sonin.mn

Цөмийн хөдөлгүүр бүхий 50 худалдааны хөлөг онгоцноос бүрдсэн флот байгуулах боломжийг АНУ-ын Далайн захиргаа /MARAD/ судалж байна. Эхний дөрвөн хөлөг онгоцыг 2028 онд үйлдвэрлэж эхлэх бололтой. Энэхүү төслийн зорилго нь арилжааны хөлөг онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Хятад улстай өрсөлдөж, тус салбар дахь АНУ-ын байр суурийг бэхжүүлэхэд оршино. Нөгөөтэйгүүр, Орос улс атомын хөлөг онгоц үйлдвэрлэлээр, ялангуяа мөс зүсэгч хөлөг онгоцны үйлдвэрлэлээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа билээ.


Хятад улс жил бүр их даацын чингэлэг тээвэрлэгч, чингэлэг тээвэрлэгч болон шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлөг онгоцнуудын талаас илүү хувийг үйлдвэрлэдгээс гадна худалдааны хөлөг онгоцуудад цөмийн хөдөлгүүр суурилуулах боломжийг судалж байгаа ажээ.


Ийм хөдөлгүүртэй хөлөг онгоцууд нь түлш цэнэглэхийн тулд байнга зогсох шаардлагагүй, алсын зайд тээвэрлэлт хийхээс гадна нэг рейсээр илүү их ачааг тээвэрлэх боломжтой.  АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи нийгмийн сүлжээнд бичихдээ, цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцууд нь ердийн хөлөг онгоцтой харьцуулахад 75 хүртэлх хувиар илүү хурдлахаас гадна агаар мандалд нүүрсхүчлийн хий цацахгүй. Өнгөрсөн долоо хоногт MARAD далайн захиргаа хөлөг онгоц үйлдвэрлэх асуудлаар Их Британийн Core Power компанитай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд 2028 онд эхний хөлөг онгоцыг үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна. Өөр нэгэн хувилбар бол хөлөг онгоцны эх биеийг Япон эсвэл Өмнөд Солонгост угсраад дараа нь Америкийн хөлөг онгоцны үйлдвэрт авчран цөмийн хөдөлгүүр суурилуулах явдал юм.


Ийм хөлөг онгоцыг үйлдвэрлэхэд тулгарч буй гол бэрхшээл бол түүний анхдагч өртөг нь өндөр байгаа явдал ажээ. Зарим үнэлгээгээр, ийм төрлийн нэг хөлөг онгоцны үнэ 700 сая доллароос давахаар байгаа нь ердийн хөдөлгүүртэй хөлөг онгоцныхоос бараг 3 дахин өндөр үнэтэй гэсэн үг юм.


Харин төслийг дэмжигчдийн үзэж байгаагаар, хөлөг онгоцны ердийн түлшинд зарцуулдаг мөнгө хэмнэгдэх, тээвэрлэлтийг илүү богино хугацаанд хийх, ашиглалтын хугацаа уртсах гэх мэт давуу талууд бий ажээ. Түүнээс гадна, ижил хэмжээний ачаа тээвэрлэх ердийн хөдөлгүүртэй хөлөг онгоцны овор хэмжээ нь цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоцныхоос 66 хувиар илүү гэнэ. Энэ нь цөмийн хөдөлгүүрийн өндөр өртгийг нөхөхөд тус дөхөм болно. 



Б.Адъяахүү