sonin.mn

МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 14 /RIA Novosti/. Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтын үеэр талууд дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг хөгжүүлэх, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг багасгах асуудлуудыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын шадар сайд Алексей Оверчук мэдэгджээ.А.Оверчук тэргүүтэй Оросын төлөөлөгчид Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн байна. “Монгол Улсад бид Орос, Монголын тээврийн уялдаа холбоог бэхжүүлэх, хоёр орны хүрээнд транзит тээврийн хүчин чадлыг бүрэн ашиглах, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг багасгах асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж А.Оверчук сэтгүүлчдэд хэлжээ.

Талууд мөн өнгөрсөн тавдугаар сард Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд тохиролцсон Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ болон Монгол Улсын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Тухайлбал, бизнесийн салбарыг дэмжих үйл ажиллагаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох журам, гаалийн хамтын ажиллагаа, цахим худалдааны асуудлыг хэлэлцэнэ.  

“ЕАЭЗХ-ны дамжин өнгөрөх тээврийн гаалийн тогтолцооны хүрээнд ачаа тээврийг саадгүй нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй хил дамнасан тээвэрлэлтийн ил тод байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарна” гэж А.Оверчук нэмж дурджээ. Түүний үзэж буйгаар, ийм тогтолцоог нэвтрүүлснээр бизнес эрхлэгчдийн ачаа тээвэрлэлтийн зардлыг бууруулж, ЕАЭЗХ-Монголын худалдаа төдийгүй гуравдагч орнуудтай хийх худалдааг хөгжүүлэхэд түлхэц болно. “Боловсролын салбарын хамтын ажиллагаа, мөн Евразийн аялал жуулчлалын орон зайг хөгжүүлэх асуудлаарх хамтын ажиллагааг мөн хэлэлцэнэ” гэж тэрбээр хэлжээ. ОХУ-ын шадар сайдын хэлснээр, Орос-Монголын хамтын ажиллагааны хэлэлцэх асуудлуудын хүрээ өргөжиж байна. Бүс нутаг хоорондын харилцаа, хил орчмын хамтын ажиллагаа нь хоёр орны яриа хэлэлцээ эрчимжиж буй салбаруудын нэг болжээ.


Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг