sonin.mn

Албан тушаалаасаа огцорч, улс орноосоо гарч явсан Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасина Их Британийн эрх баригчид түүнд улс төрийн орогнол олгох шийдвэр гаргах хүртэл Энэтхэгт байх болно. Энэ тухай телевизийн Republic суваг мэдээлжээ.


Шейх Хасина 6-нд шилжих шөнө цэргийн тээврийн С-130 нисэх онгоцоор Шинэ Делигээс 40 км-т орших Хиндон баазаас Лондон руу ниснэ гэх мэдээлэл өмнө нь цацагдсан юм. Тэрбээр 5-ны шөнө Шинэ Делид иржээ.


Шейх Хасина тэр даруй Лондон руу нисэхээр төлөвлөж байсан боловч тодорхой нөхцөл шалтгааны улмаас нислэгээ хойшлуулжээ. Түүнтэй хамт яваа эгч Рехана нь хэдийнэ Их Британийн иргэн болсон бөгөөд үеэл болох Тюлип Сиддик нь 2015 оноос хойш Лейборист намаас парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа төдийгүй Ерөнхий сайд Кир Стармерын засгийн газарт Сангийн дэд сайдын албыг хашиж байгаа ажээ.


Шейх Хасина Энэтхэгийн цэргийн нисэх хүчний Хиндон буудалд буусан даруйдаа Энэтхэгийн Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довалтай уулзсан байна.


Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди хөрш улсад дэгдсэн эмх замбараагүй байдалтай холбогдуулан засгийн газрын аюулгүй байдлын хорооны яаралтай хуралдааныг зарлан хуралдуулжээ. Бангладешт болж буй эсэргүүцлийн ажиллагааны тухайд Энэтхэгийн ГХЯ “энэ бол тус улсын дотоод хэрэг” гэж мэдэгдсэн байна. 




Б.Адъяахүү