sonin.mn

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Өрлөг хэмээх газартай холбоотой маргааны цаана ноцтой асуудал байж болзошгүй талаар шалгаж хянах хүсэлтийг Засгийн газарт гаргаад байна-


Баян-Өлгийн талаар бас дахиад нэг асуудал. Газар нутгаа дур мэдэн казак хэлээр нэрлэдэг болсон, дунд сургуульд монгол хэл заахыг эсэргүүцдэг, бүр цаашилбал төрийн албад нь хүртэл казак монголоороо талцан халх, өөлд, торгууд үндэстнүүдийг дээрэлхэж, боорлож гишгих газаргүй болгож байгаа хийгээд булш, бунхны газрын хэрүүл, хэлцэл дэгдэж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэлэлцэгдэх хүртлээ тулаад байгаа энэ үед үнэндээ явган, хэрүүл, хагарал, хэмхэлдээнийг дэвэргэмээргүй л байгаа юм. Гэвч энэхүү асуудал эцэс сүүлдээ хэзээнээс нэгэн дээвэр дор тэврэлдэхдээ тэврэлдэж, хэрэлдэхдээ хэрэлдэж ирсэн монгол, казак үндэстнүүдийн хооронд цусгүй дайн дэгдээж, цаашилбал нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний дайны байдалд ч хүргэж болзошгүй байгаа нь гашуун үнэн. Тэр тусмаа газрын асуудлаар...


Баян -Өлгий аймагт халх болон бусад ястнууд газар эзэмших нь бүү хэл газар гишгих эрхгүй болоод байгаа гэсэн шуугиан нэгэнт дэгдсэн, мэр сэр ноцтой баримтууд ч дэлгэгдэж байна.


Одоо өгүүлэх ноцтой асуудал бол Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нэгэн газартай холбоотой чамгүй хугацаанд өрнөж буй гомдол юм. Товчхондоо бол аюултай нөхцөл байдалд байгаа газрыг Эвдэрсэн газрын бүртгэлд хамруулахаар хүсэлт гаргасан ч холбогдох албаныхан нь ямар нэгэн тоймтой, мэдээлэл, хариу өгдөггүй, тодорхойгүй байдал үүссээр өдгөө асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллага болон Засгийн газрын тэргүүнд хандах хэмжээнд хүрээд байгаа.

Өнгөцхөн бөгөөд товч тайлбарлахад ийм. Гэхдээ үүний цаана маш нарийн нухацтай асуудал байж болох. Эвдэрсэн газрын бүртгэл гэдэг нь өөрөө бас чамгүй асуудал дэгдээдэг хурц сэдэв. Уул уурхай, бусад асуудлаас болж эвдэж сүйдсэн газрын зэрэглэлийг тогтоож энэ бүртгэлд албан ёсоор бүртгэснээр тухайн буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх, эсвэл нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулах ёстой. Гэтэл алтыг нь аваад авдрыг нь хаясан комПаниуд нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахгүйн тулд төрийн албаныхантай үгсэн хуйвалдаж, Эвдэрсэн газрын бүртгэлд оруулахгүй саатуулах, нуух, бултуулах, эсвэл хэмжээг нь буруу тодорхойлуулах гэх мэт мафийн шинжтэй гэмээр үйлдлүүд өмнө нь гарч орон нутгийн иргэд болоод хуйвалдагчдын эсрэг бослого, тэмцэл ч гарах хэмжээний үйл явц өрнөж байсан жишээ бий. Ерөөсөө л Эвдэрсэн газрын бүртгэлд оруулна гэдэг тухайн газрыг хамгаалах эхний алхам байдаг бол нөгөө талаасаа өнөөгийн хариуцлагагүй уул уурхайн хамаг балаг яг энэ бүртгэлжүүлэх үйл явцтай холбоотой байдаг гэдгийг уул уурхайн салбарынхан болоод байгаль орчны салбарынхан халаглан ярьдаг. 


Хамгийн ноцтой нь Эвдрэлтэй газар гэдэг бүртгэлийг хийж, нөхөн сэргээлт хамгаалалт хийгээгүйгээс гуравхан настай хүүхэд ухаад булаагүй нүхэнд унаж амь насаа алдсан саяхны эмгэнэлт явдлыг бид мартаагүй байгаа.


Тийм ч учраас Засгийн газраас яаралтай Монголын бүх газар нутагт шалгалт хийж, эрсдэлтэй газруудыг бүртгэж, нүх сүв болгоныг бөглөх даалгавар өгч, шийдвэр гарсан. Гэтэл Баян-Өлгийд Эвдэрсэн газрын бүртгэлд оруулах ажил ингэж таг гацаад байдаг?

Тэгэхээр үүний ард маш ноцтой асуудал нуугдаж байж болзошгүй нь харагдаж байгаа биз.

Дараагийн нэг ноцтой асуудал нь “Аймаг бие даан шийдвэрлэх асуудал тул яам болон Засгийн газарт хамаарахгүй” гэж томорч байгаа гэх асуудал. Казак, монголоороо талцан хэрэлдэж, магадгүй хэрэлдүүлж байгаа энэ үед энэ үг бол казакууд төрийн албыг төрлийн алба болгож Засгийн газарт ч захирагдахгүй гэж Пээдийх болсон гэсэн халуун яриан дээр бөмбөг тэслэх хачир болох нь тодорхой. 


Тэд үнэхээр ингэж Пээдийж байна уу эсвэл төрийн албыг явуулж чадахгүй, бие бие рүүгээ шидэлж, хэрүүлийн алим дэгдээж байна уу, эсвэл ард нь авлига хээл, хахуул ашиг сонирхол байна уу гэдгийг одоо л чухам тогтоох ёстой.


Учир нь дээр өгүүлсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Өрлөг хэмээх газартай холбоотой зохих байгууллагуудад гаргасан албан ёсны гомдолд яг энэ үг, өгүүлбэрийг хэн хэлсэн, ийм хандлага гаргасан эсэхийг шалгаж, тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа юм. Үнэхээр ингэж хэлсэн, ийм хандлага гаргасан бол казак монголчуудын хэрүүл үнэхээр бодитой үнэн юм байна, тэдний үйлдэл хэрээс хэтэрсэн юм байна гэдгийг батлах жинхэнэ дайны эхлэл болно гэдгийг өгүүлэх юун. Тийм учраас үүнийг яаралтай шалгаж, анхаарлаа хандуулах ёстой гэдгийг сануулья. 


Эцэст нь сануулж хэлэхэд уул уурхайн далдлаагүй нүхэнд гуравхан настай бяцхан охин унаж, хэдэн өдрийн турш амийг нь аврах гэж тэмцэж, амьд байгаасай гэж монголчууд бүгдээрээ залбирч түгшиж хүлээсээр амиа алдсан бяцхан цогцсыг оршуулахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт сөөм ч газар үлдээхгүй аюулгүй байдлыг шалгаж, нөхөн сэргээлтийг хийж, Эвдэрсэн газрын бүртгэлийг анхааралдаа авахыг даалгасан. Гэтэл бурхан болсон охины араас эгших нулимс хатаж амжаагүй шахам байхад, Ерөнхий сайдын үүрэг даалгавар биелэх нь битгий хэл бүр “Засгийн газарт хамааралгүй асуудал аа” гэж томрогсод төрж гарчихаад байгаа юм биш биз дээ, Ерөнхий сайд Н.Учрал аа.

Ер нь казак ч бай, монгол ч бай Баян-Өлгий ч бай, Архангай ч бай энэ журам даалгаврыг биелүүлэх ёстой биз дээ, Ерөнхий сайд Н.Учрал аа, та энэ асуудалд анхаарлаа хандуулна биз ээ.


Дугаар шилжих мөчид Бид талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх мөн төрийн албаны албан ёсны байр суурь тайлбарыг хүргэх үүднээс Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын дарга Аясулугаас тайлбар хүсэхэд “Эвдрэлтэй газрын бүртгэлд хамруулахын тулд Экологийн цагдаагийн газраас бичиг ирүүлэх ёстой. Манайтай хамааралтай асуудал ерөөсөө биш” гэсэн тайлбар өгсөн. Харин одоогоор тус аймгийн Экологийн цагдаагийн газраас ямар нэгэн тайлбар ирүүлээгүй байна. Тиймээс бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно.