Б.Баярбаатар чуулганы хуралдаа суухгүй байгаа УИХ-ын гишүүдийн нэг билээ. Тэрээр яагаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа тухай асуусан сэтгүүлчдэд хариулахдаа: "Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйх ёстой. Эр хүний хувьд уучлалт гуйх ёсгүй. О.Саранчулуун, Э.Ариунзаяа нарын гишүүдийг гүтгэж, ялгаварлан гадуурхсан шигээ яг тийм хэлбэрээр уучлалт гуйсан цагт УИХ-ын чуулганд сууна гэдгээ хэлсэн." гэв.Энэ тайлбарыг сонсоод Б.Баярбаатар төрийн ажил, тэр дундаа парламентын гишүүний эрх, үүрэг, хариуцлагыг гадарлах ч болоогүй “нойлын ногоон” хэвээрээ явна уу даа гэж бодогдохоор.
Учир нь УИХ-ын гишүүн гэдэг хэн нэгэнд гомдсон үедээ ажилдаа очихгүй байж болдог албан тушаал биш. Өөрөө гомдсон байна уу, найз нөхөд, намын нөхөд нь гомдсон байна уу гэдгээс үл хамааран УИХ-ын гишүүн сонгогчдын өгсөн мандатыг хэрэгжүүлж, чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож, хууль тогтоох үндсэн ажлаа хийх үүрэгтэй.
Б.Баярбаатар Л.Энх-Амгалангийн хэлсэн үгийг буруу гэж үзэж болно. О.Саранчулуун, Э.Ариунзаяа нарыг өмгөөлж болно. Уучлалт шаардах ч эрхтэй. Харин тэр бүхнээ УИХ-ын чуулганы танхимд орж, индэр дээрээс хэлж, парламентын хүрээнд мэтгэлцэж, асуудлаа тавих ёстой.
Түүнээс биш “уучлалт гуйтал чинь хуралдаа суухгүй” гэж төрийн ажлыг хувийн гомдол, улс төрийн маргаантай хутгаж болохгүй.
Монгол Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ чуулганаар хэрэгжүүлдэг. Гишүүд хууль хэлэлцэнэ, санал өгнө, Засгийн газарт хяналт тавина, сонгогчдынхоо эрх ашгийг төлөөлнө. Тиймээс чуулганы танхим бол УИХ-ын гишүүний үндсэн ажлын байр.
Харин Б.Баярбаатарын тайлбараар бол өөр хүн уучлалт гуйх эсэхээс түүний төрийн ажлаа хийх эсэх шалтгаалах болж таарч байна.
Энэ бол “нойлын ногоон” улстөрчийн сэтгэлгээ биш гэж үү.
Төрийн ажил хувь хүний ааш араншин, гомдол тунирхлаар хэмжигддэггүй. Өнөөдөр Б.Баярбаатар Л.Энх-Амгалан уучлалт гуйгаагүй учраас чуулгандаа суухгүй байж болно гэвэл маргааш өөр нэг гишүүн сайдад гомдсоноо хэлээд хуралдаа ирэхгүй байж болох уу. Нөгөөдөр бас нэг нь намын нөхрийг нь шүүмжилсэн учраас санал хураалтад оролцохгүй гэвэл яах вэ.
Төрийн ажилд туршлага сууна гэдэг зөвхөн олон жил албан тушаал хашихын нэр биш. Хувийн харилцаа, улс төрийн маргаан, төрийн институцийн үүрэг гурвыг хооронд нь ялгаж сурахыг хэлдэг.
Б.Баярбаатарын хувьд харин энэ заагийг ойлгох болоогүй бололтой.
Парламент гэдэг угаасаа санал зөрөлддөг газар. Тэнд нэг нь нөгөөгөө шүүмжилнэ. Хатуу үг хэлнэ. Маргалдана. Заримдаа бүр эвлэршгүй байр суурьтай байна. Гэхдээ парламентын соёл гэдэг санал зөрсөн хүнээсээ зугтаж, хуралдаа суухаа болихыг биш, танхимдаа орж ирээд байр сууриа хамгаалж, мэтгэлцэж, эцэст нь санал хураалтаар асуудлаа шийдэхийг хэлдэг.
Үүнийг ойлгоогүй хүн хэдий УИХ-ын гишүүний үнэмлэх өвөртөлсөн байлаа ч төрийн ажлын хувьд “нойлын ногоон” хэвээрээ л гэсэн үг.
Төрийн хүн болно гэдэг албан тушаалтай болохын нэр биш. Хувийн гомдлоо төрийн ажлаас тусгаарлаж, өөрт таалагдсан ч, таалагдаагүй ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сурахын нэр.
Б.Баярбаатарын дээрх тайлбар харин УИХ-ын гишүүн болсон ч төрийн ажлын ийм наад захын зарчмыг гадарлах болоогүй, улс төрийн хувьд “нойлын ногоон” хэвээрээ байгааг өөрийнх нь үгээр харуулчих шиг боллоо.
Б.Намуун
Даваа - 09 сарын 21,
2026
Сэтгэгдэл1
Үнэхээр өрөвдөлтэй гөлөг юм байна даа ядахдаа олигтой хуцаж чадахгүй хуцаж сураад их хуралд орж ирэх хэрэгтэй байна даа