МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балик буюу Хар балгас хотын үлдэгдэл Архангайн Хотонт сумын нутагт бий. 745 онд уйгарууд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн цохиод, Уйгурын хаант улсыг байгуулж, Орхоны хөндийд Харбалгас хэмээх хот цогцлон байгуулжээ. Хаант улс нь Саяны нуруугаас их говь хүртэл, Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэл өргөн уудам нутагтай байв. 840 онд дотоодын хагарал тэмцлээс Уйгурын хаант улс мөхөн хиргисүүдэд эзлэгдсэн. Төр нь мөхөж үгүй болсон тул уйгарууд хэд хэд салан өмнө зүг рүү зугтан оджээ. Ихэнх нь өнөөгийн Шиньжаанд дахин төр улс байгуулав. Уйгурын хаант улсын албан ёсны төрийн шашин нь манихэйн шашин байсан бол хожмоо төв Азийн гүн рүү нүүж, одоогийн Шиньжааны баруун өмнөд хэсэг болон Ферганы хөндийн орчимд суурьшсан хойноо X–XVI зуунд аажмаар лалын шашинд орсон түүхтэй.
Харин уйгуруудын үндсэн хэсэг болох Шиньжааны уйгуруудаас салсан “шар уйгуруудын” 1300 жилийн түүхэн замнал шал өөр үе шат зам мөрийг туулсан юм.”Шар уйгурууд (югурууд) 840 онд Уйгурын хаант улс мөхсөний дараа өөрсдийн бие даасан томоохон улс гүрнийг дахин байгуулж чадаагүй бөгөөд Хэшёогийн гудам буюу одоогийн Ганьсу мужийн нутагт суурьших явцдаа тухайн бүс нутгийг эрхшээж байсан олон хүчирхэг гүрэн улсуудад үе шаттайгаар харьяалагдаж байжээ.Тэд IX зуунд өнөөгийн Ганьсу муж хавцаа нүүж очиход тэр нь Хятадын Тан улсын эзэмшилд байв. Мэдээж Хятадын нөлөөнд байсан. XI-XIII зууны үед тэдний амьдарч байсан Ганьсугийн бүс нутагт Тангуд үндэстний байгуулсан Ся улс хүчээ авч ноёрхсон тул эрхшээлд нь орж байв. XIII зууны эхэн үед Чингис хаан Тангуд улсыг байлдан дагуулах явцад тус бүс нутаг болон шар уйгурууд Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд оржээ. Хожим Юань улс болон Цагадайн улс, Өгөдэй хааны эзэмшил нутгийн заагт оршин суух болсон байна. Дундад зууны сүүл үе болон шинэ цагт Манж Чин улсын бүрэлдэхүүнд орж, Хятадын төв засгийн газрууд болон орон нутгийн эрх баригчдын харьяанд амьдарсаар өнөөг хүрчээ. Ийнхүү тэд өөрийн нэгдмэл улс байгуулалгүйгээр орон нутгийнхаа газар зүйн байршлаас шалтгаалан Кидан, Тангуд, Монгол болон Хятадын династиудын эрхшээлд үе залгамжлан харьяалагдаж, өөрсдийн өвөрмөц хэл соёлоо хадгалан үлджээ.
Уйгурын хаант улс нуран унасны дараа шар уйгурууд өмнө зүгт буюу өнөөгийн Хятадын Ганьсу мужийн Хэсийн гудам (Дүнхуан, Жанье орчим) руу нүүж суурьшсан эртний уйгуруудын үр сад юм. Тэд уламжлалт шар өнгийн гэр сууцтай нүүдэллэдэг байснаас нь шалтгаалж "Шар уйгурууд" гэж нэрлэх болж.
Түүхэн сурвалж болон судлаачдын үнэлгээгээр шар уйгурууд (югурууд) Ганьсугийн бүс нутагт суурьшиж, тухайн үед хүчээ авч байсан Тангуд (Баруун Ся) улсын болон хөрш зэргэлдээ оршин тогтнож байсан соёл, шашны нөлөөлөлд автсанаар Буддын шашныг голлон шүтэх болсон түүхтэй. Мөн хожим XVI зууны сүүлчээр монголчуудтай ойр шадар амьдрах явцдаа Төвдийн буддизмын шар малгайтны урсгал буюу Гэлүгпаг монголчуудтай нэгэн зэрэг шахам хүлээн авч шүтэх болсон байна. Иймд Тангуд болон тухайн бүс нутгийн эртний соёл, шашны төвүүдийн нөлөөгөөр шар уйгурууд лалын шашинд уусалгүйгээр өнөөг хүртэл Буддын шашнаа хадгалж үлдсэн.
Гэвч Турфан болон Гансу орчимд байсан бусад уйгурууд олон зууны турш Буддын шашныг шүтсээр ирсэн ч XVI зууны төгсгөл, XVII зууны эхэн үед Чагадайн улсын үр сад болох лал шашинтны хүчинд автаж бүрэн лалжсан байдаг. Энэ үеэс л өмнө нь буддын шашинтнууд байсан уйгурууд лалын шашинд орж, харин лалын шашинд оролгүй үлдсэн цөөн хэсэг зөвхөн Ганьсуд Шар уйгурууд болон үлджээ.
Түүхэн баримтаар шар уйгурууд голчлон Ганьсу муж буюу Хятадын хил дотор үлдсэн бөгөөд Монголд бөөнөөрөө нүүж суурьшиж байгаагүй. Харин тэд Манж Чин улс болон Зүүн гарын хаант улсын мөргөлдөөний үеэр тухайн бүс нутагт амьдарч байсан монгол аймгуудтай (тухайлбал хошууд болон бусад ойрад ястнуудтай) ойр шадар амьдарч, соёл зан үйлийн хувьд нэлээд холилдсон. Тухайлбал тэдний зарим хэсэг нь хожим монгол хэлт хэсгээрээ өргөжин тэлж, өнөөгийн Ганьсу мужийн Сүнань-Югур өөртөө засах шяньд Хятадын доторх цөөн тоот үндэстэн болж үлдсэн юм. Өнөөдөр тэдний нийт хүн ам 15,000 орчим цөөн тоотой үлджээ. Хятад улс 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа үндэстний цөөнхийг дэмжих бодлого явуулж, Ганьсу мужийн нутагт тархан суурьшиж байсан шар уйгуруудын газар нутгийг нэгтгэн 1954 онд Сүнань-Югурийн өөртөө засах шянь (автономит район)-г албан ёсоор байгуулжээ.
Шар уйгурууд (Югурууд) нь түрэг болон монгол хэлний аль алиныг нь хадгалж үлдсэн, мөн түүхэн хувьд нүүдэлчин соёлын гайхалтай холимог өвийг тээдэг цөөн тооны ард түмний нэг билээ. Тэд хүн амынхаа тоогоор цөөн ч гэсэн хэл шинжлэлийн хувьд маш сонирхолтой, хоёр өөр хэлний бүлэгт хуваагддаг онцлогтой. Тэд хоорондоо ярилцахдаа өөр өөрийн эх хэлээрээ ярьдаг хэдий ч хоёр хэлийг хоёуланг нь сайн ойлгодог байна.
Түрэг хэлтэй хэсэг (Баруун югур аялга): Тэдний хэл нь эртний уйгур хэлний өв уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн түрэг хэлний нэг төрөл юм. Сибирь болон Орхоны түрэг бичгийн дурсгалуудтай дуудлага, үгсийн сангийн хувьд маш төстэй элементүүдийг агуулдаг.
Монгол хэлтэй хэсэг (Зүүн югур аялга): Шар уйгуруудын нэлээд хэсэг нь монгол хэлний нэг аялгаар ярьдаг. Энэ нь XIII–XVII зууны үед Монголын эзэнт гүрэн болон Ойрд, Халхын нөлөөгөөр тухайн бүс нутагт нутаглаж байсан монгол аймгуудтай харилцан холилдож, хэл нь уусч баяжсантай холбоотой. Тэдний ярьдаг монгол хэл нь дундад зууны үеийн монгол хэлний болон Өвөр Монголын зарим аялгатай төстэй үг хэллэг, бүтцийг хадгалсан байдаг.
Хэсийн гудамд ирж суурьшсаны дараа тэд тухайн үед хүчирхэгжиж байсан Баруун Ся (Тангуд) улсын захиргаанд орж, мөн Хятадын Сүн болон Мин улстай худалдаа арилжаа, соёлын холбоотой байжээ. Юань улсын үед болон хожим нь Чин гүрний үед монголчуудтай нягт холбоотой байснаас гадна зарим монгол аймгууд (ялангуяа Ойрд болон Халхын зарим бүлгүүд) тус бүс нутагт суурьшиж, Шар уйгуруудын угсаатны бүрэлдэхүүнд шингэсэн түүхтэй.
Аж ахуй, шашин шүтлэг ба соёлын хувьд нүүдлийн болон суурин холимог аж ахуйтай. Тэд түүхэндээ эсгий гэр сууцанд нүүдэллэн амьдарч, мал аж ахуй (хонь, ямаа, сарлаг) эрхэлдэг байсан бөгөөд Ганьсугийн баянбүрдүүд болон голын хөндийд газар тариалан эрхлэх ёсыг мөн хослуулан нутагшуулжээ.
Хувцас загвар ба зан заншилын хувьд үндэсний хувцас нь монгол дээл болон түрэг үндэстний хувцасны хэв маягийг хослуулсан байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн толгойн гоёл, малгай нь маш өвөрмөц бөгөөд гэрлэсэн болон эцэг эх болсон байдлаа илтгэсэн нарийн хийцтэй гоёл зүүдэг уламжлалтай.
Түүхийн урт хугацаанд хөрш зэргэлдээ амьдарч байсан монгол болон түрэг угсаатны нөлөөгөөр хэл шинжлэлийн хувьд маш ховор үзэгдэл буюу хоёр өөр язгуурын хэлээр хуваагдаж ярих, эсвэл нэг хүрээнд холилдсон хэлбэрээр хэрэглэх онцлогийг хадгалж ирсэн. Үгсийн сан болон хэл зүйн холимог шинж нь хэдийгээр тэдний зарим нь түрэг, зарим нь монгол хэлээр ярьдаг ч амьдрал дээр хоорондоо чөлөөтэй ойлголцож, холимог хэлбэрээр хэрэглэх явдал түгээмэл байдаг. Түрэг хэлээр ярьдаг шар уйгурууд өдөр тутмын яриандаа монгол хэлний үгсийг (мал аж ахуй, байгаль орчин, гэрийн аж ахуйтай холбоотой) маш ихээр зээлдэж хэрэглэдэг. Мөн эсрэгээрээ монгол хэлтэй хэсэг нь түрэг үгсийг өөрийн үгсийн санд багтаасан байдаг. Удаан хугацааны турш хамт амьдарсны улмаас хоёр хэлний өгүүлбэрийн бүтэц, хэлц үгс, зарим хүндэтгэлийн болон харилцааны хэллэгүүд нэг нэгнээсээ маш их зүйлийг өвлөжээ.
Орчин үеийн монгол хэлэнд бараг хэрэглэгдэхээ больсон эсвэл өөр утгаар хэрэглэгддэг эртний монгол үгсийг тэд яриандаа хадгалж үлдсэн байдаг. Тухайлбал, ан агнах, мал маллах, байгалийн үзэгдэлтэй холбоотой зарим үгс XIII–XIV зууны "Монголын нууц товчоо"-нд гардаг үгстэй тун төстэй байдгаараа хэл шинжлэлийн хувьд анхаарал татмаар. Түүхийн урт хугацаанд монгол угсаатнуудтай зэрэгцэн оршиж, соёл ахуйгаа солилцсоны улмаас монголчуудтай гайхалтай төстэй зан заншил, дуу хуур, ардын аман зохиолын өвийг хадгалж үлдсэн. Ардын дуунд нь монгол ардын дуутай төстэй аялга, маголаг буюу нугалаа түгээмэл байдаг. Ялангуяа байгаль дэлхий, хайр дурлал, эх орон, эцэг эхийн ачийг магтан дуулсан дуунууд нь монгол ардын дууны хэв маягтай маш ойрхон. Тэд үндэсний хөгжмийн зэмсгүүд нь монголчуудынхтай ижил төстэй, чавхдаст хөгжмийн зэмсэг, тэр дундаа хуучир болон бусад ардын хөгжмийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд морин хууртай төстэй өвөрмөц хөгжмийн зэмсэг ч мөн бий. Монголчуудын дунд дэлгэрсэн "Жангар" болон бусад баатарлаг туульсын төрөл жанр шар уйгуруудын дунд мөн амьд байдлаар уламжлагдаж иржээ. Тэдний туульчид олон зуун мөртлөг шүлэг, эртний домог түүхийг цээжээр хайлан дуулдаг уламжлалтай. Аман зохиолд нь хэрэглэгддэг зарим оньсого, зүйр цэцэн үгс нь монгол хэлний утга санаа, хэлбэр хийцтэй яг ижилхэн буюу шууд орчуулсан юм шиг төстэй байдаг нь тэдний хэл соёл ямар нягт холбоотой байсныг илтгэдэг.
Тэд түүхэндээ цагаан болон шар өнгийн гэр сууцанд нүүдэллэн амьдардаг байсан бөгөөд гэрийн дотоод зохион байгуулалт (хоймроо дээдлэх, баруун зүүн талын ялгаа), тогоо тулганы ёс заншил нь монгол гэрийн уламжлалтай яг ижил. Мал сүргээ дээдлэх, цагаан идээ боловсруулах аргууд (ааруул, ээзгий, тараг хийх) болон нүүдэлчдийн амьдралын хэв маяг монголчуудтай бараг нэгдмэл аж. Өмсдөг үндэсний дээл нь монгол дээлтэй маш төстэй бөгөөд бүслэх, энгэр зөрүү хэв маяг нь нүүдэлчин угсаатны нийтлэг шинжийг хадгалдаг. Айлд зочлох, цайны дээж өргөх, андгай тангараг өргөх болон найр наадмын зан үйлүүдэд монгол ёс заншлын нөлөө гүнзгий шингэсэн байдаг.
Шар уйгуруудын (Югуруудын) уламжлалт ёс заншил, тэр дундаа Цагаан сар болон хоол ундны соёл нь монголчуудтай гайхалтай төстэй боловч өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогийг шингээсэн байдаг. Хаврын баярыг (Цагаан сар) монголчуудтай яг адилхан маш өргөн хүрээтэй, хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэг. Баярын өмнө гэртээ их цэвэрлэгээ хийж, муу муухайг хөөх, шинэ жилийн угталт хийх ёсыг хатуу чанд баримталдаг. Мөн шинэ дээл хувцсаа бэлдэж, айл хотлоороо шинэлэхэд бэлэн болно. Шинэ оны өглөө эрт босч, нар мандахтай зэрэгцэн ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золгох ёс үйлддэг. Монголчууд шиг хадаг барьж, ахмадуудынхаа гарыг тохойдон золгох уламжлал нь тэдэнд яг хэвээрээ хадгалагдсан аж. Цагаан сараар айл хэсэхдээ амны билгээр үг ярьж, ирэх бүтэн жилийн өнгийг шинжинэ. Баярын ширээн дээр уламжлалт цагаан идээ, дээж тавьж бурхан тахилдаа мөргөдөг. Нүүдэлийн болон газар тариалангийн холимог аж ахуй эрхэлдэг тул тэдний хоол хүнсэнд мах, цагаан идээ болон гурилан бүтээгдэхүүн түгээмэл байдаг.
Шар уйгуруудын хуримын ёс заншил нь нүүдэлчдийн болон эртний уламжлалт зан үйлийг гайхалтайгаар шингээсэн байдаг бөгөөд монголчуудтай болон эртний түрэг угсаатны хуримтай төстэй олон зан үйлтэй. Хурим нь хэд хоног үргэлжилдэг бөгөөд сүйт бүсгүйг авах очих, мордох, хүлээн авах зэрэг хатуу дэг жаягтай. Онцлог нэг зүйл нь охин үр гэр бүлээ орхиж буйг бэлгэдсэн эмгэнэлтэй, бас баярын холимог дуунууд дуулж, бүсгүйн гэзгийг өөрчлөн хоёр саллаа болгон сүлжих буюу айлын эхнэр болох ёсыг үйлддэг. Хуримын үеэр хоёр талын ар гэрийнхэн хонь малаар бэлэг сэлт солилцох, ахмадуудаа хүндэтгэх, зочдод цай хоол өргөх ёслолууд маш нарийн дэгтэй.
Шар уйгурууд болон өнөөгийн Шиньжаан уйгурууд аль алин нь лал мөргөлтэй болохоосоо өмнө буюу эртний үед бөө мөргөл болон буддын шашны нөлөөтэй оршуулгын хэлбэртэй байсан. Харин Төвд болон Хэсийн гудмын бүсэд амьдарч байсан зарим угсаатнуудын хувьд байгаль орчин, газарзүйн байдлаасаа шалтгаалан чандарлах (гал оршуулга) болон газар булшлах ёсыг хослуулан хэрэглэж ирсэн түүхтэй.
Хэдийгээр тэд албан ёсоор Төвдийн шарын шашны шүтлэгтэй боловч амьдрал ахуйдаа эртний бөө мөргөлийн зан үйл, шүтлэг бишрэлийг маш хүчтэй хадгалж иржээ. Байгаль дэлхий, гал ус, уул овоогоо тахих, онгод шүтээндээ залбирах ёслолууд нь Буддын шашинтай хослон оршдог. Ялангуяа тэдний дунд бөөгийн төөрөг, зан үйл үйлдэх, гал тахилга хийх уламжлал нь нүүдэлчдийн эртний сэтгэлгээний гүн ул мөр хэвээр хадгалагдсаныг харуулдаг. Нүүдэлчдийн нэгэн адил шар уйгурууд нар, сар, од эрхэс болон "Мөнх хөх тэнгэр"-ийг дээдлэн шүтэх үзэлтэй. Тэдний зарим өрхийн амьдрал, цаг тооны бичиг, өдөр тутмын ахуй амьдралд байгалийн үзэгдлээс шалтгаалсан цээрлэх болон бэлгэдэх ёснууд хатуу үйлчилдэг байна.
Гарал үүсэл, генетикийн хувьд монголчуудаас нэлээд ялгаатай боловч мянга гаруй жил Монголын өндөрлөгийн нүүдэлчидтэй, түүний дотор монгол угсаатантай ойр байсны хувьд шар уйгурууд нь энэ талаар мөн түрэг угсааны тува нартай их төстэй. Тувачууд бол эртний енисэйн түрэг угсаатны хойч үе боловч монголчуудтай мянга гаруй жил нэг өрхөд хамаарч байснаар ёс заншил, ахуй амьдрал шашин шүтлэг нь нэг болсон. Гэсэн ч тувачууд шар уйгурын нэгэн адил энэ урт хугацаанд өөрийн үндсэн эх хэлээ авч үлджээ.
2026.9.20
Баабар
Ням - 09 сарын 20,
2026