sonin.mn

Монгол Улсаа төлөөлөн Жаргалан сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч М.Цэцэйхэн "Malaysia Techlympics:ASC-2026" шинжлэх ухаан, технологийн олон улсын олимпиадын “Global final” шатанд хоёр төрөлд өрсөлдөж, хоёуланд нь алтан медаль хүртжээ. Түүнчлэн нийлбэр дүнгээрээ хамгийн өндөр оноо авч "Junior World Champion" буюу Өсвөрийн үнэмлэхүй аварга болсон байна."ASC Global final" шатанд оролцогчид багадаа хоёр төрөлд өрсөлдөх дүрэмтэй бөгөөд алт, мөнгө, хүрэл медалийг нийлбэр дүнгээр, анги хамаарахгүйгээр хүртээсэн аж.


Есөн настай М.Цэцэйхэн охин Малайзын Шинжлэх ухаан, технологи, инновацын сайд Чан Ли Кан болон тус яамны Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй албаны хүмүүсээс шагналаа гардсан байна.


Малайзын Куала Лумпурт болсон "Malaysia Techlympics-2026" олон улсын олимпиадад 3000 гаруй сурагч 9 үндсэн төрлөөр авьяас, ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлджээ. Олон улсын хэмжээний "World Techlympics" ангилалд Монгол, Хятад, Индонез, Вьетнам, Камбож, Орос, Япон, Филиппин, Хонконг, Узбекистан, Туркменистан, Непал тэргүүтэй орны сурагчид баг болон ганцаарчилсан төрөлд нийт 182 модулийн хүрээнд Хиймэл оюун ба робот техник, Дрон ба сансар судлал, Шинжлэх ухаан ба инженерчлэл, Олимпиад (4 төрөл), Тусгай хэрэгцээт сурагчдад зориулсан робот бүтээх болон InnovaTech зэрэг ангилалд ур чадвараа сорьжээ. Тэмцээн Grand&Global Finals болон Үндэсний шинжлэх ухааны долоо хоногийн хүрээнд явагдсан учраас энэ жил өргөн хүрээнд зохион байгуулагдаж Малайзаас гэхэд 3.1 сая хүүхэд оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна.



Х.ХАТАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин