sonin.mn

ПАРИС, 2026 оны аравдугаар сарын 28 /Kazinform/. Францын Засгийн газар сурагч, оюутнуудын өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалын хариуд боловсролын салбарт шинэчлэл хийхээ мэдэгдэв. Гэвч залуучуудын байгууллагуудын төлөөлөгчид санал болгосон арга хэмжээнүүдийг хангалтгүй гэж үзэж, 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 5-нд дахин жагсаал зохион байгуулахыг уриалжээ. 


Аравдугаар сарын 26-ны даваа гарагт ахлах ангийн сурагчид болон оюутны байгууллагуудын төлөөлөгчид Францын Ерөнхий сайд Себастьен Лекорнютай уулзаж, нөхцөл байдлыг зохицуулах Засгийн газрын саналыг сонссон байна.


Засгийн газрын гол буултуудын нэг нь их, дээд сургуульд элсэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулахад ашигладаг “Parcoursup” цахим платформыг үе шаттайгаар халж, өөр системээр солих шийдвэр байв. Ахлах ангийн сурагчид уг системийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга бус байна хэмээн удаа дараа шүүмжилж иржээ. Эрх баригчид 2027 онд уг платформын үйл ажиллагааны механизмыг шинэчлэн, ил тод байдлыг нь сайжруулж, 2028 он гэхэд одоогийн системийг бүрэн солихоор төлөвлөж байна.


Түүнчлэн Засгийн газар их, дээд сургуулиуд элсэлтийн квотыг 15 мянгаар нэмэгдүүлэхээ амлажээ. Мөн ахлах сургуулийн зарим ангид сурагчдын тоог 28-аар хязгаарлахаар төлөвлөж байна. Мөн хуучирч муудсан сургуулийн барилгуудыг засварлахад бага хүүтэй зээл хэлбэрээр дөрвөн тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болжээ.


Францын Боловсролын сайд Эдуар Жеффре дээрх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг батлан мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч залуучуудын байгууллагуудын төлөөлөгчид бүх шаардлагаа биелүүлэх хүртэл эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, ахлах ангийн сурагчдын “Les Lycéens” холбооны дэд ерөнхийлөгч Луи Летублон Засгийн газраас санал болгосон арга хэмжээ нь эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын хөндсөн бүх асуудлыг шийдвэрлэхгүй байгааг онцолсон байна. Францад сурагчид анги дүүргэлт их, багшийн хүрэлцээ муу, сургуулийн барилга байгууламжийн нөхцөл хангалтгүй байгаад бухимдан есдүгээр сараас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ.


Улмаар амьжиргааны өртөг болон шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүд болон бусад олон нийтийн байгууллагууд жагсаалд нэгдсэн байна.


Аравдугаар сарын 17-нд Парис болон бусад хотод болсон өргөн хүрээтэй жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөх, гал тавих, дэлгүүрүүдийг дээрэмдэх хэрэг гарчээ. Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр, аравдугаар сарын 24-нд улс даяар болсон жагсаалын үеэр 1435 хүнийг саатуулсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон үймээн самуун дахин дэгдэх магадлалтайг анхааруулж, аюулгүй байдлыг чангатгасан арга хэмжээг одоогоор хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгджээ.


Эсэргүүцлийн жагсаалын улмаас Францын бизнесийн салбарын алдагдал нэмэгдсээр байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын “CCI France” сүлжээний тэргүүн Ален Ди Крешенцогийн мэдээлснээр, аравдугаар сарын 17-ны үймээний дараа олон дэлгүүр хаалгаа барьсан нь борлуулалт буурахад хүргэжээ.


Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, төсвийн зардал танагдаж байгааг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал аравдугаар 17-нд болсон тухай мэдээлж байсан юм. Дотоод хэргийн яамны тооцоогоор, улс даяар нийт 550 мянга орчим хүн жагсаалд оролцсоны 110 мянга орчим нь Парис хотод жагсжээ. Жагсагчид иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахыг шаардсан байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг