sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монгол Улсын 3х3 шигшээ баг, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Юна Алтан од” багийн ахлагч Б.Энхтуултай ярилцлаа. 

 

-Монголын сагсан бөмбөгийн дээд лиг шинэ дүрэмтэй шинэ улирлаа эхлүүлээд байна. Аваргын цомын төлөөх өрсөлдөөнд “Юна Алтан од” багийн давуу тал юу вэ?  


-Тамирчид дээд лигийн өрсөлдөөнтэй энэ уур амьсгалаа сэтгэл догдлон хүлээдэг. Энэ жил гурван легионер минутын хязгаарлалтгүй талбайд гарч байна. Бэлтгэл, ур чадвар хэн илүү байгаа нь талбайд гарах болохоор энэ дүрэм нь монгол тамирчдын дундах өрсөлдөөнийг улам нэмж байгаа болов уу.


Манай багийн хоёр легионер АНУ-аас ирсэн. Харин ази легионер маань Японы W лиг, Солонгосын WKBL-ийн Samsung Life Blueminx, Shinhan Bank S-Birds багуудад тоглосон туршлагатай япон тамирчин бий. Гурван легионертоо бол сэтгэл хангалуун байгаа. Мөн энэ жил манай баг шинэ дасгалжуулагчтай ажиллаж байна.


Дасгалжуулагч бүрийн арга барил харилцан адилгүй болохоор системээ багтаа суулгах нь чухал. Тиймээс Э.Дашням дасгалжуулагчтайгаа манай баг зуны турш системээ суулгахад ажилласан. Харин тоглолтын явцад довтолгооноос илүү хамгаалалтдаа анхаарч, сэлгээгээ сайн хийж байгаа. Тамирчид ядралт багатай хурдтай тоглох системийг баримталж байна даа. Манай багийн тамирчид жигд сайн болохоор энэ давуу талыг дасгалжуулагч маань тактиктаа их тусгаж байгаа.


-Дасгалжуулагчийн тактик талбайд хэдэн хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна вэ?


-Эхний тойрогт бол 50-60 хувьтай гэж бодож байна. Арын албанаас бидэнд бусад багуудын тамирчдын мэдээллийг өгдөг ч легионерууд нь ямар ур чадвартай вэ гэдгийг нэг талбайд тоглож үзээгүй болохоор мэдэхгүй. Тиймээс тактикаа 100 хувь хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ бид бүрэн гүйцэтгэлтэй тоглохыг хичээж байгаа. Энэ утгаараа нэгдүгээр тойрог бусад багуудтайгаа дараагийн удаа яаж тогловол манайд давуу талтай вэ гэдгээ бодитоор мэдрэх, тактикаа бүрэн хэрэгжүүлэх судалгааны үе болсон.


Өмнө жилийн тухайд манай баг эхний тойргоо амжилттай дуусгасан ч дараагийн тоглолтууд нэлээн замбараагүй, юу хийхээ мэддэггүй байсан юм шиг санагдаж байгаа. Харин энэ жил илүү систем сууж байгаа болохоор талбайд эмх цэгцтэй тоглохыг зорьж байна.


Мөн манай “Алтан од” баг 36 жилийн түүхтэй. 1990 онд анх үүсгэн байгуулагдахад дасгалжуулж байсан хүмүүсийн үр хүүхдүүд нь одоо манай багийн эзэд. Тиймээс энэ түүхийн үргэлжлэлийг хамтдаа бүтээж буйдаа их талархдаг. Бидэнд юу хэрэгтэй байна бүхнээр дэмждэг болохоор тэр бүх сэтгэлийг нь ялалтаар хариулахыг зорьдог.


-Өмнөх улиралд нэг багийн манлайлал илүү мэдрэгдээд эмэгтэй лиг уйтгартай болоод байна гэхчлэн үзэгчид цахим орчинд сэтгэгдэл үлдээж байсан. Энэ тухайд?


-“Улаанбаатар Амазонс” багийн амжилтын түүх, тамирчдын ур чадвартай маргах аргагүй. Олон жил үндсэн бүрэлдэхүүнээ хадгалаад түрүүн дурдсан багийн систем нь аль эрт суучихсан болохоор хүчирхэг хэвээр байна. Бид мөн хичээж байгаа. Тиймээс шууд аваргын төлөө ингэж өрсөлдөнө гэхээс илүү багийн системдээ анхаарч, нягт нямбай тоглож алхам алхмаар буюу тоглолт бүрдээ хариуцлагатай байхыг зорьж байгаа. Талбайд болон бэлтгэлээс бусад үеэр ч бие биеэ ойлгож хүндэлдэг, ойр дотно нөхөрлөдөг, хамтдаа хөгждөг хүмүүс сайн баг болж, багийн спортод амжилт гаргадаг юм болов уу гэж боддог. Үүнийг өмнөх үеийн эгч нараасаа л их харж суралцсан.


-Багийн ахлагчийн үүрэг хариуцлагыг хэр мэдэрч байна?


-Томоор эсвэл хүндээр хүлээж авахгүй байгаа. Баг дотор ямар үл ойлголцол байна түүнийг хөнгөн шийдэж чаддаг байх хэрэгтэй. Үе тэнгийн охид нэг баг болох гээд хичээж байгаа болохоор муудах сайдах зүйл байна. Гэхдээ тэр дунд багшид хэлэхгүйгээр шийдэх боломжтой зүйлс над дээр ирдэг. Түүнийг эвээр буюу харилцаанаас харилцаа гэх зарчмаар хандахыг хичээдэг. Эхний үг зөв, зөөлөн байвал хүлээж авч байгаа хүн нь ч зөв үг, зөөлөн хандлагаар хариу барина гэдэгт итгэдэг.


