ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 29-нд Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй ч ийм нөхцөл байдалд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр хоёр талын хооронд дайн дэгдвэл ялагч байхгүй гэж анхааруулжээ.
Путин Орос–Африкийн гуравдугаар дээд хэмжээний уулзалт болон түүний хүрээнд болсон Эдийн засаг, хүмүүнлэгийн форумын дараах хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар ярьсан байна. Тэрбээр “Орос улс 2030 он гэхэд Европтой үүсэж болзошгүй мөргөлдөөнд бэлтгэх шаардлагатай юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа дээрх байр суурийг илэрхийлжээ.
Түүний хэлснээр, Европын Холбооны удирдагчид Орос улсад “стратегийн ялагдал” хүлээлгэх зорилгодоо өнөөг хүртэл хүрээгүй бөгөөд 2030 он гэхэд ч ийм үр дүнд хүрэх магадлал бага аж. Тэрбээр “Хэрэв нөхцөл байдал хэт хурцадвал ялагч гэж огт байхгүй” хэмээн нэмж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Европт Оросыг стратегийн хувьд ялагдуулах бус, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэхийг эрмэлздэг хүмүүс байгааг Путин дурджээ. Тэрбээр Европын Холбоотой болон Европын улс орнуудтай хоёр талын харилцааны хүрээнд иж бүрэн харилцаагаа сэргээхэд чиглэсэн аливаа санаачилгыг Орос улс дэмжинэ гэв.
Мөн Балтын бүс нутагт Персийн булан, Ормузын хоолой орчмынхтой адил тогтворгүй байдал үүсэхийг Орос улс хүсэхгүй ч аливаа сорилтод хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг мэдэгдлээ.
Путин дэлхийн хоёр дайны сургамжийг санах ёстойг онцлоод, дэлхий нийтийг хамарсан ийм гамшгийг дахин давтагдуулахгүйн төлөө Орос улс боломжтой бүхнээ хийж байна гэж мэдэгджээ.
Г.Бямба
Баасан - 10 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
Яг өөрөө цуст дайн өдөөчихөөд, ахан дүүсээ алан хядаад байгаа гаа зөвтгөөд л бгаа чекист-фаши ст даа !