sonin.mn

Хааяа бас хөгжилтөй явдлууд болно оо. Маркийн зураач гэхээр зөвхөн марк зураад томроод байхгүй. Хажуугаар нь захидлын дугтуй их зурна аа. Бас Шинэ оны, Мартын 8-ны, Майн 1-ний, Хүүхдийн баярын... гээд олон төрлийн ил захидал, мэндчилгээ зурах. Тэр байтугай шуудангийн элдэв тамга дардас ч зурна. Эд нар нь маркаас доогуур зиндаатай тул зурахгүй байх санаатай. Гэлээ гээд яахав дээ,алба юм хойно зурахаас гэсэн сэтгэл дундуур бодолтой. Марк захиалгаар зурдаг зураачдад дугтуй, ил захидал, мэндчилгээ хүчээр шахаж зуруулдаг байсан. Үнэ хөлсгүй! Яагаад гэхээр тогтсон үнэлгээ, төсөвлөсөн мөнгө хөрөнгө байхгүй, чи л тэдэнтэйгээ учраа олж зуруул,чамд тийм боломж байгаа гэж дарга сайд нар ам таглана. Тэд чинь зурахгүй гэвэл чи л цалинг аваад сууж байгаа хүн зурахаас яахав гэх. Би зураачдыг марк зурсан шагнал хөлсөөр нь элдвэлж байгаад хааяа үнэгүй зуруулчихдаг. Муухай л юм. Өөр арга надад байгаагүй. Үлдсэнийг нь, шаварт унасан шарын эзэн гэгчээр өөрөө л болгодог байсан. Тэдгээрийг уншигч та харж байна.


Холбооны Яамнаас эрхлэн Маркийн Товчоо эрхлэн жил бүр 16 төрлийн захидлын дугтуйг улирал тутамд 4 дөрвөөр нь тус бүр 300.000 ширхэг буюу 1 сая 200.000, жилдээ нийт 4 сая 800.000 ширхэг дугтуй хэвлүүлэн гаргаж гүйлгээнд оруулдаг байсан юм.


Улиралын төгсгөл ойртоход нөгөө 300.000 нь дуусаж байдаг байсан гэхээр холбоо харилцааны нэг чухал зэвсэг байсан байх нь, тухайн цагтаа! Яагаад энийг санаж байна гэхээр нярав Рэгзэдмаа, Алтанцэцэг эгч нар дугтуй дуусах дөхөж байна шүү, Отгоо минь! Зураг хөрөг ямар шатандааа явна вэ гэж асууж сурдаг байсан юм. Маркийн Товчоо дугтуйг ширхэгийг нь 08 мөнгөөр Улсын Хэвлэлийн Комбинатаас худалдан авч 01 мөнгө нэмээд Цахилгаан Шуудан Холбооны Газар (Төв Шуудан) болон аймгуудын шуудан холбооны салбарт 09 мөнгөөр зарна.


Тэд түүнийг нь 10 мөнгөөр нийтэд худалдана. Ил захидалыг 10.000 ш, мэндчилгээг төрлөөсөө хамаараад 10.000-100.000 ш хэвлэдэг байсан бил үү дээ. Үнэ цэн, тоо ширхэг, ашиг орлогыг нь санахгүй байна. Эдгээрийн сэдвийн тухайд бол нам засгийн бодлогын дагуу явна аа.


Миний ажиллаж байх үед баахан 50, 60, 70 жилийн түүхт ойнууд болж таарсан. Монгол Банкны 60 жил, Монголын Радиогийн 50 жил, Октябрийн Хувьсгалын 70 жил...гэх мэт. Мартын 8-наар эмэгтэйчүүдээ хүндэтгээд заавал нэг шинэ дугтуй гаргана. Холбооны Яамны сайд дуудаад, яг энийг зур гээд зөвлөлтийн дугтуйны загвар тулгачих жишээтэй. Зохиогчийн эрх энэ тэр гэвэл “За тэр яахав, зөвлөлт нөхөд бидэнтэй тийм зарга хийтэл хаа ч юм, чи зүгээр л зурчих” гээд үүрэгдэнэ! Би 1983 оны дунд үеэс 1987 он хүртэл хугацаанд 30-аад төрлийн дугтуй зурсан гэхээр нийтдээ бараг 10 гаруй сая дугтуй, мөн 100 зуун мянгаар тоологдох “БНМАУ-ын Холбооны Яам. Улсын Хэвлэлийн Комбинатад хэвлэв. Зураач Т.Отгонбаяр” гэсэн бичээстэй ил захидал, мэндчилгээ Монголын өргөн уудам нутгаар тархаж ард олныг минь сэтгэл зүрх, амьдрал ахуйнх нь холбоос болж байсан бололтой. Үүний гол хэрэглэгч нь хөдөө орон нутгаас нийслэл, төв суурин газруудад суралцахаар ирсэн оюутан сурагчид мөн цэргийн албаа хааж байсан хүүхдүүд байдаг байсан. Бас гадаадад сурдаг оюутнууд ч байсан. Хичнээн олон залуус хайр дурлалын захидал бичилцэж, гэр бүл үүсгэн, үр хүүхдүүдтэй өнөр айл өрх болсон бол гэж сайн талыг нь бодохоор баярламаар. Одоо гол яриандаа оръё! Ийн байтал өнөөх дорд үздэг дутуй маань намайг нэг эвгүй явдлаас “аварсан” хөгжилтөй явдал тохиолдож билээ л! 1986 оны зуны нэгэн сайхан өдөр Бөхөгийн голын хөндийд зусаж байсан хадам хоёр хөгшин дээр том охиноо хүргэж өгөөд буцах боллоо. Уг нь ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцвал болно л доо. Шувуун Фабрик


–Тээврийн Товчоо чиглэлийн автобусанд зам тосоод суучихна.


Тэр өдрийн тэнгэр хангайн сайхныг хэлэх үү! Нарлаг сайхан атлаа нэг их халуун биш. Сэвшээ салхи сэвэлзэн, цэнхэр тэнгэрт бүртийх ч үүлгүй. Агь таанын үнэр ханхалж, нов ногоон зүлгэн дээр гоёмсог эрвээхий цэцэгс дамжин дэрвэлзэж, шувууд жиргэн над мэт нь үгээр илэрхийлэн бичиж үл чадах гайхам сайхан өдөр байлаа. Ингээд уул даван тайвуухан явган алхаж, олны мэдэхээр Сонгиноы амралт буюу Биокомбинат орж автобусанд суухаар шийдэв. Арагшаа яараад байх юмгүй байсан гэхээр амралтын өдөр байсан юм байлгүй дээ. За ингээд гараад алхчихав оо. Би бээр ер нь хар багаасаа өндөр уулын оройд гарч алсыг харж зогсох дуртай. Нэг л гоё мэдрэмж төрдөг юм. Мацсаар уулын оройд гарвал хойд зүгт Сонгино хайрхан уул ихэмсэгээр дүнхийж бэлд нь Хатан Туул гол бут бургасыг уран гоёоор сүлжин мяралзана. Зуун зууны тэртээ энэ хөндийг мод бут битүү бүрхсэн Туулын хар шугуй гэж байсан гэх бөгөөд тийшээ орсон мал амьтан эрээд олддоггүй байсан гэх.


Монголын түүхэнд алдартай олон хүний нэр энэ сайхан хөндийтөй холбоотой. Тэднээс нэн онцгой нь чухам энд Чингэс Хаан, Жамух Сэцэнийг цус гаргалгүй хүндэтгэлтэйгээр дээд тэнгэрт халиасан гэх. Бас Ван Хаан энэ шугуйд орд өргөөгөө барин тухлаж, цэл залуухан Тэмүүжин хүү түүнд бараалхан тус дэм болохыг хүсэмжлэн булган дах барин золгож байсан гэнэм.


Чухам энэ хөндийн альхан талд нь юм бол доо хэмээх хөндийг харж түүхэн үйл явдлыг сэтгэл юундаа зураглаж байгалын сайханд уяран явтал нам гүмийг эвдэн нохойн хуцах бөглүү атлаа огцом дуу намайг цочоов. Тэр зүг харвал нилээн доор уулын бэлд нохой дагуулсан хоёр цэрэг над руу даллан дохиж нэг юм хэлээд уул өөд өгсөж явна. Чимээ аниргүй нам гүмд салхин зүгээс гарсан дуу авиа тийм холд сонсогддог юм шиг байна билээ. За, энэ нэг л биш боллоо гэж ойлгоод тэдний зүг соронздуулсан мэт уруудлаа. Хоёр цэрэг надтай мэндлээд түрүүч цолтон нь намайг хориотой зоно руу орсныг мэдэгдэж, ямар зорилготой хаанаас хаа хүрч яваагаа тайлбарлахыг хүслээ. Би ч ийм ийм учиртай ингэж явна гээд үнэнээ л хэллээ.


Тэд бичиг баримтаа шалгуулахыг хүсэв. Тэгсэн нөгөө гайхал нь цагаа болохоор байдаггүй. Бичиг баримт биед байхгүй гэртээ орхисон гэдгээ хэлсэн байлгүй,бодвол. Түрүүч цолтон “За,ах хүү, та бидэнтэй цуг анги дээр цуг очино оо. Хориотой цэргийн зонод орсон хэнийг ч саатуулан шалгадаг журамтай” гэв.


Тээр хол уулын оройгоор цэргийн хаалттай зоны хил хязгаар байна гэж хэний санаанд орох билээ. Ингээд хэрэгтэн болдог байжээ гэж бодсоор тэр хоёрын урд орон туугдаж доош уруудсаар цэргийн ангийн хаалгаар орж явчлаа! Нөгөө түрүүч жижүүрийн офицерт болсон явдлыг илтгэв. Офицер нь, намайг хэн болохыг дахин тодруулж асуун тэмдэглэлдээ бүртгэж аваад, цэрэгтээ намайг нэгжихийг тушаав. Гэтэл хармааны мухраас эмнэлэгийн нэг бичиг гараад ирдэг байгаа. Тэр хаваржингаа би хатиганд бариулсан. Ёстой нөгөө долоо дахина гэдэг нь болжухай. Тэгээд, манай Холбооны яамны системийн эмнэлэгт эмчийн хяналтанд байсан юм! Хэт их ядарсан байна гэж эмч оношлоод цусаа солиулж, баахан тариа шахуулдаг юмдаг. Түүнийг нотолсон эмчийн бичиг байсан байх. Юутай ч намайг хаана ажилладаг, хэн болохыг тодорхойлсон бичиг байсан. Би тэрийгээ хармаалж яваагаа ч мэдээгүй л дээ. Тэр бичгэн дээр “Өвчтөн Тодын Отгонбаяр нь БНМАУ-ын Холбооны Яамны Маркийн Товчооны Ахлах зураач мөн тул … энэ тэр гээд эмчийн гарын үсэг тамгатайгаа дурайж байсан байх. Одоо санах юм алга. 


Тэгсэн нөгөөдүүл чинь “Хүүе, тэгвэл та чинь нөгөө манийн өдөр өнжилгүй харж байдаг захидлын дугтуйг зурдаг зураач Т.Отгонбаяр мөн үү? гээд шуугилдан нөгөө бичгийг гар дамжуулан уншицгааж надад тал өгөн баясацгаав. Байдал дулаарлаа. Офицер утсаар цаашаа удирдлагадаа илтгэж байна. Ийм хүн ингээд тэгээд гээд.


Цаадах нь шалгаж тодруултал хүлээлгэж бай гэж байгаа бололтой. Тэгээд офицер үүнийгээ учирлан, та цаад өрөөндөө ороод хүлээж бай гэв. Нөгөө цэрэг “цаад” гэх өрөөндөө намайг оруулаад түгжичхэв. Тийм ээ! Тушаал бол тушаал, төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг дээ! Цэрэг хүү хаалга хааж байхдаа, өөр арга алга даа ах минь гэх шиг жуумагнаж байвай. Энэ хавчиг өрөөнд нөгөө журамлагддаг нөхдүүдээ суулгадаг шиг байв. Суунгаа бодоод байхад, нээрээ уулын орой дээрээс цэргийн ангийн байрлал сэлт алган дээр тавьсан юм шиг харагдаж байсан шүү дээ! Хэрэв зээ тодорхой зорилготой тагнуул туршуул бол цэргийн ангиудын байршил, дотоод зохион байгуулалт, зэвсэг техник бусад зүйлсийн нарийн ширийнийг сайтар тогтоон авч дараа нь зурж буулгах боломжтой гэж үзэж болох юм. Тэр тусмаа цэргийн байгууллагад зурдаг барьдаг ажил хийж байсан дадлага туршлагатай хүн уулын оройгоор тэнэж явааг сэжиглэх нь зүй ёсны юм байна л даа. Одоо чамайг хэн болохыг чинь тогтооно, ямар учраас Батлан хамгаалах яаманд зураачаар ажиллаж байсан юм бэ гээд Ганц Худаг руу шидчихвэл яахав, дурак аа? Юу юугүй тагнуул туршуул гэдэггүй юмаа гэхэд адгийн зарга арав хоног гэж тэнд хэд ч хоноо билээ! Ийм юм боддоггүй чи мөн ч тэнэг хүн юмаа гэж өөрийгээ зэмлэж бас элдэв асуултад нь хариулах үгээ бэлтгэн уймарч суувай. Тэр үед хятад монголын харилцаа хараахан сайжраагүй, цэрэг зэвсгийн асуудлыг дээд зэргээр нууцалсаар л байсан хатуу цаг. Их удалгүй түлхүүр торчигнон хаалга онгойж намайг гараад ир гэв. Офицер залуу “За, таныг бид зохих байгууллагаас тодруулан шалгаж хэн болохыг чинь тогтоосон учир та одоо чөлөөтөй! Явж болно гэв. Зохих байгууллага гэдэг нь ямар ч газрыг хэлсэн юм байгаа юм. Бүү мэд, сонирхоо ч үгүй. Занганаас мултарсан амьтан шиг цэргийн ангийн хаалгаар гүйх шахуу л гарсан даг.


Ийм нэг хөгжилтөй явдал болсон юм даа. Тэр үеийн цэргийн албан хаагчид, оюутан сурагч байсан олон хүн эдүгээ ч энх тунх байгаа болохоор эдгээр дугтунуудыг хараад залуу сайхан насаа, дурлалт хүнээ, хайрт аав ээж ах дүүс, найз нөхдөө, анги хамт олноо дурсан санадаг буй заа…


Зарим хүмүүсийн ярьснаар бол цэргийн анги, бүх шатны сургуулиудын жижүүр дээр захидал мэндчилгээ нь сул асгарсан хэвтэж байдаг. Тэндээс нь өөрийнхийгөө байтугай нөхдийнхийгөө авч болдог, цааш нь эзэнд дамжуулж өгдөг байсан гэхээр мөн ч цайлган цагаан ардууд байжээ. Өнөөгийн “эвгүй” цагт ийм юмыг төсөөлөхийн аргагүй болсон юм биш үү? Одоо ийм коммунист загварын, зүс царай тааруутай, цаас цавуу, хэвлэлийн чанар муутай дугтуй дахин хэзээ ч хэвлэгдэхгүй ! Чухам тийм учир эдгээр нь түүхийн үнэ цэнтэй баримт болж байгаа юм. Марк цуглуулагчдад маш цөөхөн үлдсэн байх. Зурсан зохиогчийн хувьд миний гарын үсгээ зурж, хувийн тамгаа дарсан эдгээр дугтуйнууд ердөө ганц ганцхан ширхэг үлдсэн! Өөр хэнд ч, хаана ч байхгүй !



Т.Отгонбаяр “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024“ номын хэсгээс


Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.09.21