sonin.mn

Сүүлийн үед Баян- Өлгийн асуудлыг сошл ертөнцөөр нилээд шуугиж ярьцгаалаа.Баян- Өлгийн асуудал бол бага биш, том асуудал юм. Одоо Баян- Өлгийн асуудлыг эвээр зохицуулж төрийн хуулиар шийдэх хэрэгтэй болоод байна. Асуудлыг жижиг хэмээн хайхрахгүй орхиж болохгүй. Жижиг асуудал том болох ч тохиол байна. Ганц цучил цог их түймэр болох ч тохиол байна. Аубакир сайд яагаад Баян Өлгийн казахуудыг Казахстантай селекс хийлгэж цусаа сэлбэж угсаагаа сайжруулна гээд байна вэ? Баян -Өлгий аймгаас Их Хуралд сонгогдсон казах гишүүд яагаад нутгийхаа урианхай, халх, өөлд, торгууд, тува иргэдийн эрхийг хамгаалахгүй байна вэ? Баделхан гишүүн яагаад Баян Өлгий аймгийг манай улс гээд байна вэ? Баян-Өлгийд яагаад 400 оршуулгын газар буй болчихоод сүүлдээ бүр аймгийн төв дотроо 6 оршуулгын газартай болчихоод оршуулгын газар дээрээ баахан чулуун хашаа татаад баахан бунхан бариад монгол нутгийг минь яагаад оршуулгын газар болгох гээд байна вэ? Баян-Өлгийн зарим казахууд яагаад тэнд нутагтаа амьдарч байсан халх, өөлд, торгууд, урианхай, дөрвөд, тува нарыг гадуурхаад байдаг юм бэ? Баян- Өлгий аймгийг 1940 онд байгуулахдаа газар нутгийг нь Увс, Ховд аймгаас тасдаж өгөөд байхад яагаад зарим казах хүн "энэ бол манай нутаг" гээд байна вэ? Яагаад монгол нутгийн уул, усны монгол нэрийг казах нэрээр өөрчлөөд байна вэ? Баян-Өлгийн төвд Сүбээдэй баатарын хөшөө барьж болохгүй юм уу? Баян-Өлгийн казахууд яагаад монгол хэлээр ярихгүй байна вэ? Сургуулиуд нь яагаад зөвхөн казах хэлээр хичээлээ заагаад байна вэ? Баян-Өлгийд яагаад зарим казах иргэд хүүхдээ өвөөгийнх нь нэр дээр овоглоод нийгмийн халамж хүртээд байна вэ?


Монгол улсын иргэн Баян Өлгий болон Ховд аймгийн олон мянган казахууд монголын төрөөс тэтгэвэр халамжийн үлэмж их мөнгө аваад яагаад 90 хоногийн визээ сунгуулаад Казахстанд байнга амьдраад байдаг юм бэ? Ийм л олон асуудал олон жилээр бугшиж овоороод байлаа. Энэ асуудлыг Баян-Өлгийн төр захиргаа ч шийдэж чадаагүй, монголын төр ч сайтар шийдэж чадаагүй  35 жил болжээ. Одоо энэ зөрчлийг дуусгах цаг болжээ.


Эхлээд жаахан түүх яръя. 1755–1758 онд Зүүнгарын хаант улс дотоодын эрх мэдлийн тэмцэл болон Манж Чин гүрний байлдан дагуулалтын улмаас мөхсөнөөр энэ бүс нутгийн улс төр, хүн ам зүйн байдал эрс өөрчлөгдөж. дайн, өвчин, аллага хядлага, дүрвэлт, нүүлгэн шилжүүлэлтийн улмаас Зүүнгарын хүн ам үндсэндээ байхгүй болж, Или, Тарвагатай, Зүүнгарын хотгор, Алтайн бүс нутгийн үлэмж их бэлчээр эзгүйрчээ. Яг энэ үед хуучин Зүүнгарын эзгүй нутагт казах овог аймгууд, ялангуяа Дунд Жүзийн Керей, Найман зэрэг овгууд нүүдэллэн ирж бэлчээрийг ашиглах нь нэмэгджээ. Манж Чин улс Алтай, Тарвагатай, Или орчмын үлэмж уудам нутгийг манжийн цөөн тооны харуул, цэргээр бүрэн хянах гэсэн боловч хүн хүч хүрэхгүй байв. Казахын малчид нүүдэлчид улирлын байдлаар хил даван орж, ус, өвс сайтай бэлчээрийг даган нүүдэллэсээр энэ нутагт хууль бусаар ирсэн хасаг айлууд улам олноор нүүн ирдэг болжээ. Ийнхүү Или–Тарвагатай–Зайсан–Алтайн бүс нутаг нь олон зууны турш монгол, ойрад, казах болон бусад нүүдэлчин ард түмний бэлчээрийн зааг хэсэг болж байлаа. XIX зууны дунд үеэс Хятадын Шинжааны Алтайгаас зарим казах айлууд өнөөгийн баруун Монголын нутагт мал сүргээ бэлчээж улирлын чанартай нүүдэллэн ирдэг байв. 1860-аад оны их цас орсон нэгэн зудтай жил Шинжаанаас цөөн тооны казах айл Алтайн нурууг даван Монголын Ховдын бүс нутагт анх ирж өвөлжсөн тухай мэдээ монголын архивт байдаг ажээ. Эхний үед казах айлуудын энэхүү хөдөлгөөн байнгын суурьшил гэхээсээ илүү малчдын улирлын чанартай нүүдэл байв. Зарим казах айлууд эхлээд Монгол нутгийн Алтайн Урианхайн Засаг ноёдоос бэлчээр ашиглах зөвшөөрөл авч, Монголын нутагт зуссаны дараа Шинжаандаа буцаж өвөлжих зэргээр хоёр талын хооронд тогтмол нүүдэл хийдэг байв. XX зууны эхээр Монголын нутагт амьдарч байсан казахуудын тоо улам нэмэгдсэн байна. 1923 оны хүн амын бүртгэлээр 1870 казах өрх, нийт 11 220 казах хүн Монголын баруун аймгийн нутагт амьдарч байжээ. Тэр үед Хятадын Шинжаанд улс төрийн бослого, дайн, үймээн самуун нэмэгдэхийн хэрээр казах айлууд Монголын нутагт дүрвэн ирэх нь улам олширчээ. 1920–1930-аад онд Монголын казах хүн ам баруун хязгаарын тухайн үеийн засаг захиргааны нэгжүүд буюу Монголын Чандмань уул аймаг, Ховд аймагт харьяалагдаж байв. 1938 оны хүн амын бүртгэлд Монголд 4 300 орчим казах өрх, 21 000 казах хүн амьдарч байсан гэсэн мэдээ ч байдаг. Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8-р сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр монголын Увс, Ховд аймгийн нутгийг тасдан авч байгуулагджээ.. Өлгийг 1940 оны 9-р сарын 17-нд аймгийн анхдугаар хурлаас аймгийн төв болгон сонгон баталгаажуулжээ.


Эдүгээ монголын Баян-Өлгий аймаг нь 45.8 мянган квадрат км газар нутагтай, 118 000 хүн амтай, хүн амын 91.0 хувь нь казах, 5.6 хувь нь урианхай, 0.9 хувь нь халх, 0.9 хувь нь дөрвөд, 0.8 хувь нь тувачууд эзэлдэг ажээ. Мал сүрэг 2 сая 379 000 байна. Баян -Өлгий аймаг 1944 онд 38 000 хүн амтай байсан бол одоо 118 000 болж өсчээ. 


Социализмын үед Баян Өлгий аймаг хөгжиж байсан. Сургууль, эмнэлэг, үйлдвэр, хөгжимт драмын театр, урлаг соёлын байгууллагууд буй болж казахын сэхээтэн анги бүрэлдэн тогтож байлаа. 1990 онд Монголд ардчилсан хөдөлгөөн ялж Монгол улс ардчилсан эрх чөлөөт улс боллоо. Казахууд угийн л хөдөлмөрч, зочломтгой ард түмэн тул хурдан хугацаанд эдийн засгийн хувьд ч, урлаг соёлын хувьд ч түргэн өсөж дэвжив. Өлгий хот улам өргөжин тэлэв. Удалгүй 1990- ээд оны дундуур Монголын казахууд хөрш зэргэлдээ Казахстан улс руу олноороо дүрвэж нүүдэллэн явсан үйл явдал боллоо. Энэ ямар учиртай юм бэ? гэвэл 1991 онд шинээр байгуулагдсан Казахстан улс / гадаад улсуудад 4.5 сая казах амьдардаг/ 1992 онд “Цагаачлалын тухай хууль”, тус улсын Сайд нарын Зөвлөл “Казахстанд ирж буй гадаадын казах хүмүүст нийгэм эдийн засгийн хөнгөлөлт эдлүүлэх тухай” тогтоол, 1996 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Казах түмнийг дэмжих тухай” төрийн хөтөлбөр, 1997 онд “2000 он хүртэлхи цагаачлалын бодлогын үндсэн чиглэл баримт бичгийг батлав. Казахстаны Засгийн газар 1998 онд “Казах үндэстэн иргэд түүхэн эх орондоо ирж суурьших үзэл баримтлалын тухай” тогтоолыг батлав. Казахстаны парламент 1997 онд “Хүн амын шилжилт хөдөлгөөний тухай” хууль батлав. Казахстан улс гадаадад амьдардаг казах иргэдэд зориулж “ Ата жолы”-Казахын картыг баталж энэхүү статусын дагуу гадаадад оршин суудаг казах иргэдэд урт хугацааны виз, эдийн засаг, нийгмийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон бөгөөд одооны иргэншлээсээ нэн даруй татгалзахыг шаарддаггүй ажээ. 1991 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийн казахуудад хандаж эх орондоо буцаж ирэхийг уриалав. 1992 онд дэлхийн бүх казахуудын Хурултай болж түүнд дэлхийн 30 орны казах үндэстний төлөөлөл оролцжээ.Үүний дүнд 1991-1999 онуудад 1.0 сая казах хүн гадаадаас Казахстанд нүүн иржээ. Үүн дотор 1994 - 2018 оны хооронд Казахстан руу Монгол улсын 61 800 казах иргэн харьяасаа гарч дүрвэжээ.Энэ асудал дээр Монголын төр ихэд алдсан байдаг. Тэр үед монголын төр яагаад казах иргэдээ гадаад руу дүрвүүлэх болов?, яагаад ийм амархан монголын харьяатаас хэн дуртай нь гарч, хэн дуртайг нь гадаад улс руу дүрвүүлэх боломж олгосон зэргийг тогтоох хэрэгтэй. Монгол улс бол хэн дуртай нь орж ирдэг, хэн дуртай нь харьяатаасаа гардаг орон биш. Бүх зүйлийг хуулийн хатуу хяналт дор явуулах ёстой байсан. Гэвч тэр үед зарим ухвар мөчид монгол хүмүүс “Энэ хасгууд Монголоос гарч Казахстан явбал яваг, Монголоос хасгууд зайлаг” хэмээн буруу зүйл ярьцгааж байлаа.


Өнөөдөр Монголоос 300 000 монголын иргэд эдүгээ 76 гадаадын улсад ажиллаж амьдарч байна. Өнөөдөр Баян - Өлгийн казах иргэд яг л монгол хүн шиг Үндсэн хуулийн дагуу бүхий л эрхийг эдэлж эрх чөлөөтэй амьдарч ажиллаж байна.


Гэтэл эрхээ эдлээд үүргээ биелүүлэхгүй бол хуулиар ярих хэрэгтэй. Өнөөдөр Монголд 7200 хууль үйлчилж байна. Баян-Өлгий аймгаас эдүгээ Улсын Их Хуралд Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жамгабыл нар сонгогдон ажиллаж байна. Эдгээр гишүүд Баян-Өлгийн бүх л иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй, казах, халх, урианхай, дөрвөд, торгууд, тува иргэдийн эрхийг яг адилхан хамгаалах үүрэгтэй. Баян Өлгийд ажилладаг бусад төрийн байгууллагууд бүгд адилхан иргэдээ ялгавран гадуурхахгүй хуулийн дагуу шударга ажиллах  хэрэгтэй. Монгол улсад амьдарч ажиллаж байгаа зарим казах нөхдүүд өөрсдийгөө бид тусдаа үндэстний цөөнх, бид монголчуудад уусч болохгүй, монгол хэл соёлыг заавал мэдэх шаардлагагүй, монголын хуулийг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн буруу бодоод байх шиг байна. Монголын казахууд бол үндэстний цөөнх биш, монголын засаг захиргааны нэгжийн нэг аймаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Учир нь аливаа үндэстэн ястнуудын маргаантай асуудлыг авч үзэхдээ анх үүссэн эрх зүйн харилцаагаар шийддэг. Анх 1912 онд Богд хаант монгол төрд хандаж Хятадын Шинжаанаас дүрвэн ирж Монгол улсад дагаар орохоор 200 казах айл өрх хүсэлт гаргасан байдаг. Олон улсад Minority ба Native гэсэн олон улсын эрх зүйн хоёр ойлголт байдаг ажээ. Minority гэдэг нь соёл, хүн амын хувьд цөөнх боловч эрх зүйн хувьд тухайн улсаас иргэншлээ олж авсан өөр өөр үндэстэнүүдийг хэлдэг тул Монгол улсад дүрвэж ирсэн казах иргэд “Minority“ гэсэн эрх зүйн ангилалд орох ажээ.


Жишээлвэл, мөн энэхүү ангилалд өнөөгийн Казахстан улсын нутаг дээр амьдарч байгаа 2.9 сая оросууд ч гэсэн орох ажээ. Native гэдэг нь түүхэн унаган нутаг дэвсгэр дээрээ үе дамжин олон зуун жил оршин сууж буй уугуул иргэдийг хэлдэг ажээ.


Жишээлвэл, Хятад улсын өвөр монголчууд, Орос улсын буриад, тува, халимаг монголчууд, америкийн индианчууд энэхүү ангилалд орох ажээ. Тэхлээр дүрвэж ирсэн казахууд Монгол улсын иргэн л болох эрх зүйн харилцаа үүссэн тул монголын иргэншлийг шууд авсан түүхтэй байдаг. Ийм байлаа гээд Монголд ирээд шууд монголын иргэншил авсан казах хүний эрх зөрчигдөх явдал өмнө нь ч гараагүй, цаашид ч гарахгүй. Монголд амьдардаг казах иргэд 120 жил яг л монгол хүн шиг иргэн хүний эрхээ эдэлсээр өдий хүрсэн нь үнэн. Казахууд маань Монголд казах соёл, шашнаа хөгжүүлж байна, мечеть сүмээ барьж, Коран судраа уншиж, Исламын шашнаа чөлөөтэй шүтэж байна, Наурызын баяраа өргөн тэмдэглэж байна. Казахууд бол дорно дахины их соёлтой нүүдэлчин ард түмэн. Би Зөвлөлт Холбоот улсад их сургуулийн оюутан байхдаа орос хэл сайн сурахын тулд орос хэл дээр хэвлэгдэж гарсан Казахын нэрт зохиолч Мухтар Ауэзов, киргизийн алдарт зохиолч Чингис Айтматовын номуудыг амтархан уншдаг байсан. Эдгээр номуудаас казах, киргизийн нүүдэлчин ард түмний их соёлыг мэддэг болсон. 


Баян -Өлгийд сүүлийн 35 жилд гарч байгаа дээр дурдсан хүний эрхийн болон монголын хууль журмыг зөрчсөн явдлыг нэн даруй арилгах хэрэгтэй. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх саяхан Баян- Өлгий аймагт ажиллаж, Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт дараах үүрэг, даалгавар өгчээ.


  1. “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой.
  2. Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг, орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.
  3. Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж, бид өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлаа хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
  4. Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлж, хамгаалж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.
  5. Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус, нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.
  6. Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.


Эцэст нь хэлэхэд, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно. Эдгээр өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд холбогдох ажлыг уялдуулан зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд үүрэг болголоо” гэжээ Учир иймд Баян-Өлгий аймгийн удирдлага, холбогдох төрийн байгууллагууд монгол төрийн тэргүүнээс өгсөн үүрэг даалгаврыг нэн даруй 100.0 хувь биелүүлэх хэрэгтэй. Хэрэв Монгол улсын төрийн тэргүүнээс өгсөн эдгээр үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол дараагийн хатуу арга хэмжээг төлөвлөх хэрэгтэй болно гэдгийг эрхэм нөхдүүд тунгаан бодоорой. Монголын бүх иргэд төрийн хууль дор ажиллаж амьдардаг гэдгийг эрхбиш бүгд л мэдэх байлгүй.



Доржийн СҮХБААТАР  2026.09.15