

С.Доржийн цэргийн алба хааж байсан 7 дугаар заставын 160 гаруй цэрэг, офицер төрийн одон медалиар шагнагдаж, тус заставыг “Байлдааны гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнажээ. Төр, засгаас хилчин цэрэг Сономын Доржийн баатарлаг гавьяаг үнэлж, 1940 онд “ Алтан гадас “ одонгоор шагнажээ. С.Дорж дайны дараа Монгол ардын армиас халагдаж, Хэнтий нутагт хуваарилагдаж Өндөрхаан хотод хууль хяналтын байгууллагад алба хааж байв. Намайг Мөрөн сумын бага сургуульд сурч байхад нэгэн зун Улаанбаатар хотоос цэргийн томоохон цуваа Халх голын ялалтын ойн баяр тэмдэглэхээр Дорнод аймаг руу манай Мөрөн сумаар дайрч явж байгаа үетэй таарав. Тэр үед монголын ардын армийн цэргүүд улсын баатар хурандаа П.Чогдонгийг хамт Халх гол руу ялалтын баяраа тэмгэдэхээр явж байсан юм билээ. Тэр нэгэн орой манай суманд тэрхүү цэргийн цуваа хонохоор болов. Орой нь цэргүүд сумын иргэдэд зориулж цэргийн концерт тоглов. Тэрхүү цэргийн цуваанд манай сумын манай төрөл садан Тэнэмэлшар ах цэрэгт байхдаа шалгарч цэргүүдийн концертын хэсэгт явж байлаа. Шараа ах морин хуур тоглож нэг цэрэг уртын дуу дуулав. Бусад цэргүүд Шараа ахын баянхуур хөгжмийн аянд олон сайхан дуу дуулж урлагийн олон номер үзүүлэв. Дараа нь  солонгосын дайны үеийн тухай солонгосын баатарлаг нисэгчид зөвлөлтийн “Миг” онгоцоор америкийн нисгэгчидтэй хэрхэн тулалдаж ялж байгаа тухай сонирхолтой шинэ кино үзүүлэв.

 

Тэр орой аав минь П.Чогдон хурандаатай эх орноо хэрхэн хамгаалж тулалдаж байсан тухайгаа дурсан их удаан ярилцаж байсныг би тодхон санадаг юм.  Би тэр үед жаахан хүүхэд байсан бөгөөд том хүмүүсийн яриаг сонсож болохгүй гэдэг тул юү ярьсныг нь мэдэхгүй өнгөрсөн дөө.


Жаахан том болоод дунд ангийн ангийн сурагч байсан бол Халх голын баатаруудын яриаг тэмдэглээд авчихгүй юү. С.Дорж нь 1943-1959 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх байгууллагын Өмчийн төлөөлөгч, аймгийн Прокурорын газарт Мөрдөн байцаагчаар ажиллаж байв. Аав минь Хэнтийд ажиллаж байхдаа гэмт хэрэг мөрдөх ажиллагаанд хахир хаврын хүйтэнд гэрээсээ гарч сумдаар морьтой яваад халуун зун үстэй дээлтэйгээ гэртээ ирдэг байсан гэдэг. С.Дорж дараа нь 1959-1962 онд Хэрлэн сумын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1962 -1970 онд Мөрөн сумын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1970-1974 онд Хэрлэн сумын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байлаа. С.Дорж нь 1959 онд улс даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үед буюу Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэл байгуулагдаж байх үед аймгаас саналаараа хөдөө гарч нэгдлийг бэхжүүлэх, сумын гүйцэтгэх захиргааны ажлыг сайжруулахад амьдралынхаа ихээхэн хэсгийг зориулсан юм.  С.Дорж нь 1974-1977 онд Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргааны Ерөнхий хэлтэст ажиллаж байгаад 1977 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. 

 

Аав минь 1984 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Аав минь үгүй болсон тэр жил гэр минь эзгүй ханхайж, сэтгэл нэг л хоосроод байж билээ. Хорвоогийн жам гэдэг хатуу юм даа, хагацал гэдэг хэцүү юм даа. 

 

Миний аав С.Дорж нь босоо монгол бичгээр сайхан бичдэг, кирилл шинэ бичгээр ч сайн бичдэг, төлөв даруухан, хүнлэг зөөлөн сэтгэлтэй, ажилч хичээнгүй, төрийн албаны баримт бичгийг сайн боловсруулдаг, ажилд нямбай шуурхай, дайчин, аливаа даалгасан төрийн ажлыг цаг хугацаанд нь чанартай сайн хийдэг төрийн тэргүүний албан хаагч байсан юм.

 

С.Дорж нь ам бүл гурвуул, эхнэр Дунжаагийн Сэрж нь Мөрөн сумын уугуул, малчин гаралтай эмэгтэй,  ганц хүү Сүхбаатар нь Мөрөн сумын бага сургуульд суралцдаг байв.

 

Төр засгаас С.Доржийн хөдөлмөрийг үнэлж, “Алтан гадас” одон , Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, “Бид ялав”, Халх голын байлдааны медаль, Ардын армийн Зэвсэгт хүчний ойн медалиудаар тус тус шагнажээ. Би сайн аавтай хүн. Аав минь Халх голын байлдааны баатарлаг цэрэг хүн. Аавдаа зориулж 2002 онд бичсэн шүлгээ та бүхэндээ толилуулъя.  


ААВ МИНЬ МИНИЙ БУРХАН


Алаг хорвоогийн бартаат замыг

Андын журмаар алзахгүй туулсан

Алсын ухаантай, холын бодолтой

Ачлалт Аав минь миний Бурхан


Эргэх орчлонгийн бэрх замыг

Эндэл үгүй хатуужлаар туулсан

Эр хүний уужим ухаантай

Эгэл даруухан Аав минь миний Бурхан


Өргөн дэлхийн нугачаат замыг

Өрөвч сэтгэлээр гутралгүй туулсан

Өөрийгөө бус, бусдыг боддог

Өрх гэрийн тулгуур багана


Дархан хилээ Сүмбэрийн харуулд манасан

Дайсан самурайг Халх голд ялсан цэрэг эр

Монгол төрийн хүчир албыг

Морьтойгоо залгуулсан төрийн түшээ


Хүслийн ертөнцийн галзуу замыг

Хумсын төдий ч шуналгүй туулсан

Хүнлэг сайхан сэтгэлтэй

Хүний дээд Аав минь миний Бурхан


Доржийн СҮХБААТАР