-Таны тоглолтод хөгжөөн дэмжигч хэр нөлөөлдөг вэ?


-Заалны уур амьсгал тоглолтын хэмнэлд үнэхээр их нөлөөлдөг. Биднийг дэмжих гээд цаг заваа зориулж ирээд халуун алга ташилт, уухайгаар урам хайрлаж байгаа хүмүүсийг харахаар улам эрч хүч, энергитэй болдог. Тиймээс зааланд болон телевизээр үзээд дэмжиж байгаа хүмүүст гоё сагсан бөмбөг үзүүлж, хожлоор бэлэг барихыг хичээдэг. 


Сагсан бөмбөгтэй амьдралаа холбосноор олон хүнтэй харилцаж, тэр дунд өөрийнхөө мөн чанар, хүмүүжлээ гээхгүйгээр сайн мууг ялгаж сурсан. Улааныг харж урваж, шарыг харж шарвахгүйгээр зоримог, хийнэ гэсэн зүйлээ цаг тухайд нь хийх дадлаас эхлээд сагсан бөмбөгийн спорт их зүйл өгдөг.


Би нэг бэлтгэлээс хоцроход багийнхан, дасгалжуулагч, арын албаныхан гээд олон намайг хүлээж байдаг. Мөн энэ спортоос төлөвшлөө олж авч буй дүү нартаа буруу үлгэрлэл үзүүлж болохгүй гэх зарчмаас бүх зүйл эхэлдэг.


-Мэргэжлийн сагсан бөмбөгийн замнал нь хэрхэн эхэлж байв?


-Бага ангидаа волейбол тоглодог байж байгаад сургуулийн сагсны аварга шалгаруулах тэмцээнд орсон юм. Тэр үед миний өгсөн дамжуулалтаар багийн найз маань оноо авч байгаа нь надад их таалагдсан. Түүнийг багш нар маань олзуурхаж магтаж байгаа мэдрэмж нь сэтгэлд үлдсэн. Ингээд сургууль, дүүргийн шигшээд тоглож, тэмцээнүүдээс медаль авч, түүнээсээ урамшиж сагсанд улам татагдсан. Харин МУИС-д элсээд шигшээд нь шалгуулж, З.Цолмон, Р.Гантулга багш нарынхаа шавь болсноор мэргэжлийн сагсан бөмбөгийг ойлгож, дараа үеийн дүү нартаа ямар үлгэр дуурайлалтай байх ёстой вэ гэдгээс бүх зүйл эхэлсэн. Мэдээж хүн бүрийн амьдрал, сонголтод бэрхшээл тулгарна. Харин түүнд бүдрэлгүй цааш даваад гарч байгаа нь намайг илүү мэргэжлийн тамирчин болгож байгаа юм шиг санагддаг. 


-Олимпын оноо цуглуулах шаардлагатай энэ үед 3х3-аа хэрхэн хослуулж байна?


-2022 онд 3х3 шигшээ багт С.Тулга багш маань дуудаж, U23 насны насны дэлхийн аварга, Women's Series зэрэг тэмцээнүүдэд оролцох болсон. Энэ үед оюутны дэлхийн аваргаас олон улсын анхны медалиа хүртэж байсан. Өнгөрсөн жилээс манай “Юна Алтан од” баг Монгол 3х3 сагсан бөмбөгийн нэг баг болж Women's Series-ийн тэмцээнүүдэд оролцох болсон.


2028 оны олимпын циклийн сүүлийн хоёр жил оноо цуглуулах ёстой тул Монголоос 20 эмэгтэй тамирчин бүр оноо цуглуулж байгаа. Энэ зарчмаар Монголын эмэгтэй 3х3-ын гурван баг зэрэг оноо цуглуулж байна. Энэ нь Монгол Улсын чансаанд нөлөөлөх тул аль болох олон тэмцээнд амжилттай оролцохыг зорьж байна. 


Үүнээс өмнө дөрвөн жилийн хугацаанд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тогложээ. 3х3-ын тоглолтууд зун, 5х5-ын тоглолтууд өвөл болдог болохоор бэлтгэл давхцахгүй ч хэмнэлдээ шилжихийн тулд тодорхой хугацаа зарцуулдаг. Түүнчлэн өнгөрсөн жилээс манайд 3х3-ын дээд лиг зохион байгуулагддаг болсон. Энэ нь бидэнд формоо хадгалах, олон улсаас туршлага солилцох боломж хэмээн талархаж байгаа.


-Ид үедээ яваа тамирчны хувьд Монголын сагсан бөмбөгт юу үлдээхийг хүсдэг вэ?


-Би өөрийгөө одоогийн байдлаар шидэлт давамгайлсан тоглогч гэж боддог. Тиймээс дүү нартаа гоё шидэлт, гоё тоглолт үзүүлэхийг хүсдэг. Магадгүй миний карьер өндөрлөсөн ч дүү нартаа “Тэр эгч шиг гоё сагсан бөмбөг тоглодог болно шүү” гэж зөв үлгэр дуурайлал үзүүлж, энэ спортын сайхныг мэдрүүлэхийг эрмэлздэг. Мэдээж үүнээс өмнө дээд лигтээ аварга авч, гадагшаа легионероор тоглох, энэ багтайгаа урт хугацааны тууштай амжилт дотооддоо болон олон улсад үзүүлэхийг хүсэж байна.



Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин