9 дүгээр сарын 13-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шинэ Дели хотод БРИКС-ийн орнуудын удирдагчдын XVIII уулзалтын хоёрдугаар шатны хуралдаанд оролцож, “БРИКС-ийн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлж, дэлхийн өмнөдийн хүчийг зузаатгая” сэдэвт илтгэл тавьжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй өөрчлөлт хурдацтай өрнөж, дэлхийн өмнөдийн орнууд нийтээрээ хүчирхэгжиж, дэлхийн олон туйлт тогтолцоог урагшлуулах гол хөдөлгөгч хүч болж байна. Үүний зэрэгцээ олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, өөрчлөлт ихтэй болж, янз бүрийн эрсдэл, сорилт ар араасаа гарч байна. Дэлхий ертөнцийг тогтворжуулж, сайн сайхан болгохын тулд БРИКС-ийн орнууд түүхэн санаачилгыг гартаа авч, дэлхийн өмнөдийн өргөн олон оронтой эв санаагаа нэгтгэн, олон улсын үйл хэрэгт идэвхтэй, тогтвортой, сайн сайхныг эрхэмлэсэн үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.
Ши Жиньпин онцлохдоо, дэлхийн өмнөдийн орнууд олон улсын эрх зүйт ёсыг хамтдаа хамгаалж, бүрэн эрхийн тэгш байдал, дотоод хэрэгт үл оролцох, маргааныг энхийн замаар шийдвэрлэх зэрэг олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, олон улсын хууль тогтоомж болон олон улсын дүрэм журмыг тэгш хэрэгжүүлж, давхар стандарт гаргахгүй байх ёстой. Олон талт үзлийн тугийг өндөрт өргөж, НҮБ-ын эрх мэдэл, үүргийг хамгаалан, олон талт байгууллагуудын шинэчлэлийг дэмжиж, дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг зөв чиглэлд хэвээр хадгалах, олон улсын санхүүгийн тогтолцоог шинэчилж, боловсронгуй болгон, хөгжиж буй орнуудын төлөөлөл болон дуу хоолойг нэмэгдүүлэх ёстой. Хүн төвтэй хөгжлийн үзэл санааг баримталж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ахиулах ёстой. Аюулгүй байдлын засаглалыг хамтран урагшлуулж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын заналхийллийг хамтдаа даван туулж, дэлхийн уур амьсгалын засаглалыг боловсронгуй болгохын зэрэгцээ өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, шинээр гарч буй технологиор нийтлэг хөгжил цэцэглэлтийн замыг гэрэлтүүлэх хэрэгтэй гэв.
Ши Жиньпин онцлохдоо, энэ жил Хятад улсын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний гарааны жил юм. “15 дугаар таван жилийн төлөвлөгөө” нь зөвхөн Хятадын өөрийн хөгжлийн зураглал төдийгүй дэлхий нийтэд чиглэсэн хамтын ажиллагааны жагсаалт юм. Хятад улс чанартай хөгжлийг тууштай ахиулж, гадаадад нээлттэй байх өндөр түвшнийг өргөжүүлж, даян дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэн, “Бүс ба зам”-ыг чанартай хамтран байгуулах ажлыг урагшлуулж, дэлхийн улс орнуудтай боломжоо хуваалцан, хөгжил цэцэглэлтийг хамтдаа цогцлоож, дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдэл, өөртөө түшиглэн хүчирхэгжих шинэ хуудсыг хамтдаа бичих болно гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто, Этиопын ерөнхий сайд Абий Ахмед, АНЭУ-ын Абу-Даби хотын угсаа залгамжлах ханхүү Халед бин Мохамед, Бразил болон Саудын Арабын гадаад хэргийн сайд, БРИКС-ийн түнш орнууд болон урилгаар оролцож буй орнуудын удирдагчид, төлөөлөгчид, мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд хуралдаанд оролцов. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хурлыг даргалав.
Г.Бямба
Даваа - 09 сарын 14,
2026
Сэтгэгдэл0